Categories
мэдээ цаг-үе

Л.Сандагдорж: Нуруу урт, хөл майга, тэсвэр, тэвчээртэй учраас монгол хүн хөлбөмбөг гаргуун тоглож чадна

Үндэсний баяр наадмын өмнөхөн гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржтой ярилцлаа. Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөөх түүний хагас зуун жилийн хөдөлмөрийг ийн төр засаг үнэлсэн юм. 

-Та хаана төрсөн, аль нутаг усны хүн билээ?

-Би Улаанбаатарын унаган иргэн. 1937 онд төрсөн. Миний аав Лувсандорж гал командын жолооч байв. 1939 онд Халх голд холбооны шугам тавьж яваад бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан. Миний ээж Дулам хүнсний дөрөвдүгээр дэлгүүрт худалдагч хийдэг байлаа. Эцгийгээ өнгөрсний дараахан ээжтэйгээ Төв аймгийн Лүн сумын долдугаар багт очиж гурван жил хэртэй амьдарсан. 1943 оны намар сургуульд орох болсон чинь миний талийгч эцгийг лам байсан, дээр нь эсэргүүний хамаатан гээд сургуульд бүртгээгүй юм даг. Эсэргүүний хамаатан гэдэг нь авга ах Найданжав маань уурын тэрэгний хэлтсийн анхны даргаар ажиллаж байгаад 1938 оны арванхоёрдугаар сард эсэргүү хэмээн буруутгагдаж буудуулсантай л холбож байгаа хэрэг. 1944 оны намраас оёдлын гуравдугаар артелийн харьяа цэрэг хувцасны тасаг нээгдэхэд Бавуудорж гэдэг хүн дарга нь болсон. Тэднийх манай хөрш байсан юм. Бавуудорж гуайн эхнэр нь гэртээ цэрэг хувцас хийдэг уйгагүй хөдөлмөрч хүн байв. Тэр хүний дэргэд хувцасны бүч, зарим шулуун оёдол хийж сурсан. Энэ мэт ажлыг хар бор гэж гололгүй хийж өссөн дөө. 

 -Хөлбөмбөгт хэдийнээс шимтэн хорхойсох болов?

-Анх 1944 онд Нисэхийн засварын газар ажилладаг хоёр орос хүн хөлбөмбөг тоглож байхыг нь харсан. Хоёр шонгийн завсраар бөмбөг оруулдаг болохоор нь хөлбөмбөгийг тухайн үедээ “хаалга гаргах” гэж нэрлэдэг байсан. Тэр хавийн хүүхдүүд ч тэр хоёрыг дуурайж атгын чинээ жижигхэн резинэн бөмбөгөөр хаалга гаргаж тоглоно. Харин 1945 оны намар Халх голын дайн дуусч, цэрэг эрс халагдаж ирээд Нисэхийн хөлбөмбөгийн шигшээ багийг дахин байгуулсан. Ухаандаа дайнаас өмнө хөлбөмбөг тоглодог байсан юм билээ. Тухайн үед хөлбөмбөг мундаг тоглодог Дамдинжав гэдэг хүн байлаа. Хөлбөмбөгийн хаалганы торыг нь үүрээд хаана л тоглоно тэр газар нь дагаад явна. Тоглолт бүрийг нь шимтэн үзсээр нэг мэдэхэд хөлбөмбөгчин болсон. 

Хөлбөмбөг тоглож эхлэхээс өмнө хоккей тоглодог байлаа. 1952 онд хоккейн Улаанбаатар хотын аварга болдог жилд сургуулийн аваргын тэмцээний үеэр Соёл нийгэмлэгийн дарга Намдагсүрэн бидний тоглохыг харчихаад заримынх нь нэр сургуулийг бичиж аваад явсан. Тухайн үедээ эсэргүү энэ тэр гээд шалгаж барих гэж байгаа юм байх даа гэсэн шүү юм бодогдоод эмээж л байлаа. Хэд хоногийн дараа сургуулийн захирал Отгон, Сэдэд бид гурвыг дуудаад “Соёл нийгэмлэг дээр очиж Намдагсүрэн даргатай уулз” гэсэн. Яваад очтол өнөөх бидний нэрийг бичээд явдаг хүн маань “Та нар Соёл нийгэмлэгийн хөлбөмбөгийн хоёрдугаар шигшээ багт тогло. Бэлтгэл хийж байгаад наадмын тэмцээнд орно шүү” гээд бөмбөг өгсөн. Бид ч хоёр багт хуваагдаад л тоглодог байлаа. Тэрхэн үедээ амихандаа бэлтгэл хийгээд л байгаа хэрэг шүү дээ. Одоо бодоход буруу зөвгүй хаалга руугаа өшиглөж, хөлсөө гартал тоглодог байж. Одоогийнх шиг системтэй, дэс дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийдэггүй байсан. Тухайн үед тийм орчин нь ч бүрдээгүй байсан цаг. Тэмцээндээ “Хилчин” нийгэмлэгийн багийг хожчихоод “Ард” хоршооны багт хожигдоод хасагдаж байлаа. Харин дараа жил нь хоёрдугаар байрт шалгарсан. 1954 оны есдүгээр спартакатад ороод мөнгөн медаль хүртэж, 1955 онд улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээний аварга болсон. 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор Алдар нийгэмлэгийн багт тоглож хоёрдугаар байрт орлоо. 

-Уг нь таныг конкурсдээд Их сургуулийн физикийн ангийн хуваарийг авсан хэрнээ сургууль биш хөлбөмбөгөө сонгосон гэх юм билээ?

  -Тэр үнээн. Багш дасгалжуулагч нар ч намайг их ятгасан. Тэгээд ч задгай талбай, зуслан, спорт заалны алинд ч хөлбөмбөгөө л тоглож байвал надад түүн шиг аз жаргал байгаагүй. Хамаатан садан найз нөхөд маань гудамжинд бөмбөг өшиглөхөө дээд боловсролтой сэхээтэн болохоос дээгүүрт тавилаа гээд дургүйлхэж л байсан. Гэсэн ч би хүсэл мөрөөдлөө дагаж Оюутан залуучуудын хөлбөмбөгийн дугуйланд шалгалт өгч тэнцээд орсон. Харин 1956 оны өвөл Лхагвасүрэн жанжны тушаалаар Биеийн тамирын хорооны дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй хөлбөмбөгийн шигшээ баг байгуулахаар болсон. Тэрхүү шигшээд би хагас хамгаалагчаар тоглож, намраас нь цалин авч эхэлсэн. Ухаандаа мэргэжлийн хөлбөмбөгчин болж байгаа юм уу даа. Ингээд л 1956 1968 он хүртэл улсын болон армийн шигшээ багт тоглосон. 1959 оноос улсын шигшээг арми руу шилжүүлж армийн шигшээ баг болгосон юм. Энэ үед хөлбөмбөгийн аварга шалгаруулах хот, бүс, улсын чанартай тэмцээнд дандаа л түрүүлдэг байлаа. 

-Улс хотын чанартай тэмцээнд шигшээ баг нь илт давуу хожих нь тодорхой. Өөр орны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх эсвэл олон улсын тэмцээнд оролцож байж ур чадвараа ахиулна. Танай шигшээ баг олон улсын чанартай тэмцээн уралдаанд ямар амжилттай оролцдог байв?

-1959 оноос 1973 оны хооронд Зөвлөлтийн Өвөр байгалийн цэргийн тойргийн багтай харилцан зочилж нөхөрсөг тоглолт хийдэг байв. Тэдний талбай дээр хожигдлоо гэхэд өөрсдийнхөө талбайд буулгаж авдаг байлаа. 1993 онд Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд орох хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэмцээнд орох хүмүүс маань бэлтгэлдээ ирдэггүй. Ажил төрөлтэй хүмүүст амралт чөлөө олдоход бэрх. Бэлтгэлээ олигтой хийгээгүй юм чинь тэр тэмцээнд яаж ч амжилттай оролцох билээ дээ. Эхний тоглолтдоо Хятадын шигшээ багт зургаа нэгээр хожигдсон. Харин Макаогийн багийг дөрөв гурваар хожоод зургаан орноос тавдугаар байрт шалгарсан. Дараахан нь Тайландад болох Зүүн Азийн арвангуравдугаар тоглолтод оролцох багийг бэлтгэх үүрэг надад өгсөн. Тухайн үед нь би “Хонь хариулдаг мориор уралдаанд сойсон хүлэгтэй уралдахтай л адил юм болно доо” гэж хүртэл хэлж байсан. Байнгын бэлтгэлтэй багтай тэмцээн дөхөхөөр л ажил төрлөөсөө чөлөө аваад ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд бэлтгэл хийгээд тоглоход хожил хэний талд байх нь мэдээж шүү дээ. Гэхдээ ингэж гадны багтай тоглох болсноор бидний ур чадвар сайжирсан шүү. 

-Хөлбөмбөгийн төрөлд тив дэлхий, олон улсад амжилт гаргаагүй учраас энэ спортоор монгол хүн угаас амжилт гаргаж дөнгөхгүй, бидэнд тохирохгүй спорт хэмээн санах хүмүүс цөөнгүй байдаг шиг санагддаг? Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Монгол хүн хөлбөмбөгийг гайхамшигтай уран чавдарлаг тоглох боломж бүрэн бий. Бүр 1973 онд ЗХУ-ын сурган хүмүүжүүлэх ухааны доктор энэ чиглэлээр судалгаа хүртэл хийсэн байдаг юм шүү. Нуруу урт, хөл майга, тогтвор сайтайгаас гадна тэсвэртэй, хүчтэй учраас монгол хүн хөлбөмбөг тоглохдоо гаргуун болж болно. Гагцхүү ойрын зайн хурд, техникээ сайжруулах хэрэгтэй хэмээн судалгааны дүн гарсан байдаг. 1958 онд ардчилсан Солонгосын шигшээ баг манай багтай тоглоход эхний тоглолтод нэг нэгээр тэнцээд, дараагийн тоглолтдоо нэг тэгээр хожигдсон. Тэгсэн өнөөх шигшээ баг чинь 1966 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд эхний наймд шалгарч байсан. Хятадын шигшээ багтай өгөө аваатай тоглодог байлаа. Бэлтгэл сургуулилтийг сайн хийвэл хөлбөмбөгөөр амжилт гаргах бүрэн бололцоотой. Бид хэсэгхэн хугацаанд тогтмол бэлтгэл хийгээд л дээрх амжилтанд хүрсэн. 

-Монголын хөлбөм­бөгийн спортын түүхэнд хүүхдийн дасгалжуулагчаар удаан хугацаанд ажилласан тань шиг туршлагатай дасгалжуулагч байхгүй. Таны хувьд хөлбөмбөг тэр дундаа хүүхдийн хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байгаа ямар асуудлууд байна гэж боддог вэ? 

-1962 оноос өнөөг хүртэл хагас зуун жил дасгалжуулагчаар ажилласны хувьд сэтгэл эмзэглэдэг зүйл байлгүй яах вэ. Одоо бол хөлбөмбөгийн талбай хүрэлцээтэй, орчин нөхцөл нь сайжирч байгаа ч дасгалжуулагч багш нарын ур чадвар л дутмаг юм уу даа гэж харагдах болсон. Тэдэн дунд улс хотын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, хөлсөө дуслуулж явсан тамирчин тун цөөн. Ихэнх нь хэдхэн долоо хоногийн давтан сургалтаар багшлах үнэмлэхээ авсан байх жишээтэй. Багш дасгалжуулагч нар л ур чадвараа сайжруулбал хөлбөмбөгийн төрөл хөгжихөд маш том түлхэц болно.  

-Та нас сүүдэр 80 дөхөж яваа ч таны хөл хөнгөн, хараа хурц, сонсгол сайн юм. Ийм эрүүл чийрэг байгаагийн нууц нь хөлбөмбөгийн спортоор хичээллэсний ач тус байх тийм үү?

-Уг нь бол би аль 1987 онд тэтгэвэртээ гарсан юм шүү дээ. Ганц хоёр жил “Алдар” нийгэмлэгт цагийн дасгалжуулагч хийж байгаад 1989 оноос Биеийн тамирын хорооны дэргэдэх Спорт сургалтын төвд хүүхдийн хөлбөмбөгийн дугуйлан ажиллуулах болсон. Бүртгүүлэхээр хүүхдүүд ирэх болов уу гэж санаа зовж байтал 200 гаруй хүүхэд цугласан юм. Тэндээсээ шигшиж байгаад гурван насны ангиллаар 45 хүүхэд бүртгэж аваад тав зургаан жил хичээллүүлсэн дээ. 1995 онд “МонСол” хэмээх клубээ ажиллуулж байгаад 1998 оноос Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагчаар албан ёсоор ажиллах болсон. Энэ мэтчилэн хөл дээрээ явж, нүдээрээ харж байгаа цагт энэ спортоо хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсээр ирсэн, хийх ч болно. Үүний төлөөс нь эрүүл чийрэг бие бялдар юм даа. 

-Хөлбөмбөгийн ДАШТ-д аль улсын шигшээ багийг дэмжиж байв?

-Нидерландын багийг түрүүлчихээсэй гэж бодож байсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ээс гурван ч удаа мөнгөн медаль хүртсэн баг түрүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь төсөөлж байсан хэмжээнд хүртэл тоглож чадаагүй. Бразилийн шигшээ баг аваргын төлөө маш хариуцлагагүй тоглосон. 1958 оны дэлхийн аваргаар Бразилийн шигшээ баг дөрвөн довтлогч, дөрвөн хамгаалагч, хоёр хагас хамгаалагч гэсэн шинэ системээр амжилттай тоглосон. Урдаа дөрөв нь довтолно гэдэг сиймхий л гарвал эсрэг багийн хаалганд бөмбөг оруулдаг “босоо” байлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн нь ч сайн байсан. Гаренчи, Пеле, Бава, Лагала, Диди нар багийн бүрэлдэхүүнд байсан. Энэ жилийнх шиг ганцхан хүн дээр довтолгоогоо төвлөрүүлж тоглодоггүй байсан. Тэр нь (Нэймар) бэртчихээр тэгээд л тоглолт нь унах жишээтэй. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *