Categories
мэдээ цаг-үе

Л.Цэрэндолгор: Амьдралын зөв хэвшил л сэтгэл гутралаас авардаг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.


-2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутралаас болж амиа хорлосон, үүнд цахим орчин нөлөөлсөн гэсэн судалгаа гарчээ?

-Хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын хувьд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Сэтгэл гутралын хариу урвал уу, сэтгэл гутрах эмгэг байна уу гэдэг шалгуурууд нь янз янз л даа. Таны дурдсан тоо баримтын хувьд цахимаас болоод сэтгэл гутралд ороод, түүнээс үүдээд амиа хорлох үйлдэл хийсэн гэдгийг би баттай мэдэхгүй. Яагаад вэ гэвэл тэр хүмүүс ямар учраас тийм үйлдэл хийснийг мэдэхгүй. Манайд хандаж ирж байгаа өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэл гутралд орсон шалтгаан нь янз бүр байдаг. Цахим нөлөөлөл гэдэг дотор авч үзвэл өсвөр насныхныг хамгийн их сэтгэл гутралд оруулах, хямраах нөлөөлөл нь цахим гадуурхал байдаг. Нэг нь нөгөөгөө сэтгэгдэл бичиж гутаан доромжилдог. Эсвэл худал цуурхал тарааж, тэрийг нь шейрлэж, постлоод нэгнийхээ нэр хүндэд халддаг. Иймэрхүү байдал нь тухайн хохирогч болсон хүүхдүүдийн хувьд маш их сэтгэл санааны хүнд дарамтад оруулдаг. Энэ дарамтаасаа гарч чадахгүй болохоороо тухайн хүүхэд хямралд орно. Хямрал нь даамжирсаар байгаад сэтгэл гутралд ордог.

-Ямар шинж илэрч байвал сэтгэл гутралд орж байна гэж үзэх вэ?

-Хоолонд дургүй болох, хичээл номондоо явах сонирхолгүй болох, нийгмийн үйл ажиллагаанд оролцохгүй болох, бусад хүмүүстэй харилцах сонирхолгүй болох, идэвх сонирхол нь тэр чигээрээ уналтад ордог. Өөртөө үйлчлэх, гэр орныхоо хүрээнд болон сургууль нийгмийн орчинд тодорхой үүрэг гүйцэтгэн сурч боловсрох, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох тэр бүх идэвх сонирхол нь уналтад ордог гэсэн үг. Ийм шинж тэмдэг илэрсэн хүүхэд нийгмийн харилцаанд орохгүй, өрөөндөө ганцаараа байхыг илүүтэй үздэг. Ихэнх цагийг ганцаараа өнгөрөөнө. Найз нөхөд, үе тэнгийнхнээсээ харилцаагаа багасгасаар байгаад зожигроно, ямар ч идэвхгүй болно. Цаашлаад бүр хичээл сургуульд явах сонирхолгүй болдог. Эдгээр шинжүүд бие махбодын зовиурын шинжүүдтэй хавсарч гарч ирдэг. Хоолны дуршилгүй болно. Толгой нь байнга өвдөнө. Нойрны хямрал хавсарна. Хүүхэд нойргүй болж, унтахаа болино. Унтах гэхээр л сэтгэл санаа нь хямраад байдаг. Эсвэл унтахын өмнө янз бүрийн муу юм бодогдож эхэлнэ. Өөрийнхөө тухай бодно, өөрийгөө бусдаас доогуур юм байна, би бусдад хэрэггүй юм байна, энэ дэлхий дээр амьдрах хэрэг байна уу, үгүй юу гэж бодолд автаад эхлэхээрээ хүүхэд бүр ч их гутралд орж эхэлнэ. Дээрх шинж тэмдгүүд нэг сарын хугацаатай тогтмол үргэлжлээд эхэлбэл сэтгэл гутрах эмгэг гэж авч үздэг. Үүнээс наана бол сэтгэл гутрах хариу урвал байдаг. Энэ үед нь хүүхдэд тодорхой тусламж үзүүлээд явбал тэр байдлаас гарах бүрэн боломжтой. Гутралд ороод эхэлбэл энэ үед нь заавал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандаж эмийн эмчилгээтэй хавсрахгүй бол хэцүү болж байна аа гэж ойлгож болно.

-Таны дурдсан шинж тэмдгүүд хүүхдэд нь илэрчихсэн байвал ямар арга хэмжээ авах вэ?

-Эдгээр шинж тэмдэг илрээд хугацаа нь сунжирсан байдалтай байгаа нь ажиглагдсан л бол та сэтгэцийн эмчид яаралтай хандах ёстой. Яагаад вэ гэвэл хүүхдүүд гутраад байгаа шалтгаанаа эцэг эхдээ хэлдэггүй. Ерөөсөө эцэг, эх, найз нөхдөдөө хэлдэггүй. Яагаад вэ гэвэл гутралд орчихсон учраас. Миний асуудал бусдад хамаагүй, би өөрөө л ингэж зовж явж байгаад дуусъя гэсэн бодолд автчихсан байдаг болохоор хэнд ч хэлдэггүй. Ингэж удаан явбал муу бодолдоо гүнзгий автана. Магадгүй тэр амиа хорлосон гэх хүүхдүүдийн тоог нэмэх ч юм уу. Ийм байдлыг үүсгэхэд эрсдэл их өндөр болж байна гэсэн үг. ДЭМБ-аас олон тоо баримт гарч байдаг. Эдгээр тоо баримтаас харахад өсвөр үе, залуу үе буюу 15-29 насныхны дунд сэтгэл гутрах эмгэгээр өвдөх болон түүнээс улбаалаад амиа хорлох эрсдэл маш өндөр гардаг. Нас баралтын шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт ордог. Амиа хорлолтын гол шалтгаан нь сэтгэл гутрал байдаг. Юунаас болж гутраад байна. Маш олон шалтгаан байгаа. Бүтэлгүй хайр дурлал байж болно, эцэг эхийн анхаарал, хайр халамж удаан хугацаанд дутагдсанаас байж болно, өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чадахгүй байгаа байдлаас байж болно. Цахим гадуурхал, эсвэл сургуулийн орчны гадуурхал байж болно, хүчирхийллийн маш олон төрлийн хэлбэрүүд бас байгаа. Энэ бүх нөлөөллүүд тухайн хүүхдэд удаан хугацаанд даамжирч нөлөөлөөд тэр шаналал зовлонгоосоо хүүхдүүд ямар нэгэн аргаар гарах ёстой ч гарах арга зам нь байхгүй, мухардалд ороод эхлэхэд л “За ингээд бүх юм дууслаа даа” гэсэн бодол орж ирдэг. Ингээд л эцсийн дүнд нөгөө сонголтод орчих гээд байдаг. Тэгэхээр дээрх гол шинж тэмдгүүд илэрч л байгаа бол “Манай хүүхэд арай тэгэхгүй байлгүй дээ” гэж бодох хэрэггүй. Тухайн хүүхэд дотроо юу бодож байгааг бид хөндлөнгөөс хараад мэдэх боломжгүй учраас заавал мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах нь хамгийн зөв шийдэл.

-“Нэгэнт үхэхээс хойш”, “Намайг үхсэний дараа”, “Удахгүй үхнэ”, “Үхэхийн хооронд” гэж байнга шахуу ярьдаг, үхэхээрээ айлгадаг хүмүүс бий. Энэ нь бас сэтгэл гутралын нэг шинж биз?

-Зарим хүмүүс сул үг маягаар ашиглаад байдаг л даа. Тэрэндээ эмзэглэдэггүй. Бусад хүн тэр үгэнд нь эмзэглэнэ гэж ойлгодоггүй. Сэтгэл гутралын шинж тэмдгүүд эдгээр үгтэй хавсарч, хамт илрээд байвал энэ аюулын харанга дэлдэж байна шүү гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа хүүхэд нэг, хоёр удаа амьдрал утгагүй байгаа ч юм уу, амьдралд би үнэ цэнэгүй хүн юм байна, хэнд ч би хэрэггүй юм байна гэсэн утга санаатай үгийг хэн нэгэнд хэлсэн байдаг. Тэрийг нь хамгийн гол нь ойр дотны хүмүүс нь анзаараагүй өнгөрчихсөн байх тохиолдол их. Тэр дундаа найз нөхдөдөө их хэлдэг. Тэгээд ээж, аавдаа хэлэх гэж оролддог. Тэгтэл тэрийг нь анзааралгүй орхивол “Би бүр ч хэрэггүй юм байна. Хэлээд хэрэггүй юм байна. Огт авч хэлэлцэхгүй юм байна” гээд л тас нуугаад эхэлдэг.

-Сэтгэл гутралын шинж эмэгтэй, эрэгтэй хүн дээр өөр өөрөөр илрэх үү?

-Шинж тэмдгүүдийн хувьд хүйсийн нэг их ялгаа байхгүй. Охид, хөвгүүд гэлтгүй адилхан илэрнэ. Гэхдээ сэтгэл гутралаасаа үүдээд оролдлого хийж байна уу, хорт зуршилд автаад байна уу гээд хүйс дээр илрэх тохиолдол бий л дээ. Хөвгүүдийн хувьд хорт зуршилд илүү автах хандлагатай байдаг. Сэтгэлээ тайвшруулж, өөд нь татахын тулд янз бүрийн юм хэрэглэдэг бол охидын хувьд тэр тал дээрээ арай бага. Гэхдээ сэтгэл гутрал гэдэг бол хүйс, нас харгалзахгүй хэнд ч бий болж болно. Хамгийн гол нь зохистой аргаар цаг хугацаанд нь тэр асуудлыг нь шийдээгүйгээс даамжирсаар байгаад эмгэг болчихвол их хэцүү болж байна гэж үзнэ.

-Их, сургуулийн ширээнээс ажлын талбарт гарсан залуус ажлаа ойлгох гэж зүдэрч байхад дээрээс нь нэмж дарамт, шахалт өгдөг болохоор ажлаасаа гарах тухай ярьдаг. Мөн тухайн ажлын байрандаа олон жил ажилласан хүмүүс гэнэт ажлын идэвхигүй болж ажлаасаа гарах тухай боддог. Энэ хүмүүсийн сэтгэл гутарч байна гэж үзэж болох уу?

-Хүн аливаа юманд дасан зохицоход тодорхой хугацаа байдаг. 5-6 сарын дотор хүн аливаа орчинд дасан зохицчихдог. Тэрнээс удаан хугацаагаар дасан зохицож чадахгүй хямралд ороод байвал “Энэ хүнд асуудал үүсээд байна шүү. Шийдвэрлэх ёстой асуудал байна” гэж үздэг. Ер нь эрүүл сэтгэцтэй буюу эрүүл зан төлвөөр төлөвшөөд амьдраад ирчихсэн хүн зургаан сарын дотор аливаа ямар нэгэн орчинд заавал дасан зохицох чадвартай байдаг. Чадахгүй байна гэдэг суурь асуудал байж болно. Бие хүний онцлог байж болно. Эсвэл өссөн, төрсөн гэр бүлийн нөлөө байж болно. Эцэг, эх, асран хамгаалагчийн тухайн хүнийг хүмүүжүүлсэн арга барилын онцлог байж болно. Олон зүйл нөлөөлнө. Шинэ ажилд орсон ихэнх хүн зургаан сарын дотор тухайн ажлын байрандаа дасан зохицчихдог. Усыг нь уувал ёсыг нь дагадаг. Хэрвээ тэгж чадахгүй хүн байвал түүнд хөндлөнгийн хэн нэгний туслалцаа хэрэг болжээ гэсэн үг. Тодорхой үе шаттайгаар хүмүүс ажлаас залхах гэж байдаг. Энэ нь ажлаас халшрах хам шинж. Өдөр тутамдаа нэгэн хэвийн үргэлжлээд байвал тухайн ажил нь сэтгэлзүйн хувьд уйтгартай мэдрэмж төрүүлж эхэлдэг. Хүн өөрөө их сониуч. Тиймээс давалгаалсан, өөрчлөгдөж байдаг, бага зэргийн өөрчлөлт, сонирхолтой зүйлийг хүсч байдаг. Гэтэл тэр нь байхгүй, нэг л хэвийн үргэлжлээд байвал уйдаж эхэлдэг. Ганцхан уйдахаас болж ажлаас халшрах хам шинж үүсдэггүй. Өөрийнх нь хийсэн бүтээсэн зүйлийг удирдлагын түвшинд болон бусад хүмүүсийн түвшинд хэр зөв үнэлж чадаж байна вэ, тухайн үнэлгээнд өөрийнх нь хийсэн зүйл хэр нийцэж байна вэ гэдгээс маш их хамаардаг. Өөрийнх нь ажил хөдөлмөр нь зөв үнэлэгдэж, зөв урамшуулал, сайшаал авч чадаж байна уу, үгүй юу. Ачааллын байдал бас их нөлөөлдөг. Хэт их ачааллыг ганцаараа нуруундаа үүрээд байвал хэдий өндөр цалинтай, ажилдаа дуртай байлаа ч ажлаас халшрах хам шинж үүсдэг. Хүн тодорхой хэдэн жилийн дараа буюу 5-10 жилийн дараа ч юм уу ажлаа сольж үзэх, тэгэхдээ ажлаа бүр хаяад явах биш тодорхой өөрчлөлт, шинэчлэлтийг хийж байх ёстой. Update хийж байх ёстой.

-Сэтгэл гутралд орохгүй, өртөхгүйн тулд яаж сэргийлэх вэ. Амьдралдаа ямар дадлыг суулгах ёстой вэ?

-Сэтгэцийн эмгэг, сэтгэлийн ямар нэг таагүй мэдрэмжийг даван туулах чадварыг сайжруулж байж сэтгэцийн эмгэгээс сэргийлнэ. Тэгэхээр энэ даван туулах чадварыг сайжруулахад юу юу нөлөөлдөг вэ гэхээр, амьдралын зөв хэвшил л нөлөөлж байна. Тэр л аварч чаддаг. Амьдралын зөв хэвшил гэдэг бол ажлаа зөв зохицуулахаас эхэлнэ. Шөнийн нойроо бүтэн авахаас эхэлнэ. Өөрийн хэрэгцээ, жин, өндөртөө тохирсон хоол хүнсээ хэрэглэхээс эхэлнэ, чөлөөт цагаа хэр зөв боловсон өнгөрөөж чадаж байна вэ, өөрийгөө стрессээс хамгаалахын тулд ямар ямар арга хэмжээ авч чадаж байна вэ. Дуулж, бүжиглэж байна уу, спортоор хичээллэж байна уу. Ядаж явган аяллаар явж байна уу, амралтын хоёр хоногоо хэр үр дүнтэй өнгөрөөж чадаж байна вэ. Жил болгон ээлжийнхээ амралтыг авч чадаж байна уу, үгүй юу. Энэ олон зүйлс нөлөөлнө. Тэгж байж хүн сэтгэцийн хувьд тодорхой хэмжээний дархлаатай болдог. Дархлаа сайн суучихсан байвал ямар ч эрсдэлийг даван туулах чадвартай болно. Хэрвээ ийм чадвартай байвал зургаахан сарын дотор дасан зохицоод даваад ард нь гарчихна. Тэгэхээр хамгийн гол нь амьдралын зөв хэв маяг.

Үр хүүхдүүдийнхээ амьдралын зөв хэв маягийг эцэг эх өөрсдөө төлөвшүүлж өгөх ёстой. Тэгж байж бид хүүхдийнхээ сэтгэцийн байдлыг хамгаалж чадна. Хүүхэд 18 нас хүртлээ эцэг эхийн хараанд хайр халамж дунд нь тодорхой хэмжээний зааварчилгаа, зөвлөгөө авч байж бие хүн болж төлөвших учраас энд эцэг эхийн нөлөө маш чухал. Тэгэхгүйгээр зөнд нь хаяад өөрөө болчихно, биеэ даагаад явчихна гэж орхиж болохгүй.

-Сэтгэцийн асуудал өсвөр насныхан гэлтгүй нярайд хүртэл илэрдэг гэх юм. Уг нь хамгийн ариун нандин, цагаан цаас шиг биз дээ, тэд чинь. Гэтэл эхээс төрөхдөө л дээр нь сарааччихсан цаас шиг гарч ирж байна?

-Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлээд л сэтгэцийн хөгжил явагдаж байдаг. Эхийн хэвлийд байхад нь эх нь хэр стресстэй байсан бэ, эсвэл ямар ч асуудалгүй, аз жаргалтай байж байгаад хүүхдээ төрүүлсэн үү, асуудал ихтэй, өндөр стресстэй байж байгаад хүүхдээ төрүүлсэн үү гэдгээсээ хамаараад хүүхдийн сэтгэцийн хөгжил өөр гарч эхэлдэг. Тухайн хүүхэд төрсөн цагаасаа эхлээд ямар орчинд өсч байна вэ гэдэг нь чухал байдаг. Ээж нь хүүхдээ ядаж л ой зургаан сар хүртэл нь хөхөөрөө хооллоод энгэртээ тэврээд хажуунаас нь холдохгүй асарч хамгаалж чадсан уу гэдэг нь сэтгэцийн дархлаа бүрэлдэн тогтох, зөв төлөвшин тогтоход нөлөөлж байдаг. Дээрээс нь үр хүүхдээ эцэг эх нь таван нас хүртэл нь өөрсдийн гар дээрээ асарч хүмүүжүүлээрэй. Энэ бол маш их учиртай. Тэгж эцэг эхийнхээ хайр халамжид өссөн хүүхдийн сэтгэцийн дархлаа нь бүрэн тогтчихлоо гэж ойлгож болно. Гэхдээ эцэг, эхийн зөв хайранд хүмүүжсэн үү гэдэг нь бас нэг асуудал болдог. Хүүхдийг эд материалаар хангаад өсгөчихсөн халамж бол буруу хүмүүжил. Хамгийн гол нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн мэдлэг, боловсрол гэдэг юм яалт ч үгүй чухал болчихоод байна.

-Танай эмнэлэгт сэтгэцийн ямар өөрчлөлт, шинж тэмдэгтэй хүүхдүүд хандаж байна вэ?

-Өмнө нь манайх зөвхөн оюуны хомсдолтой хүүхдүүдийг хүлээж авдаг байсан бол 2014 оноос сэтгэцийн бусад асуудалтай 18 хүртэлх насны хүүхдүүдийг бүгдийг нь хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Стрессийн шалтгаантай эмгэгтэй хүүхдүүд байна. Шалтгаан нь л стресс боловч энэ төрлийн эмгэгт янз бүрийн асуудал гарч, шинж тэмдэг нь өөр өөр илэрдэг. Зарим нэг хүүхэд орондоо шээдэг болчихсон байдаг, эсвэл хуруугаа хөхдөг, хумсаа мэрдэг, нүдээ ойр ойрхон анивчаад цавчлаад байдаг болчихсон эсвэл нойрны хямралд орчихсон. Эсвэл хүүхдийн зан үйлд нь өөрчлөлт орчихсон, түрэмгий авиртай, өөрийгөө илэрхийлэх чадвар нь тогтворгүй, цочимтгой болчихсон ч юм уу ийм байдлаар зан авирт нь өөрчлөлт орчихсон, байвал манайд ирж байгаа. Сүүлийн 2-3 жилд цахим хэрэглээтэй холбоотой сэтгэцийн асуудалд холбогдсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх асуудал илүү байна. 2018 оноос эхлээд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэцийн асуудалд орсноос хэвтэн эмчлүүлэх тохиолдол нэлээд нэмэгдээд байна. Ерөнхийдөө ямар л бол ямар асуудлаар хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Энэ бүгд хүүхдүүдээ анхаарахгүй бол болохгүй болчихоод байна гэсэн дохио өгөөд байна.

-Эмчлүүлээд гарсан хүүхэд давтан ирэх тохиодол хэр вэ?

-Давтан хэвтэх магадлал байгаа. Мэдээж хүүхдүүдтэй бид ажиллана. Эмийн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Хүүхдийн сэтгэлийг засаад гаргаад явуулдаг. Тэгтэл нөгөө л орчин, нөгөө л хүчирхийлэлтэй орчин, нөгөө л хайхарч халамжилдаггүй орчин угтаад авбал буцаад л өмнөх байдалдаа орчихдог. Тиймээс тухайн хүүхдийг хүрээлж байгаа орчинтой нь бид давхар ажиллах шаардлагатай болдог. Ингэж ажиллахад манай эмнэлгийн хүний нөөц, хүн хүчний бололцоо дутмаг. Гэхдээ бид боломжоороо ажилладаг. Эцэг эхэд нь зааварчилгаа, зөвлөгөө өгнө. Юун дээрээ анхаарах ёстой вэ гэдгийг нь зааж сургана. Хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг эхчүүд их идэвхтэй ирж уулздаг. Бас ирж уулздаггүй эцэг эхчүүд ч бий. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил гэдэг бол эцэг эхээс шууд хамааралтай. Эцэг эх үүн дээр маш торгон мэдрэмжтэй байж, мэдлэг мэдээллээ нэмж зузаатган хүүхэдтэйгээ харилцахгүй бол юугаа ч мэдэхгүй, уламжлалт аргаар харьцаад байж болохгүй. Одооны хүүхдүүдтэй харилцах арга арай өөр шүү. Тэгэхээр бид өөрсдийгөө маш сайн боловсруулах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй, ээж аав ямар байна тэрийг нь л хүүхэд дуурайгаад хүмүүждэг учраас бид нар өөрсдийгөө өөрчлөх нь хамгийн эхний асуудал.

-Эцэг эхийн аль нэгийнх нь стресс, таагүй харилцаа үр хүүхдэд нь нөлөөлсөнөөс хүүхэд дотогшоогоо болох нь бий. Тийм хүүхдийг яаж нээж, хэрхэн харилцвал энгийн байдалдаа орох вэ?

-Тийм нөхцөлд хүүхэдтэйгээ ярилцах нь хамгийн чухал. Гол асуудал юу байна вэ, би төв дээрээ байна уу, эсвэл бусдад асуудлаа хандуулсан чиглэлтэй байна уу, юунаас болж сэтгэцийн асуудал нь гарч ирээд байна вэ гэдгийг судлан тогтоохын тулд заавал өөртэй нь ярилцах нь чухал байдаг. Зарим нэг тохиолдолд аав нь, ээж нь ийм асуудалтай учраас хүүхэд нь ийм болоод байна гэж үзээд ярилцахаар өөр шалтгаантай байх нь бий. Тийм учраас хүүхэдтэй маш сайн нээлттэй ярилцах хэрэгтэй. Ярилцахын тулд хүүхдийнхээ итгэлийг олж авах хэрэгтэй. “Би чиний нууцыг хэнд ч ярихгүй, энэ нууц чи бид хоёрын дунд үлдэнэ” гэдэг нууцыг хадгална гэсэн зарчмыг маш сайн баримтална гэдгээ сануулах хэрэгтэй. Хүүхдийн итгэлийг олоход нэг удаагийн ярилцлага хангалтгүй. Байн байн ойр ойрхон уулзана. Чамайг сонсоход бэлэн хүн байгаа шүү гэдгээ ойлгуулна. Тэгж байж хүүхдэд “Энэ хүнд итгэж болох юм байна” гэсэн ойлголт суусны дараа хүссэн хүсээгүй хүүхэд өөрийгөө бага багаар нээж эхэлдэг. Ямар асуудалтай тулгараад байгаагаа ярьж эхэлнэ. Шалтгаанаа тодорхойлж байж шалтгааны эсрэг арга хэмжээгээ авах хэрэгтэй болно. Тэгэхээр эхлээд хүүхдээ нээх хэрэгтэй. Нээснийхээ дараа шалтгаан нь ээж нь байсан уу, аав нь байсан уу эсвэл өөр асуудал байсан уу, гэдгийг олно. Хэрвээ шалтгаан нь ээж нь байсан бол ээжтэй нь давхар ажиллах хэрэгтэй болж эхэлнэ. Тэгж байж давхар, дам стресст өртүүлэхгүй байх арга хэмжээг авна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *