Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун: Монголбанк бодлогын хүүгээ есөн хувь болгож байгаа нь хангалтгүй санагдаж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр ээлжит бус хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, есөн хувьд хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргав. Энэ талаар Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.


-Бодлогын хүү хэр хугацаанд есөн хувь байвал эдийн засагт нааштай үр дүн гарах вэ?

-Бодлогын хүү бол угаасаа арилжааны банкинд зориулсан хүү. Арилжааны банкууд Монголбанкнаас гаргаж байгаа үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдаж авах нөлөөлдөггүй шүү дээ. Тэгэхээр арилжааны банкууд өөрсдөө эрсдэлтэй гэж үзвэл хүүг хэчнээн доош нь буулгасан ч гэсэн авна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны үнэт цаасыг худалдаж авна гэсэн үг. Улам доош нь оруулаад ашиг орлогоо бодоод зээл өгнө. Зээл өгөхдөө үүнээс хамаараад банк хүүгээ тогтоохгүй. Тэгэхээр арилжааны банкууд энэ шийдвэрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс л бүх юм хамаарна. Арилжааны банкнууд есөн хувь болгосон ч хүмүүст зээл өгч хэрэлдэж байсан дор есөн хувийн хүүгээр нь хамаагүй Монголбанкны үнэт цаасыг худалдаад авчихъя гэдэг шийдвэр гаргах юм бол ерөөсөө нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Тийм болохоор арилжааны банкуудын эрх зүйн хувьд үзүүлэх реакц, хариу үйлдэл л үүн дээр шийдвэрлэгдэнэ гэж ойлгож болно.

-Бодлогын хүүг есөн хувь хүртэл болгосон нь ямар ач холбогдолтой вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ есөн хувь болгож байгаа нь надад бол хангалтгүй санагдаж байна. Үнэхээр үүнийг шийдье гэж байгаа бол өшөө доош нь буулгах хэрэгтэй.

-Үүнийг гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ?

-Энэ шийдвэр Арилжааны банкуудыг зээл олгуулах л нөлөөтэй. Банкинд нөөц мөнгө байгаа шүү дээ. Эсвэл төв банкны үнэт цаасыг авна. Аль эсвэл зээл болгоно гэсэн хоёр хувилбар байж байна. Тэгэхээр зээлийг манай Монголбанкнаас битгий аваач ээ, манай хүү бага шүү гэдэг утгаар наад хүү чинь бууж байна гэсэн үг. Тэгэхээр дээр дурдсанчлан хамаагүй зээл өгч эрсдэлд орж байсан дор наадахыг чинь аваад сууж байя гэвэл үр дүнгүй.

-Ер нь Монголбанк хүүгээ нэг нэг хувиар бууруулаад л байна. Цаашлаад өшөө илүү бууруулах боломжтой юу?

-Бодлогын хүүг бууруулах боломжтой. Бодлогоос хамаараад цаашлаад тэглэчихэж ч болно. Тэглэчих юм бол банкуудад байгаа хадгаламжнаас цугларсан мөнгөө хадгаламжийнхаа хүүг өгөх мөн зээлийн хүүг авахын тулд банк зайлшгүй зээл өгч таардаг. Тэгэхээр банкийг зээл өгүүлэхийг л шахаж байгаа нэг хэлбэр чинь энэ л дээ.

-Бодлогын хүүг ингэж буулгаснаар банкинд ямар сонголтууд гарч ирж байна вэ?

-Төв банкны үнэт цаасыг барьчихаад сууж байх уу, дараа нь найдвартай есөн хувийн хүү авах уу гэдэг ийм л сонголтыг өгч байгаа юм, банкинд. Хэрэв бодлогын хүүг тэг хувьтай болгочих юм бол яалт ч үгүй зээл өгч эхэлнэ. Одоогийн есөн хувь болгож бууруулсан нь банкууд үнэт цаасыг худалдаад авчих боломжтой байна л гэсэн үг. Боломж гэж харах юм бол есөн хувиар орлого олох боломж банкуудад гарч ирж байна. Гэхдээ үүнийг Монголбанк хүсэхгүй байгаа шүү дээ. Монголбанк аль болохоор банкуудыг зээл өгүүлж аж ахуйн нэгж, олон нийтийг дэмжүүлэх гээд байгаа. Банкнууд ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдгээс л хамаарна. Монголбанк бол хүүгээ бууруулчихлаа гээд л сууж байгаа шүү дээ.

-Бодлогын хүүг нэг хувиар бууруулж байгаа нь ард иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт хэр үр өгөөжтэй вэ?

-Би бол чамлаж байгаа гэдгээ хэлсэн. Энэ бол тийм сайхан буулт биш. Тэг хүртэл хувиар ч бууруулж болно шүү дээ. Ер нь хүү буурснаар нийгэмд гарах үр ашиг нь аж ахуйн нэгжүүдэд өгөх л түлхэц өгч байгаа юм. Түүнээс биш шууд зээлийн хүү буураад, зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үр дагавар байхгүй. Цаашлаад Монголбанкны бодлогоо хэрэгжүүлэх ганц хэрэгсэл нь энэ юм. Энэ хэрэгслээ л ашиглаж байна даа, хөөрхий. Энэ нь хэр үр дүнтэй болох юм байгаа юм. Үүнийг банкууд л мэднэ дээ.

Бодлогын хүү гэдэг бол Монголбанкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүү л дээ. Ингэж хүүг буулгах нь бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл юм. Энэ хэрэгслээ ашиглаж байна. Хэр тооцоотой есөн хувь руу оруулж байгаа юм. Уг нь бол үүнээс цаашаа бууруулчих л хэрэгтэй байна. Ямартаа ч энэ бол бодлогын хэрэгсэл. Эцсийн шийдвэрийг арилжааны банкууд л гаргана даа. Арилжааны банкинд сонголт гаргаж байна. Юунд түлхээд байна вэ гэхээр банкуудыг мөнгөтэй юм бол зээл өгөөч ээ. Манай үнэт цаасыг битгий аваач ээ гэсэн санаа. Тэгэхээр арилжааны банкууд хангалттай байгаа юм чинь аль нэгийг нь сонголтгүйгээр зээлэнд түлхье гэвэл шууд хүүг нь тэглэх хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *