Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Отгонцэцэг: Д.Одбаярын зохисгүй үйлдлээс шалтгаалж хоёр иргэн ажлаасаа халагдсан


“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлийн зохицуулагч Л.Отгонцэцэгтэй ярилцлаа.


-Цэцийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед халдсан, өгзгөнд нь хүрсэн гэх шуугиан одоо хэр нь намжаагүй байна. Энэ шуугиан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдэд яаж нөлөөлж байна вэ?

-БНСУ-д 50 гаруй мянган иргэн албан ёсоор болон хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Зарим хүмүүст дээрх шуугиантай холбоотойгоор асуудлууд үүсэж эхлээд байна.

Жишээ татахад банканд карт захиалахад л өдөртөө гаргадаг байсан бол Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь чирэгдэл учруулж бичиг баримтыг нь 3-5 хоногийн дараа гаргаж өгдөг болсон гэсэн. Үйлчилгээний газруудаар явахад нь ч Монгол иргэдийг дорд үзэж, доог тохуу хийж харьцдаг болсон байна.

-Дээрх шуугиантай холбоотойгоор иргэдэд учирсан бодит хохирол байна уу. Үүнээс шалтгаалж ажлаасаа халагдсан тохиолдол бий юу?

-Ялангуяа үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд, оюутан бүсгүйчүүдэд тодорхой хэмжээний асуудлууд тулгараад байгаа. Монгол эмэгтэйчүүд сэтгэлийн хаттай, хэр баргийн бэлгийн дарамтыг даагаад гарчихдаг, бэлгийн дарамтад ач холбогдол өгдөггүй гэсэн хандлага гаргадаг болсон юм билээ.

Монголд хүнээ хамгаалсан хууль байдаггүй учраас Солонгосчууд тоомжиргүй харьцах хандлагууд гарч байсан талаар, мөн үүнээс шалтгаалж хоёр эмэгтэй ажлаасаа халагдсан мэдээлэл ирсэн.

-БНСУ-д ажиллаж буй монгол иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Наад захын үйлчилгээ авахад монгол хүн гэдэг утгаараа ялгаварлан гадуурхуулж байна. Ялгаварлан гадуурхагдаж байгаа асуудал бол БНСУ-д амьдарч байгаа дийлэнх монголчуудад тулгарч байна. Дийлэнхэд нь асуудал тулгарч байгаа учраас тэдгээр иргэдийн эрх ашгийг Монгол Улс, монголын хууль хамгаалах ёстой гэж үзэж байна.

Гэхдээ тухайн иргэн БНСУ-д ажиллаж байгаа 50 гаруй мянган иргэнийг төлөөлж чадахгүй. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дийлэнх иргэдэд ийм асуудал тулгараад байгаа. Тэр иргэдийн эрх ашгийг Монгол Улс, монголын хууль хамгаалах ёстой. Монгол Улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас иргэнээ хамгаалахаар “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдэл дуу хоолойгоо нийлүүлж БНСУ-ын төрийн бус байгууллагатай хамтарч дуу хоолойгоо нэгтгэн хамтарч ажиллаж байна.

-“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” жагсаалыг Үндсэн хуулийн Цэцийн байрны өмнө зохион байгууллаа. Жагсаалын зорилго юу вэ?

-Төрийн эрх мэдэлтэй хэн нэг хүн ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан бол хариуцлагаа бүрэн хүлээдэг системтэй болъё. Өөрийнхөө саналаар ажлаа егдөг байя. Мөн хэн нэг хүн хариуцлага алдах юм бол ард түмнээсээ болон бусад шаардлагатай хүмүүсээс уучлал гуйж суръя.

Гол зүйл нь ажлын байрны бэлгийн дарамтыг эргүүлж хуулийн төсөлд нь оруулах зорилготойгоор энэ ажлыг эхлүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *