Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Шим” группын захирал, Монголын тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлгийг шүүхэд өгчээ. Л.Цандэлэг хэлэхдээ “Намайг интернэтэд, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхэд өгсөн. Миний твиттер хуудсыг хаалгасан” гэсэн мэдээллийг хэлж байгаа. Энэ талаар ХХАА-н сайдаас асуухад:
-Л.Цандэлэгийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө бус намайг ажил үүргээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан гэсэн үндэслэлгүй мэдээллийнх нь төлөө, үнэн зөвөө тогтоолгохын тулд шүүхэд өгөөд байгаа. Хувь хүний маань хувьд гутаан доромжилсон, матарласан зураг хөрөг, мэдээ мэдээлэл олонтаа нийтлэгддэг. Би тэр бүхний араас хөөцөлддөггүй. Харин сайдын хувьд гүйцэтгэж буй албан тушаалтай холбоотой гүтгэлгийг бол залруулахаас аргагүй. Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, улаанбуудай импортлогчдоос авлига авсан, Халх голыг Солонгосчуудад худалдсан, Си Жинпиний мөнгийг авч идсэн гэхчилэн ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давталттай цацсан. Тиймээс би төрийн албыг хүндэтгэх үүднээс АТГ-т хандсан. Миний тухай ийм мэдээлэл байна. Үүнийг шалгаач гэсэн. АТГ-аас “Үндэлэлгүй байна. Та авлига аваагүй байна” гэсэн хариу өгсөн. Миний гаргасан гомдлыг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би өөрөө ч мэдүүлэг өгч байна.
Нөгөөтэйгүүр Л.Цандэлэгийн твиттер хуудсыг хаалгасан зүйл байхгүй. Би өөрөө твиттер, фэйсбүүкийн талаар ойлголт муутай. Хувийн хаяг ч байхгүй. Харин албан хуудас нээж ажлаа сурталчилдаг. Хүний твиттер хуудсыг яаж хаадгийг ч мэдэхгүй. Тийм болохоор аль аль мэдээлэл нь үндэслэлгүй. Эрхзүйт орны иргэний хувьд асуудлыг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. Би эгэл жирийн иргэн байхдаа сайд дарга нарын алдаатай үйлдлийнх нь төлөө шүүхэд өгч шийдүүлж байсан. УИХ-ын дарга болон нэгэн сайдын талаарх миний өргөдөл үнэн болох нь тогтоогдож байсан гэсэн хариуг өглөө.