Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Тариаланчдад өгдөг мөнгийг авмааргүй байна, биднийг зах зээл дээр чөлөөтэй орхичих

Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Тариаланчид өнгөрсөн долоо хоногт хийсэн зөвлөгөөнөөрөө салбарынхаа сайдтай хамтарч ажиллах боломжгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан гэсэн. Зөвлөгөөн нэлээд ширүүхэн уур амьсгалтай болжээ дээ?

– Дархан-Уул аймагт болсон тариаланчдын зөвлөгөөнд 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцлоо. Тариаланчид юу ч хийхээс буцахааргүй байдалд орсон нь саяын зөвлөгөөнөөс анзаарагдлаа. Хоёр жил дамжсан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээгүй улс чинь бухимдахаас аргагүй л дээ. “Одоо бидэнд хийх ажил алга, бүх ажилчдаа аваад Улсынхаа төв талбай дээр суулт хийе” гэж байна. Компаниуд зөвхөн валют дээр гэхэд л120 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан. Он гарснаас хойш арав гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд орчихлоо. Тариаланчид банкныхаа өрийг төлж чадахгүй байна. Улсаас өгөх учиртай 10 тэрбум төгрөгөө өгөөгүй. Танай сониноор дамжуулаад Р.Бурмаа сайдаас “Та Монголын тариаланчдыг 150 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүргэчихлээ. Таны олсон ашиг энэ хэмжээнээс их үү” гэж асуумаар байна. Тариаланчид зөвлөгөөнөөсөө салбарынхаа сайд, төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн хатуу мэдэгдэл гаргалаа. Үрийн асуудлыг шийдэж өгөөч, улсынхаа буудайн хэрэгцээ, авах үнийг нь зарлаж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор тавилаа. Манай яаманд ажлаа мэдэх хүн алга. Хүнс хөдөө аж ахуйн яам гэсэн нэртэй хэрнээ нидэр дээрээ Хууль зүйн яам болчихоод байна.

-Яагаад Хууль зүйн яам гэж…?

-Сайд, төрийн нарийн бичиг нь хоёулаа хуульч. Тариаланчдыг шалгана, хянана, шүүхэд өгнө гэсэн бодлого баримтлаад ажил хийлгэхээ байсан. Сайд нь импортын буудай оруулж ирж байгаа Ц.Баатарсайханыг өмөөрөөд тариаланчдаа үзэж чадахаа байсан. Сайд маань өнгөрсөн найман сарын турш Монголын тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж, телевизээр мэдэгдэл хийлээ. Чанаргүй будаа тарьдаг, цавуулаг алга гэж.

-Тариаланчид энэ жил хэр тариа тарьж, ирэх намар хэчнээн тонн ургац авах төлөвлөгөөтэй байгаа вэ, энэ талаар яриа хөөрөө өрнөсөн үү?

-Энэ жил юу тарихаа мэдэхээ байчихаад байна. Яам засвар үйлчилгээ 50 хувьтай байна гэж мэдээлсэн. Тариаланчид цуглаад ярилаа л даа. Засвараа эхлэх нь битгий хэл, ажилчдынхаа цалинг тавих мөнгө алга гэж байна. Бүр шатахуунаа ч татаж чадаагүй байна. Борлогдоогүй будаа гэж том асуудал бий. Ийм байдал Монголын газар тариалангийн 55 жилийн түүхэнд огт гарч байгаагүй.

-Оросын цавуулаг сайтай буудайг Монголын цавуулаггүй буудайтай хольж гурил хийхгүй бол болохоо байлаа гээд хойноос будаа авсан. Хойд хөршөөс орж ирсэн буудай чанартай байж чадсан уу, хамтарсан ажлын хэсэг чанарыг нь шалгасан дуулдсан?

– Ерөнхий сайд саяхан МХЕГ, ХХААЯ, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Газар тариалангийн холбооны хамтарсан шалгалт хийлгэсэн. Шалгалтын дүнгээс харахад Монголд арван сар идэх гурил байна. Бараг нэг жилийн хэрэгцээ. Дөрвөн газрын шалгалтаар хойд хөршөөс чанаргүй, удаан жил хадгалагдсан буудай оруулж ирсэн гэсэн дүгнэлт гарсан. Уг нь тендерт 25 хувиас дээш цавуулагтай будаа оруулж ирэх учиртай. Энэ хэмжээндээ хүрээгүй нь сая нотлогдлоо. Монгол хүний нэр дээр компани байгуулаад Улаан-Үүдээс буудай оруулж ирсэн байна. Монгол хүний нэр дээр байгуулсан нь “Баргууд” гэж компани. Баатарсайханы будаа авдаг компани. Тэр компанийн 860 тонн улаан буудай хүнсний хэрэгцээ хангахгүй гээд Оросын хил дээр саатуулсан. Оросууд нь гаргахгүй гэж байхад Монголд орж ирээд байгаа нь хууль хяналт, хил, гаалийнхан муу ажилласан гэсэн үг. Нийлүүлж байгаа нь, авч байгаа нь, зөвшөөрөл өгсөн нь ч монгол хүн. Гадны хэн нэгэн биш, монголчууд өөрсдөө л зохион байгуулж байна даа. Шүүх, цагдаа, прокурорынхны хяналтдаа авахаар том хэрэг.

-Тариаланчид чанаргүй буудай нийлүүлээд байгаа учраас хойноос оруулж ирэхээс өөр арга алга гэсэн тайлбарыг салбарын сайд нь хэлдэг. Монгол хөрсөнд тарьсан буудай үнэхээр чанаргүй байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Р.Бурмаа сайд ийм л яриа гаргадаг. Оросоос улаанбуудай импортлох нь “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан, “Од” группийн “Ургац” гэдэг гурил, сайд гуравт л ашигтай. Рублийн ханш унасан ийм үед Улаан-Үдийн удаан хадгалагдсан, хямдхан, гуравдугаар сортын буудай оруулж ирэх нь ашигтай л даа. Дөрөвдүгээр сорт гэхээрээ гахайн хоол болчихдог юм. Арав гаруй сая ам.долларын ашигтай наймаа болчихлоо гэж миний яриад байгаа нь ийм учиртай. Энэ ашиг гуравхан хүний халаасанд орж, гуравхан айлыг мөнгөжүүлж, газар тариалангийн салбарт ажиллаж амьжиргаагаа залгуулж байгаа 300 мянга гаруй хүнийг элгээр нь хэвтүүллээ. Монголд байгаа юм нь нүүрс, хэдэн мал, газар тариалан. Дотооддоо хангаж байгаа юм гэвэл ердөө энэ шүү дээ. Ердөө долоохон жилийн өмнө Ерөнхий сайд нь хойд хөршөөс 100 мянган тонн улаан буудай гуйгаад явж байсан гашуун түүх бидэнд бий. Хятадаас ясны гурил их хэмжээгээр орж ирж байсныг монголчууд санаж л байгаа. Өнөөдөр тоо нь эрс өсч байгаа хавдрын өвчлөлд нөлөөлсөн л гэж боддог. Хятадаас орж ирсэн тэр гурилыг гэрийн хаяанд тавьчихаар хулгана тоож иддэггүй гэж ирээд ярьдаг л байсан. Бэлээхэн ийм түүх байхад өнөөдөр газар тариалангийн салбараа унагах гэж зориуд Оросоос хүнсний шаардлага хангахгүй улаанбуудай оруулж ирж болохгүй л дээ.

-Бурмаа сайд үрийн асуудлыг дотоодоосоо шийдэх боломжтой гэсэн. Таны яриаг сонсохоор үр байхгүй юм шиг. Тэгэхээр сайд худлаа мэдэгдэл хийсэн гэсэн үг үү?

-Тариаланчдын гар дээр 42 мянган тонн товарын буудай бий. Р.Бурмаа сайд 42 мянган тонн үр бий гэж ард түмэнд хуурамч мэдээлэл тараагаад байна л даа. Үр гэдэг чинь өөр. Сайн чанарын, элит, супер элит үрийг аль намраас шинжилж шалгаад авах ёстой. Үрийн аж ахуй гэж бий. Эсвэл гадаадаас авдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл яамнаас ийм ажил хийгээгүй. Эцэст нь товарын буудайгаа тарь гээд байна л даа. Товарын буудай таривал жинхэнэ чанаргүй ургац гарна. Би сайдад нэг л зүйл хэлж байгаа. “Та баталгаагаа өг. Хэрвээ чанаргүй ургац хураавал хариуцлагыг нь та хүлээх ёстой. Тариаланчдын мөнгөөр тоглох гээд байна шүү” гэж хэлсэн. Тариаланчдад байгаа 40 гаруй мянган тонн таваарын будааг цэвэрлээд үр гаргая гэвэл тал нь л үр болно. Хориод мянган тонн үр гарна гэсэн үг. Нийтдээ зуугаад мянган га-д тарих үр. Гэтэл 300 гаруй мянган га-гийн уринш байна. Өнгөрсөн жил тариаланчид хамаг мөнгөө гаргаад уриншаа бэлдчихсэн. Бидний хөрөнгөө гаргаад уринш хийсэн талбай дээр тарих таримлыг зааж өгөхгүй байна л даа.

-Уг нь үр тариагаа ахиухан тариад гадагш нь экспортлох боломж хаймаар санагдах юм…?

-Экспортолж болдоггүй. Биднийг хорьчихдог. Гэсэн хэр нь гаднаас бол импортлоод байдаг. Гурил иддэг улс хөдөөнийхөн шүү дээ. Түмпэн түмпэнгээр боорцог хийгээд иддэг байсан бол өнөөдөр гурилаа авч чадахгүй байна л даа. Гурилын үйлдвэрийн гурил борлогдохгүй байна. Өмнөх жилүүдийн өдийд арай ч ийм байгаагүй. Ер нь ноолуур гарч байж л хөдөөнийхөн гурилынхаа мөнгөтэй залгадаг. Энэ хүртэл гурилын борлуулалт багасдаг л даа.

-Гурилын борлуулалт өмнөх жилүүдээс муудсан хэрэг үү?

-Сая хийсэн тооллогоор зарагдаагүй гурилын хэмжээг гаргалаа. Өдийд ийм байдаггүй. Маш бага хэмжээний гурил идсэн байна. Шалтгаан нь эдийн засгийн хямрал. Хэн ч хямраад мөнгөгүй болоод ирэхээрээ хэрэгцээгээ танаж эхэлдэг.

-Сайдтайгаа хэл үгээр учраа олох ямар ч боломж алга уу?

-Очоод уулзъя гэхээр баахан телевиз сонин цуглуулчихаад тариаланчдынхаа өр шир, муу муухайг нь л ард түмэнд мэдээлээд байна шүү дээ. Өнөөдөр ХХААЯ руу очдог тариаланч эрс цөөрсөн. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарт дотоодын хөрөнгө оруулагчид голчилдог. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдаа гадуурхаж, монополь гэж дайрч давшилж байна л даа. Том аж ахуйн нэгжүүд идэж уудаг гэж ярих боллоо. Зүй нь баялаг бүтээгчдээ ингэж боломгүй санагдах юм.

-Түрүүн таны онцолсон дөрвөн газраас хийсэн шалгалтын дүнг олон нийтэд зарласан уу?

-Шалгалтын дүнг яамнаас зарлахгүй байна. Ерөнхий сайд бол сонссон. Ерөнхий сайд ч гэсэн нэгэнт нотлогдсон үнэнийг дэлгэж тавимаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд шалгалтын дүгнэлтийг сонсгох үеэр би салбарынхаа үнэн байдлыг ярьсан юм. Гэтэл Р.Бурмаа сайд хажуунаас “Амаа тат” гэж загнаж байгаа юм. Тэгж хэлэхэд нь бидний дэргэд хорь гаруй хүн байсан.

-Таныг юу гэхээр Р.Бурмаа сайд “Амаа тат” гэж загнасан юм бол?

-“Таны чанаржуулагч гээд байсан орос буудай чинь хордуулагч байжээ” гэсэн чинь л тэгж загнасан.

-Ерөнхий сайдад зовлонгоо хэлэхээр юу гэх юм?

-Ерөнхий сайд яамтайгаа учраа ол гэдэг ганц л үг хэлдэг. Яам нь болохоор хүлээж авдаггүй. Ийм л байдалд орчихоод байна.

-Ингэхэд газар тариалан хэчнээн төгрөг эргэлддэг салбар вэ?

-300 орчим тэрбум төгрөг эргэлддэг салбар. Ийм том салбарыг авч яваа хүмүүсийг банкны хүүгийн алдагдалд, барьцаанд оруулчихлаа. Үндсэндээ дампууруулж байна. Маш олон компани газар, тоног төхөөрөмжөө зарна, тариалалтаа хаяна гэж байна. 55 тэрбум төгрөгийн аваагүй мөнгө, уриншдаа хийсэн 50 орчим тэрбум, 100 орчим тэрбум төгрөгийн хүү гээд асуудал их дээ. Тариаланчид сар бүр дунджаар хоёр тэрбум төгрөгийн хүү төлж байна. Ердөө л “Улаанбаатар гурил”, “Од” групп гэсэн ах дүү хоёрын бизнесээс болж ийм хэцүү байдалд орчихлоо. Сайд маань тэднийг дэмжиж зөвшөөрөл өгч, салбараа ганхуулснаа хүлээн зөвшөөрөхгүй голын нөгөө эргээс чулуу шидээд суудаг боллоо. Буруу юм хийсэндээ бантаад салбарынхантайгаа ч уулзахаа больсон. Уг нь улстөрч хүнд буруу үйлдлээсээ гарах гарц гэж бий. Уулзаж ярилцаад алдаагаа засах боломж бий.

-Танай холбооныхон тавьсан шаардлагаа тодорхой болтол тариалалтаа эхлүүлэхгүй юм байна. Холбоонд нэгдээгүй нь яах бол?

-Яам, тамгын газарт найз нөхөдтэй, Бурмаагийн наагуур цаагуур явж байгаад шатахуунаа хэдэн сарын хугацаатай зээлж хэрэглэх бодолтой хүмүүс бий. Ингэж байж амьдралаа залгуулдаг жижиг аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тэд яамнаас бага сага юм аваад тариалалтаа эхлэх байх. Өөр нэг аюултай зүйл байна. Жаран мянган тонн улаанбуудай оруулж ирмээр байна гэсэн импортын зөвшөөрлийн хүсэлт яаманд ирчихээд байгаа юм билээ. Хэрвээ яам энэ зөвшөөрлийг өгвөл Монголын бүтэн жилийн хэрэгцээг импортоор хангачихна гэсэн үг. Энэ тохиолдолд бид хөрөнгө мөнгө гаргаж тариа тариад яах юм. Манай агуулахад гэхэд 3000 тонн улаанбуудай байна. Цас, бороо ороод складанд хадгалсан буудай муудахад ойрхон байна. Төр гурил, мах, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг гэсэн нэртэй. Шатахуунаа дэлхийд үнэтэй үед нь хямд зарж, хямд үед нь үнэтэй зараад зохицуулаад байх шиг. Махных нь үнийг нөөцийн мах бэлтгэж дараад байна. Гурилын үнийг зөрүү мөнгийг нь өгье, урамшуулал олгоё гэж байж дардаг. Тэгсэн хэрнээ өгнө гэсэн мөнгөө өгөхгүйгээр дарж байна л даа. Одоогийн байдлыг харахад л ганцхан зам байна. Үнээ чөлөөлье. Бид улсаас авдаг мөнгөө больё. Авдаг, иддэг гэж муугаар яриад байгаа учраас энэ мөнгийг авмааргүй байна. Биднийг зах зээл дээр чөлөөтэй тавьчих гэж хүсмээр байна. Юу тариалах нь та нарын дур гэвэл өөр хэрэг. Бид энэ зах зээл дээр оршин тогтнож амьдармаар байна.

-Дахиад асууя, тариаланчдын хурааж авсан буудай чанаргүй гэдэг нь үнэхээр үнэн үү, шалгалт хийгээд чанаргүйг нь тогтоосон гэж яамны удирдлагууд яриад байх юм?

-Саяын цагаан сараар монголчууд бууз, ул боовоо бидний тарьсан буудайн гурилаар хийсэн шүү дээ. Ямар нэг гомдол дуулдсан уу. Оросоос орж ирсэн буудай нь Монголынхоос чанаргүй нь нотлогдлоо. Сансараас гурил авчраад хийгээгүй л бол монголчуудын цагаан сардаа хэрэглэсэн гурилыг бидний хурааж авсан буудайгаар хийсэн. Бид үүнээс өөрөөр яаж батлах юм бэ. Мэргэжлийн хяналтаар шалгуулчихсан буудай шүү дээ. Ерөнхий сайд “Энд 80 мянган тонн чанаргүй улаанбуудай байна. Тэндээс 20 мянган тонн чанартай буудай авчирч холиод гурил хийнэ. Тэгээд цагаан сараа хийх гэж байгаа юм” гэсэн. Гэтэл 80 мянга биш 200 мянган тонн улаанбуудай өнөөдөр Монголд байна. Гэх мэтчилэнгээр Ерөнхий сайд гэх мэт төрийн том хүмүүсийг яам буруу мэдээллээр хангаж байна л даа.

-Тариаланчдын хүссэнээр асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Тариаланчид хохирлоо Баатарсайхан, Бурмаа хоёроос нэхэмжилнэ. Том өмгөөлөгчдөд санал тавиад байгаа. Болохгүй бол шүүхэд өгнө гэж бодож байна.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *