Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөртэй ярилцлаа.
-Засаг даргаар томилогдон ажлаа авснаасаа хойш ямар ажлууд дээр анхаарч байна вэ?
-Олон түмэн маань бид бүхэнд итгэл хүлээлгэж, энэ удаад сонгосон.
Ажлаа хүлээж аваад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна.
Энэхүү хугацаанд ИТХ маань бодлогын бичиг баримт, энэ онд хийгдэх ажлуудынхаа төсөв хөрөнгийг баталлаа. Мөн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж авсан. ИТХ хурал маань гурван удаа хуралдлаа. Бид бүхэн нэлээд томоохон зорилтууд тавьж байгаа.
-Тэдгээр зорилтууд нь юу байгаа вэ?
-Төв аймаг маань инженерийн дэд бүтэц нэлээд муудсан. Ойрын жилүүдэд энэ талын засвар хийгээгүй. Сольж чадаагүй тал байна. Тийм болохоор иргэдийг ая тухтай амьдруулах тал дээр онцгойлон анхааръя гэж байгаа юм. Ер нь бид 100 жил тэмдэглэсэн аймаг, сум юм бол иргэдийнхээ анхан шатны хэрэгцээг хангасан, нийгмийн олон салбарын дэд бүтцийн асуудлыг хөндөж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Нийт төсвийнхөө 60-70 хувийг аймгийнхаа төв дээр тавьсан. Бидэнд тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь халаалтын уурын зуух байна. Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл болсон тулдаа гайгүй даван тууллаа. Ер нь өнгөрсөн жилүүдийнх шиг хүйтрэх юм бол бүх тогоонууд хөлдөх, аймаг тэр чигтээ хөлдөх ч эрсдэл бий болсон. Тиймээс байгаа төсөв мөнгөнийхөө нэлээд хэсгийг шугам, сүлжээний асуудал дээр тавьсан. Мөн аймгийн төвийнхөө авто замыг дөрвөн эгнээ болгохоор зорьж байна. Үүнээс гадна манай аймгийн төв усны хатуулаг чанар нэлээд өндөр. Тиймээс шинээр барьж байгаа орон сууцнуудыг хэрэглээний хүйтэн усныхаа хоолойг зэс хоолойгоор хийх шаардлага тавьж байна. Дээрээс нь дулааны станцаа яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Манай аймаг 2000 айлын орон сууц барина гээд төлөвлөчихсөн ч дулаан хангамжийг нь яаж шийдэх вэ гэдэг асуудал болчихсон. Яагаад бид долоо хоногийн бямба, ням гаригуудад л хэрэглээний халуун устай байх ёстой юм. Үүнийг л ирэх дөрвөн жилд шийдэхээр зорьж байна. Манай аймгийн Уурын зуух, дулаан гээд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар маань муу түлш авч ирдэг. Өрөнд орчихсон, хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллачихсан гээд асуудлууд үнэхээр бий.
-Төв аймаг зарим хэсгээ энэ жил газаар халаасан гэсэн үү?
-Дулааны инженерийн шугам сүлжээний асуудал үнэхээр хүндэрсэн гэдгийг хэлсэн. Тиймээс аймгийнхаа IV баг буюу Зүүндэлгэрийг энэ өвөл LPG буюу газан холболтод холбож үзсэн. Туршилт нь үргэлжлээд явж байна. Хэрэв энэ маань үнэхээр амжилттай болох юм бол Төв аймгийг тэр чигт нь газан холболтод шилжүүлэх хэрэгтэй юм уу гэж харж байгаа. Мөн өөр технологийн шийдлүүдийг судалж байна. Одоо бол гурван барилга бариад л хажууд нь уурын зуух барьдаг байдалтай л байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэх цаг нь болсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 мегават нь ашиглалтад орсон. Ирэх намар гэхэд дараагийн 150 нь ашиглалтад орно. Ингэх юм бол Төв аймаг цахилгааны хараат байдлаас гарах боломжтой болно.
-Төв аймагт спортын комплекс барина гэж байсан. Үүнийгээ энэ жилдээ эхлүүлэх үү?
-Хуучин социализмын үед баригдаж байгаад ашиглалтад оруулж чадаагүй дулааны станц байдаг. Үүнийгээ нураагаад “Төв арена” гэж томоохон хэмжээний спорт комплекс барих гэж байгаа. Зарим хүн 20 мянган хүнтэй Зуунмодод ийм зүйл барих шаардлага байна уу гэдэг л юм. Гэхдээ энэ бол Төв аймгйинхандаа зориулан хийх ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн том эргэлт болно гэж тооцоолж байгаа. Учир нь энүүхэн хойно 1.6 сая хүн байна. Улаанбаатар хотоос хүмүүс ирж урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, найз нөхөд, албан байгууллагаараа ирж тоглодог болно. Ингэснээр аймгийн төвд эдийн засгийн маш том боломж бололцоо бий болно гэж харж байгаа. Энэ маань 2200 хүний суудалтай, олон улсын жишигт нийцсэн спорт заал байна. Урлаг соёл, спортын арга хэмжээг зохион байгуулна. Дотроо бэлтгэлийн заал, фитнесс клуб, худалдааны хэсэг, кофе шоп гээд бүхий л зүйлийг нь нэг дор багтаасан спорт комплекс байх юм. Олон улсын стандартад нийцсэн учраас тив, дэлхийн спортын үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой болно. Энэ бүхэн эргээд аймагт хөрөнгө оруулалт болно. Үүнийгээ дагаад манай хоолны газрууд, зочид буудлуудын орчин, үйлчилгээний чанар сайжирна. Үүнийгээ ирэх 2027 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байсан ч бага сага асуудлууд бий. Тийм болохоор хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад хийсэн нь дээр юм гэж үзээд хувийн хэвшлийнхэнтэйгээ эхний уулзалтуудыг хийж байна. Үүнээс гадна Солонго цогцолбор гэж бий. Хуучин 2012-2016 оны үед кино театрт нь хүмүүс кино үздэг их сайхан газар байсан. Одоо бол үйл ажиллагаа нь зогссон. Тийм болохоор үүнийгээ засаж сайжруулж, шинэчлээд Улаанбаатар хотод гарч байгаа кино тэр өдөртөө гардаг байх боломжийг бий болгоно. Монгол туургатан театрынхаа үйл ажиллагааг ч сайжруулах тал дээр анхаарна.
-Танай аймаг бол газар тариалангийн бүс нутаг. Тиймээс энэ салбартаа хэрхэн анхаарах вэ?
-Саяхан манай ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Красноярск хотод очиж ажилласан. Ингэхдээ газар тариалангийн салбарыг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр анхаарч, анхны уулзалтуудаа хийгээд ирсэн. Ингэхдээ хувийн хэвшлийн төлөөллүүдээ аваад явсан. Төмс хүнсний ногоо, улаанбуудайн сортыг сайжруулах, шинэчлэх алхмуудаа хийчихээд ирлээ. Хөнгөлөлттэй нөхцөлөөр үр тариа, төмсний шинэ сорт оруулж ирэхээр тохирсон. Одоо чинь килограмм төмс 400 төгрөг болчихоод байна. Ингэхдээ тариаланчид маань ченжүүдийн амыг л хардаг болсон. Тиймээс үүнээс гаргах хэрэгтэй гэж үзсэн. Ингэхийн тулд дундын зооринууд барихаар төлөвлөж байна. Бид яагаад түргэн хоолны газруудын төмсийг нийлүүлж чадахгүй байгаа юм. Тэдний хэрэглэдэг сортынх нь төмсийг авч ирж тариалах хэрэгтэй. Тэгэх юм бол үйлдвэрлэгчээсээ шууд хэрэглэгчид очих үүд гарц нээгдэнэ. Энэ ажил дээр нийтдээ нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Тийм болохоор нэлээд ажлуудыг хийх боломжтой гэж харж байгаа. Дээрээс нь үр тарианы буюу тэжээлийн ургамлын тарьцыг сайжруулахад 880 сая төгрөг тавьсан. Үүгээрээ сумдын дундын техник авъя гэж байгаа юм. Төр засгаас эрчимжсэн мал аж ахуйг чухалчилж, Шинэ хоршоо зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс эдгээртэй аль болох уялдуулах хэрэгтэй гэж үзсэн. Гэвч эрчимжсэн мал аж ахуй, хоршоог дэмжиж байгаа ч бэлчээрийн мал аж ахуйг түүгээр нь л явуулна. Манай аймгийн урд хэсгийнхэн бол бэлчээрийн мал аж ахуй зонхилдог. Харин малчид маань тэжээлийн ургамал дэргэдээ тарьдаг болчих юм бол хатуу ширүүн өвөл, хаврыг эрсдэл багатай давах болно. Энэ талаас нь дэмжиж, газрын асуудлыг нь шийдэж өгье гэж байгаа. Мөн эрчимжсэн мал аж ахуй тал дээр ч хийх ажлууд байна. Жижиг, дунд үйлдвэр дээр энэ жил улсаас урьд өмнө нь байгаагүй их мөнгө болох найман тэрбум төгрөг тавиад өгчихсөн. Одоо бид төсөл сонгон шалгаруулалтаа зарлаад нэгдүгээр ээлжнийх нь явж байгаа. Хоёрдугаар ээлж нь удахгүй зарлагдана. Тун удахгүй жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо эрхэлж байгаа хүмүүстэйгээ уулзалт хийнэ. Үүгээр олон зүйл тодорхой болох байх. Бид бүхэн энэ жилийг “Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаа. Гэхдээ жил бүр өөр, өөр зүйл дэмжихээр зарладаг бус энэ дөрвөн жилд бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барина. Ингэж байж иргэдийн өрхийн орлогод шууд нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.
-Сүүний цех байгуулна гэх шиг болсон. Энэ талаар ямар ажил хийх юм бэ?
-Тийм, Батсүмбэр, Цээл сумуудад энэ жил жижиг сүүний цех байгуулахаар төлөвлөж, аймгийн төсвөөс 600 сая төгрөг тавьчихсан байгаа. Ингэснээр хоршоо, фермер хийж байгаа хүмүүс маань энэ цехдээ сүүгээ авч ирж өгөөд эцсийн бүтээгдэхүүн болгох ажлыг орон нутагтаа хийх ёстой. Тэгэхгүй бол хэдэн компани танкаа аваачиж тавьчихаад иргэдээс хямдхан аваад байдаг. Үүнийг болиулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох ажлыг хийнэ. Цаашдаа ийм сүүний цехүүдийг олноор нь байгуулахаар төлөвлөсөн. Бид тун удахгүй БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтын ажиллагааны гэрээ хийх гээд удирдлагуудтай нь ярьж байгаа. Мөн Гуанжоу хотод болдог томоохон үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдээ оруулахаар төлөвлөөд ажлаа хийж байна. Бид юм үзэж харж байж, тэднээс суралцаж байж хөгжинө. Харин тэднийг холбож өгөх ажлыг хийх ёстой.
-Таны хувьд Ерөнхийлөгчийн Чех, Польш улсуудад саяхан хийсэн айлчлалын багт багтсан байсан. Тус айлчлалын хүрээнд ямар, ямар ажлуудыг амжуулав?
-Энэ айлчлалын багт багтаж явснаар бид бүхэн Польш улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Соёл, боловсрол, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллана. Зөвхөн гэрээ байгуулаад орхидог биш ажил хийдэг байх талаас нь явна. Польш улсад өмнө нь манайх эрүүл мэндийн салбарынхнаа ихээр сургадаг байсан. Энэ уламжлалыг сэргээнэ. Эрүүл мэндийн боловсон хүчнүүдээ тэнд сургана. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх, жуулчдыг олноор нь татах гээд олон ажлууд төлөвлөж байна. Ер нь цаашдаа хамтын ажиллагааны гэрээтэй улс, хотуудтайгаа бодит ажил хийх тал дээр онцгойлон анхаарч ажиллана.
-Төрийн албаны сахилга хариуцлага, урамшууллын системийг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ талаараа дурдахгүй юу?
-Манай улсын хувьд дээр дооргүй л сахилга хариуцлага ярьж байгаа. Тийм болохоор төрд ажиллаж байгаа хүмүүс маань бүгдээрээ л хариуцлагатай байх асуудлыг хөндөж байгаа юм. төрийн ажил хийж байгаа хүн цаг аргацаасан байж болохгүй. Сайн ч ажилласан, муу ч ажилласан авдаг цалингаа л авдаг байж таарахгүй. Тиймээс урамшууллын системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Хэн сайн ажиллаж байгаа, сэтгэж байгаа нь илүү авдаг байх ёстой. Ийм зүйл рүү л явах ёстой юм. Бид бүхэн үндсэндээ намын томилгоо хийхгүй. Тодорхой хэмжээнд хийж байгаа ч түүнийгээ төрийн томилгоо гэж харж байгаа. Намд сайн ажилласан гээд мэдэхгүй, чадахгүй хүнийг төрийн ажилд томилоод байж болохгүй. Нөгөө талдаа ажил төрлөө хийдүүлдэг, сахилга хариуцлага алддаг нөхдүүдэд хариуцлагыг нь тооцоод явна. Харин сайн ажиллаж байгааг нь дэмжээд явна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ