Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнийн ээлжит зуулт

2021.3.8. ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭ Т.ЧИМГЭЭТЭЙ УУЛЗАВ

Энэ жилийн “Март-8”-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид очиж С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзсан. Ярьж заншсанаар “Март-8”, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэр өдрийн өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулжээ. Түүгээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй уулзах үеэрээ олон ноцтой зүйл ярьсан. Т.Чимгээ ч цурхиртал уйлж байгаад үгээ хэлэх шиг болсон. Уузалтын үеэр “Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал”, “Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой”, “Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ”, “Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн” зэргийг Ерөнхий сайд хэлсэн. Энэ талаар олон нийтэд хандаж ярихдаа “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс Засгийн газрын өглөө ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотой асуудлаар хуралдсан. Дараа нь Т.Чимгээтэй уулзлаа. Надад шүүхийн гэм бурууг ярихгүй, тийм эрх ч байхгүй. Харин шүүн таслах үйл явцад хууль зөрчсөн, хүний эрх зөрчсөн Засгийн газартай холбоотой асуудал байгаа юм. Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан” гэж ярьсан юм.Энэ уулзалтын дараахан Т.Чимгээгээс “хурууны хээ авч буй” гэх бичлэг ил болсон.

2021.3.18.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮДЭН ШҮҮДЭГ, ХҮЧЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙЖ ТААРАХГҮЙ

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд бус энэ хэргийг “илрүүлэх” явцад хүний эрх зөрчигдсөн үү гэх асуудалд анхаарлаа хандуулсан гэхэд болно. Үүнийгээ “Март-8”-нд хэлсэн. Бас 2021 оны гуравдугаар сарын 18-нд ХЭҮК-ынхонтой уулзахдаа ч энэ талаар ярьжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүй. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ тэмдэг байдлаар ярьж ирснийг одоо үндсэн агуулгаар нь ойлгож, ажиллах цаг болсон” гэв.ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “ХЭҮК 19 удаа илтгэл гаргасны 13-т нь эрүүдэн шүүлт байна гэж дүгнэн УИХ-д танилцуулсан. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгох зэрэг УИХ-аас гаргасан тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Т.Чимгээг эрүүдэн шүүсэн гэдгийг шүүх эцэслэн тогтоовол олон улсын байгууллагад хандах боломжтой. Хэргийг нь богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бид энэ сарын эхээр 401 дүгээр хаалттай хорих ангид ажилласан. ХЭҮК эрүүдэн шүүлтийг хэзээ ч зөвтгөхгүй” гэв. Энэ мэтчилэнгээр ХЭҮК-ын гишүүдийг байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүхийн байгууллагад хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэхдээ иргэд хэргээ шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй. Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой байхад ХЭҮК чимээгүй байх нь эс үйлдэл. Хэн ч дуугарахгүй бол хууль бус байдлыг засч чадахгүй. Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр та бүхэнтэй нягт хамтран ажиллана” гэсэн юм.

2021.3.31. ДЭЭД ШҮҮХ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР Б.ХУРЦАД 1.5 ЖИЛ, Г.ЭРДЭНЭБАТАД НЭГ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Б.Хурц нарт холбогдох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 31-нд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хэлэлцсэн. Энэ шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Харин Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.5 жил хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 140 000 төгрөгөөр тогтоов.

2021.3.31. С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДЫГ НУУЦААС ГАРГАХ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэрийг гаргажээ. Эдгээрийг нууцаас гаргах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхий сайдад хандаад байсан юм. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох уг хэргийн15 мянга гаруй хуудас материал байдаг. Тэднийг уг хэрэгт 2016 онд шийтгээд, хэргийн материалыг нууцын зэрэгт хамруулж, 20 жил нууцлахаар болсон байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар нууцаас гаргах асуудлыг дэмжвэл шууд ил болох боломжтой болсон. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргажээ.

Т.ЧИМГЭЭГ СУЛЛАХ УУ?

Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс хоригдсон.Энэ хэрэгт буруутайд тооцож 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шүүхээс 20 жил хорих ял шийтгэсэн. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг Дээд шүүхээр тогтоолоо. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм байна.

Энэ талаар эх сурвалжууд “Прокурор эрүүдэн шүүсэн байна гээд эсэргүүцэл бичих ёстой. Үүний дагуу Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой” гэж яриад эхэлсэн.

ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГЗУУСАНЛ.ОЮУНЭРДЭНИЙН АЖИЛ ДУУССАН УУ

Л.Оюун-Эрдэнийг улстөрчийнхөө хувьд хэн бэ гэдгийг монголчууд мэддэг болсон. Барьсан асуудалдаа яаж ийгээд шийдэл олчихдог. Овоо шазруун, овоо ч зуудаг нөхөр гэдэг. Олон жишээ, үйл явдлуудаас харсан. Тэрээр энэ удаад хүний эрхийн тухайд анхаарал тавьжээ. Тэр тусмаа онц ноцтой хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүчээр хэрэг хүлээлгэсэн эсэх асуудлыг “зууж”, түүнийгээ ерөнхийд нь дуусгаж байх шиг байна. Ер нь бол С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр улс төрийн хүчнүүд, улстөрчид ч “шоу” хийсээр ирсэн. “Илрүүлнэ” гэдэг. “Захиалагчийг тодруулна, удахгүй” гэцгээдэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ бүх улс төрөөс арай өөр зүйл рүү явах шиг болов. Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн учраас суллахаас аргагүй нөхцөл рүү түлхэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт шинэ нөхцөл үүслээ. Тэгэхээр хэргийг хэрхэн шийдэх нь хууль хянатынхны өмнө дахиад нээлттэй болж байна. Магадгүй, олсны үзүүр дэх бүр сонирхолтой хүмүүс рүү ч хөтөлж мэдэх юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *