Categories
гадаад мэдээ

Либертари Хавьер Милей ерөнхийлөгчийн тангараг өргөв DNN.mn

Аргентины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Буэнос-Айрес дахь Конгрессын байранд болж, либертари үзэлтэн Хавьер Майли “Би ерөнхийлөгчийн албыг үнэнч шударга, эх оронч сэтгэлээр гүйцэтгэж, Аргентины Үндсэн хуулийг үнэнч шударгаар даган мөрдөж, хэрэгжүүлэхээ тангараглаж байна” гэж төрийн тэргүүний тангараг өргөлөө. Тангараг өргөсний дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй төрийн тэргүүн Альберто Фернандес Майлид ерөнхийлөгчийн тууз, бороохойг гардуулав. Мөн дэд ерөнхийлөгч Виктория Вильяруэль тангараг өргөсөн байна.

Майли Конгрессын индэр дээрээс ерөнхийлөгчийн хувиар хэлсэн анхны үгэндээ тус улсад “шинэ эрин”-ийг амласан ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг анхааруулав. “Ямар ч засгийн газар биднээс илүү ийм муу өв хүлээн авч байгаагүй” гэж тэр хэлээд бид хэмнэлтийн арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж нэмж хэлжээ. “Зардлыг танахаас өөр арга байхгүй, цочир арга хэмжээ авахаас өөр арга байхгүй” гэж шинэ ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Майли “Цаг хугацаа өнгөрөхөд хүн ам авсан арга хэмжээний үр дүнг харах болно, гэхдээ үүнээс өмнө нөхцөл байдал улам дордох болно” гэжээ.

Майлигийн тангараг өргөх ёслолд ирсэн гадаадын зочдын дунд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский байсан бөгөөд Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш түүний Латин Америкт хийсэн анхны айлчлал нь энэ болж байна. Майли өмнө нь Украиныг дэмжиж, Оросын түрэмгийллийг буруушааж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм.

Зеленский Майлид Аргентины ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсонд баяр хүргэв. Мөн Зеленский “Энэ бол Аргентины хувьд шинэ эхлэл бөгөөд ерөнхийлөгч Майли болон Аргентины бүх ард түмэн өөрсдийн амжилтаараа дэлхийг гайхшруулахыг би хүсэн ерөөж байна. Украин, Аргентины хоёр талын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж “X” олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Майлигийн тангараг өргөх ёслолын үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай ярилцаж буй нь шууд нэвтрүүлгийн үеэр олон нийтэд харагджээ. Харин Зеленский, Орбан нар юу гэж ярилцсан талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Владимир Зеленский Аргентины шинэ удирдагч Хавьер Майлигийн тангараг өргөх ёслолд оролцсоныхоо дараа АНУ-д ажлын айлчлал хийж, ерөнхийлөгч Жо Байдентай уулзана гэж Украины ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *