Categories
мэдээ цаг-үе

Л.Нинжжамц: Зорьсныхоо төлөө зоригтойхон ажиллана

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцтай ярилцлаа.


-Та энэ байгууллагад шинэ хүн биш. Өмнө нь энэ байгууллагад удирдах ажил бас хийж байсан. Эдүгээ Ерөнхий захирлаар нь ажиллаж байна. Тодорхой хугацаа өнгөрч байна. Ажил тань сайн уу?

– Эхлээд танай сонины өнөр уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тиймээ, би өнгөрсөн онд энэ байгууллагадаа эргэн ирж ажиллах боломж олдлоо. МҮОНРТ-ийн Дэд захирлын сонгон шалгаруулалтад оролцож, Дэд захирлаар томилогдсон. Он гармагц МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 9 хүнтэй өрсөлдөж тэргүүлэх болзол хангаж, Үндэсний зөвлөлийн тогтоолоор Ерөнхий захирлаар томилогдсон. Бүрэн эрхээ хэрэгжүүлээд 3 сар болж байна даа. Байгууллагад маань хийх ажил их байна. Бүх түвшинд шинэчлэлт өөрчлөлт хийх, боловсон хүчнээ чамбайруулах, уран бүтээлийг чанаржуулах, ажиллагсадын нийгмийн асуудлыг сайжруулах, техник технологийг орчин үеийн эн шаардлагад нийцүүлэх гээд олон ажил хүлээгдэж байна. Төлөвлөлт хийгээд, дэс дараатай ажиллаж байна. Удирдлагын багаа бүрдүүллээ. Ажиллах, өрсөлдөх чадварыг шалгуур болгож, зөвхөн хариуцлага, үр дүн нэхэх зарчмыг баримталж байна. Манай хамт олныг зөв удирдаад явбал их зүйлийг чин сэтгэлээсээ хийж чаддаг хамт олон. Бид ашиг харах биш ард олныхоо төлөө чин сэтгэлээсээ ажилладаг соёл түгээдэг хамт олон.Өөрөөр хэлбэл сайн засаглалын хөтөлбөрийн хүрээнд хамт олонд удирдлагын явуулж байгаа үйл ажиллагаа, санхүү, хүний нөөцийн бодлого нээлттэй ойлгомжтой болж хамт олон амар тайван ажлаа хийдэг болсон гэсэн үг юм.

-Ажлаа авсаар хамгийн түрүүнд бодогдсон асуудал юу байна. Хаанаас нь “барьж” авч байна вэ?

– Юуны өмнө өнгөрсөн жилүүдийн ажлын явцад дүгнэлт хийж байна. Юун дээрээ алдав, онов, хожим гэдгийг нягталлаа. Миний дүгнэлтээс илүү 2016 оны дотоод болон хөндлөнгийн аудит, УИХ-аас гаргасан ажлын хэсгийн санаачилгаар хийгдсэн гурван байгууллагын хамтарсан дүгнэлтэд би их цочирдсон. Тухайлбал, санхүүгийн хувьд эфирийн болон гадаад дотоод 3 тэрбум төгрөгийн өртэй.

-Ийм их өртэй гэж үү. Өмнөх парламентын үед төсвийг нь хассанаас үүдэлтэй юу?

-Би зөвхөн бодит баримт, байгаа байдлыг л ярьж байна. Хэнээс, юунаас, хаанаас үүдэж ийм байдалд хүрснийг олон нийт мэдээж ойлгож байгаа. Энэ байгууллага бол үндэсний нэн чухал объект. Яагаад ийм байдалд орсоныг яллахаас өмнө миний хувьд ийм нөхцөл байдалтай ажил хүлээж авсанаа хэрэглэгчдэдээ, ард түмэндээ хэлэх хэрэгтэй, эрхтэй.

Нийт өр төлбөр оны эхнээс 1,249,449.9 мянган төгрөгөөр өссөн. Хураамжийн орлого, төсөл хөтөлбөрийн орлогоос бусад орлогын төлөвлөгөө тасарч, нийт зардал 660,175.4 мянган төгрөгөөр хэтэрсэн байна. Төрийн банкнаас авсан зээлийг нөхөх эх үүсвэрийг бүрдүүлээгүйгээс нийт 1,865,235.8 мянган төгрөгийн үргүй зардал гаргажээ. Завсрын аудитын явцад МҮОНРТ нь өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй 20 гаруй ААНБ-ыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байсан бөгөөд дээрхи байгууллагуудын цахилгааны төлбөрийг төлж байснаас шалтгаалж 213,384.7 мянган төгрөгийн авлага үүссэн байсан. Түүнчлэн Нийгмийн даатгалын тайлангаа буруу гаргаж их хэмжээний торгууль тавигдаж байна. Мөн өмнөх захирал маань Засгийн газраар баталгаа гаргуулж Хятадаас 25 сая долларын концeсын гэрээ хийж Хятадын компанид төлнө, үзэгчдээс авдаг нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг нэмж 10 жилийн турш 50 тэрбум төгрөг төлнө гэж хий төсөөлөл ярьсны балгаар манай байгууллага наад захын техникийн сэлбэг, уран бүтээлчдийн өдөр тутмын хэрэгцээ камeр, компьютeр, суух сандал ширээ, микрофоноо авах төсвийг 2017 онд суулгаагүй байна.

Байгууллагын ажиллагсадын хүсэлтээр ОНРТ-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх дүгнэлтэд тухайн үеийн гүйцэтгэх удирдлага Монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмуудыг 47 зүйл заалтаар зөрчсөн нь тогтоогдсон юм. Хамгийн их сэтгэл эмзэглэж байгаа асуудал “Сэтгэлийн үндэс” хэмээх аян байсан. МҮОНРТ гэсэн сайхан нэрийн дор сайхан ажил санаачлаад байгууллага, хамт олон, хувь хүнээс 400 гаруй сая төгрөг бэлэн болон бэлэн бусаар төвлөрүүлэн цэцэрлэгийн ажлыг эхлүүлсэн боловч түүний хойноос тууштай ажиллалгүй эзэнгүй хаясанд би их харамсаж байгаа. Бид үүнийг цаашид нь тодорхой шийдэлд хүргэн шийдвэрлэж олон нийтэд мэдээлэх болно.

-МҮОНРТ-ийн удирдлага, бүтэц зохион байгуулалт ойр ойрхон солигддог үүнээсээ шалтгаалж тогтворгүй байдал үүсдэг хэмээн шүүмжилдэг. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?

-2015, 2016 онд МҮОНРТ нь бүтцийн өөрчлөлтийг 5 удаа хийсэн нь улс төрийн халаа сэлгээ хийх боломж олгосон байна гэж “ОНРТ-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ТББ-н хорооны дүгнэлтэд” дурьджээ. Тухайлбал, жил гаруй хугацаанд Монголын мэдээ сувгийн захирал 4 удаа, ОНРТ-ийн Дэд захирал 3 удаа, MNB1 дүгээр сувгийн захирал 3 удаа солигдсон байна. Иймд энэ байдалд дүгнэлт хийж 2017 оны эхний улиралд МҮОНРТ-ийн Үндсэн үйлдвэрлэлийн салбар буюу МҮОНР, МҮОНТ, Монголын Мэдээ сувгийн сэтгүүлч, уран бүтээлчдийн саналд үндэслэн Захирлуудын зөвлөлөөрөө хэлэлцэн туршилтын журмаар, тодорхой хугацааны дараа үр дүнг нь тооцож бүтцээ хэлэлцэхээр зарим өөрчлөлтийг эхлүүлээд байна. Тогтворгүй байдал ингэж их үүсгэснээр уран бүтээлийн чанар чансаа муудаж, хэрэглэгчдийн эрх ашиг хангагдаагүй гэж үзэх үндэстэй. Үүнийг тогтворжуулах, үр бүтээлтэй, чанартай ажиллахыг байгууллагын бүхий л түвшинд хэлж, ярьж , өөрчлөлтийг эхлүүлээд явж байна. Ерөнхий захирлын ажлыг хийж эхэлснээс хойш ажлын байранд удаа дараалан архидан согтуурсан, реклам сурталчилгааны орлогыг идэж шамшигдуулсан, эфирийн ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр хэд хэдэн хүн ажлаас чөлөөлөгдсөнийг эс тооцвол хүний нөөцийн тогтвортой ажлын байр, тогтмол орлого гэсэн үндсэн зарчим хэвийн байгаа.

-Та гүйцэтгэх удирдлагын баг гэж ярилаа. Одоо та өөрөө ямар баг бүрдүүлсэн бэ?

-Би энэ байгууллагад ирээд мэргэжлийн уран бүтээлчдийг түшиж ажиллана гэж бодсон. Ирээд л явдаг гадны хүмүүсээс энэ хүмүүст арай өөр, арай дадамжтай, илүү сэтгэлтэй ажиллах болов уу гэж итгэж найдсан.Тэр ч утгаараа энэ телевизэд залуу насаа, урам зоригоо, авьяас билэгээ зориулсан хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Миний сонгосон энэ хүмүүсийг Мягмарын хүн, Наранбаатарын хүн, Оюундарийн хүн гэх мэтээр янз янзаар ярьдаг. Тэгвэл энэ байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүсийг Өвгөнхүүгийн, Энхтүвшингийн, Мөнхтөрийн, Билэгтийн, Ганболдын хүн гэж хэлэх байсан уу? Тэр ч бүү хэл Түр хорооныхон гэж нэрлэж байгаа. Үүнд өгөх тодорхой хариулт байгаа. Эдгээр хүмүүс бүгд өөрийн гэсэн овогтой. Ажил хийж байсныхаа төлөө хэн нэгнээр цоллуулахын эсрэг байгаа. Түр хороо гэж цоллуулсан хүмүүс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ байгууллага дээр хууль зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарч нүдэн дээр нь уран бүтээл болон бодлогын ноцтой алдаанууд гарч байгаатай эвлэрэхгүй байсан учраас түүнийг өөрчлөх шинэчлэх хэрэгтэй гэж тэмцсэн юм билээ. Би ч үүнийг бас буруу гэж бодоогүй. Яагаад гэвэл олон газрын шалгалт, дүгнэлт, олон нийтийн хандлагаар нотлогдсон учраас МҮОНРТ-ийг цаашид мэргэжлийн, олон нийтийн итгэлийг хүлээсэн сайн сайхан байгууллага байгаасай гэсний үндсэн дээрээс санаа сэтгэл нэгдэж үзэл бодлоо илэрхийлсэн хамт олныхоо итгэлийг хүлээсэн хүмүүс байсан. Тэдний зарчмын үзэл санааг дэмжиж, илүү бүтээлч, олон нийтийн үзэл санаанд нийцсэн уран бүтээлийг хөхиүлэх бодлоор өнөөдрийн манай багийнхан бүрдсэн, бүрдүүлсэн гэж ойлгож итгэж байна. Энэ байгууллагын ирээдүй, сайн сайхныг манай ажиллагсад л авч явах, илүү сайн болгох үүрэгтэй. Энэ сэтгэл нь бий гэж итгэдэг.

-Таны хувьд нилээн хүндхэн ажил хүлээж авч байгаа юм байна. Энэ үүссэн нөхцөл байдлыг хэрхэн даван туулна гэж бодож байна вэ

-Байдал хүнд байгаа. Энэ байдлаа бид нийт уран бүтээлч, ажилтнууддаа танилцуулсан. Бүгд зорилго нэгтэйгээр эрсдлээ даван туулах тодорхой хугацаатай төлөвлөгөө гарган ажлаа эхэлсэн. Байгууллага маань өр ихтэй, үргүй зардал ихтэй явж иржээ. Нэг байшингийн дотоод засал хийхэд нэг тэрбум наасан байх жишээтэй.

-МҮОНРТ-ийг маш олон хүнтэй гэдэг. Үнэхээр тийм юм уу?

-Олон гэж харвал олон л гэх байх. Гэхдээ энд ажиллаж байгаа 680 хүн хэдэн салбарт ажиллаж байгааг хүмүүс сайн ойлгодоггүй юм. Би жаахан тодруулга хийе. ОНТ-ийн I, II суваг, ОНР-ийн гурван суваг, mnb.mn цахим хуудас, дэмжих салбар гэхчлэн үндсэндээ 6 байгууллага байгаа юм. Ингээд ултайхан үзэхээр үндэсний соён гэгээрэл, ардчилал, тусгаар тогтнолын тодорхой илэрхийлэл болсон ийм байгууллагыг энэ дайны баг хамт олон тулах л учиртай.

-Тэгвэл энэ 680 хүний дундаж цалин хэд байдаг юм бэ.

– МҮОНРТ нь 2010 оноос хойш цалин хөлсийг 2 удаа нэмэгдүүлсэн /2012, 2014 онд/ байдаг. 2012 оны 1-р сараас нийт ажиллагсдын цалинг 50 000 төгрөгөөр, 4-р сараас 29.2- 36% нэмэгдүүлсэн байна. Тухайн үед ажиллагсдын дундаж цалин 627000 төгрөг байжээ. 2014 онд цалин хөлсийг 20 хувиар нэмэгдүүлснээс хойш 2015, 2016 онд цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй байна. Харин 2017 оны 3-р сарын 1-нээс тогтмол 52 000 төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж цалин хөлс 802 568 төгрөг боллоо. Үндсэн цалин 52 000 төгрөгөөр өссөнөөр ажлын гүйцэтгэлийн 20 хувийн нэмэгдэл нь 10 400 төгрөгөөр, нийт дүнгээрээ 62 400 төгрөгөөр нэмэгдсэн байна.

– Цалин өснө гэдэг манай хэвлэл мэдээллийн салбарын цалин багатай бидэнд сайхан мэдээ байна. Нийгмийн асуудлуудын хүрээнд та ямар бодлого барих вэ?

-МҮОНРТ-ийн ажилтан албан хаагчдын II ээлжийн орон сууц ашиглалтад орж ажиллагсад орон сууцаар хангагдаж Цагаан сарын өмнөхөн захиалсан байрандаа орцгоосон. Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа ч орон сууцанд орсон ажилчиддаа орон сууцны зээлийг олгуулж чадлаа. Би МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх Мөрийн хөтөлбөрийнхөө гол цөмийг ХҮН гэж тодорхойлсон. Мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай эрүүл хүн байж манай байгууллага хэвийн ажиллана. Иймд саяхан ажиллагсадаа элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулж Д витаминыг нь хэмжүүллээ. Мөн ходоодны дуранд оношлуулахад хамрууллаа. Цаашид ч шат дараатайгаар олон ажил төлөвлөж байгаа. Хувь хүний ур чадварыг сайжруулах тал дээр анхаарч богино дунд хугацааны сургалт, ажлын байран дээр нь мэргэшүүлэх шавь сургалтыг тогтмолжуулна.

-Саяхан УИХ-аас танай байгууллагад хөрөнгө оруулалтын төсөв баталж өгсөн. Үүнийг хэрхэн үр бүтээлтэй ажил болгохыг тань олон нийт харж байгаа байх аа...

-Тиймээ, энэ бол хууль тогтоох дээд байгууллагаас манай байгууллага болон сонсогч, үзэгчдэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа.Энэ хөрөнгө оруулалтаар бид дэлхийн жишигт нийцсэн бүрэн HD форматад шилжих юм. Энэ бол техникийн шинэчлэлт боловч цаад утгаараа уран бүтээлийн чанарт том дэвшил гаргана. Энэ удаагийн техникийн шинэчлэлт бол 50 жилийн түүхэн дэх хамгийн том шинэчлэлт юм. Энэ ажилд байгууллагын хүн бүхэн оролцож ойн өмнө техникийн шинэчлэлээ дуусгаж 50 жилийн ойгоо HD форматаар дамжуулах зорилт тавиад ажиллаж байна.

-Нээрээ, энэ онд МҮОНТ-ийн 50 жилийн ой болно. Энэ хүрээндээ ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Үндэсний зөвлөлийн гишүүдтэй хамтран төлөвлөгөө, төсвөө гарган батлуулаад байна. Хэд хэдэн багц арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Энэ бол манай байгууллагын түүхт ой. Бид ойг тэмдэглэх ажлын хажуугаар ойрын гурван жилийн бодлогоо төлөвлөж хөтөлбөрийн бодлогодоо 100 хувь шинэчлэлт хийхээр ажлаа эхлээд байна. Тухайлбал, Монголын мэдээ сувгийн хөтөлбөрийг бүрэн шинэчилж, мэдээллийн сувгуудтай өрсөлдөхүйц хэмжээнд Монголдоо жишиг болгон ажиллаж эхэлсэн. Үүний жишээ нь мэдээллийн хөтөлбөрийг олон эх сурвалжаас шууд дамжуулан шуурхай хүргэж байна. Мөн эдийн засгийн хөтөлбөр болон 21 аймгийг холбосон радио, телевизийн сүлжээг бий болгон орон нутгийн мэдээллийг өдөр тутам шуурхай хүргэж байна. Мөн үзэгч та бүхэнд дөнгөж сая “Дөлгөөн Дон” олон ангит уран сайхны киног хүргэсээн. Үүний адилаар цаашид бид албан ёсны эрхтэйгээр гадны кино болон бусад контентуудыг авч үзэгч олны хүртээл болгохоор эхнээсээ гэрээ байгуулагдаж эхэлсэн. Зөвхөн гадны гэлтгүй монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэхээр студи продакшнуудтай хамтран ажиллаж эхлээд байна. МҮОНТВ байгуулагдсаны 50 жилийн ой 9 дүгээр сарын 27-нд тохионо. Энэ ойгоо ажил хэрэгч зохион байгуулж, үзэгч сонсогч олондоо чамлахааргүй бэлгийг задална. Шинэ олон ангит кино, баримтат кино, теле жүжиг, шинэ нэвтрүүлгүүд, нийтийг хамарсан томоохон ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Бид Монголдоо телевизийн салбарын эхлэл цэг нь байсан, түүчээ нь болж яваа гэдгээ үзэгчиддээ дахин нотлон харуулах юм.

1,2-р суваг тус бүр Өглөө хөтөлбөр бэлтгэж, хүн хүч, хөрөнгө мөнгө тарамдаж байсан алдааг засч, “Өглөө” хөтөлбөрийг нэгтгэж, хүчээ нэгтгэж, чанаржуулсан. Facebook live-р үзэгчдийн хандалт тасралтгүй өсч байгаа. Мөн үзэгчдэд танигдсан нэвтрүүлгүүдийнхээ агуулгыг сайжруулж эхэлсэн. 1-р сувгаар Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрийг Даваа-Баасан гаригуудад 11-14 цагт үзүүлж эхэлснээр сүлжээн дэх нэвтрүүлгийн давталт 30 хувь хүртэл багассан. Монголын Мэдээ хөтөлбөрийг үзэгчдийн тоо ч нэмэгдсэн. 5 дугаар сарын дундаас 1-р сувгаар “Өдрийн хөтөлбөр” гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Хөдөөгийн малчид, гэртээ хүүхдээ харж буй эхчүүд, тэтгэврийн насныхан, ажилгүй иргэд, ажил дээрээ зурагттай хүн бүр энэ хөтөлбөрийн зорилтот үзэгч байх болно. Шинэ нэвтрүүлгүүд, шинэ төслүүдийг дэмжин ажиллаж байна. MNB хөтлөгчдөө ямар өндөр босго шалгуураар бэлтгэдэг вэ гэдгийг үзэгчдэд таниулах цоо шинэ шоу зураг авалтын шатанд явж байна. Тун удахгүй үзэгчдэд хүрнэ. Мөн гадаад улсад зураг авалтаа хийх сонирхолтой нэг төслийг тун удахгүй үзэгчдэд сонирхуулна. Робокон-2017 гэх мэт төслүүдийн шинэ дугаар эхэлнэ. Бас гэрэл зураг сонирхогчдод зориулсан шинэ төсөл ч эхэлж байгаа. Гадны студи, бусад арилжааны телевизүүдээ дэмжиж ажиллаж байна. Монгол тулгатны 100 эрхэм, “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгүүд MNB-р гарч эхэлсэн. Мөн тун удахгүй хэд хэдэн продакшнтай хамтарсан нэвтрүүлгүүд манай эфирээр гарна.

-Танай байгууллага олон салбартай. Ажаад байхад танай удирдлагууд телевизээ л гэх юм. Уг нь радио гэж ууган том айл бий дээ…

-Монголын радиогийн хамгийн урт хугацаатай шууд нэвтрүүлэг 45 минут байсан. Одоо “Тэнхлэг” гэдэг 6 цагийн хөтөлбөрийг ажлын өдөр бүхэн явуулж байна. Дэлхий нийтэд радио сэтгүүлзүйн чиг хандлага сонсогчтой хамтран бэлтгэх шууд хэлбэртэй, урсгал программ бүхий, зохиогчийн хөтөлбөр лүү явж байгаа энэ үед энэ бол маш том дэвшил юм. Монголын радио сэтгүүлзүйн хөгжлөөс хоцроогүйн тод жишээ бол энэ. Тэнхлэг хөтөлбөрийг сэдэвчилж төрөлжүүлснээр агуулгын давхардал арилж байна. Цаашид Монголын радио зөвхөн долгионд найдаж суухгүй, сошиал ертөнцөд илүү идэвхтэй байх болно. Энэ жилийн хувьд Монголын радио “Шинэ медиа хөгжүүлнэ” уриатай ажиллаж, үйл ажиллагаагаа ийш нь чиглүүлж байна. Радиог сонсдог, уншдаг, үздэг болж байна. Монголын радиог гар утаснаасаа сонсож, мөн нөхөж сонсох боломжтой болсон. Монголын радио энэ онд зорилтот нэвтрүүлэг шинээр бий болгож байна. “Эрүүл мал эрдэнэ”, “Ногоон хот”, “Даатгалтай малчин”, “Нүүдэлчдийн жимээр…”, “Радио конкурс” зэрэг. Эдгээр нэвтрүүлэг явж дуусахдаа тодорхой хэмжиж болохуйц үр дүнд хүрсэн байх болно.

-Өмнө нь танай телевиз гадаад улс оронд сурвалжлагчтай байсан санагдаж байна. Одоо байгаа юу. Ер нь гадаад харилцаа тань хэр байгаа вэ?

-Та зөв санаж байнаа. Одоо Хятадын олон улсын радиод нэг сурвалжлагч ажиллаж байна. Ерээд оны дундуур ОХУ-д манай албан ёсны сурвалжлагч байснаас хойш үндсэндээ тасарсан. Сая ОХУ-ын Россия, Спутник, Russia today зэрэг томчуудтай уулзаад ирлээ. Хамтарч ажиллахаар боллоо. Мөн дэлхийн 12 улсад МҮОНРТ-ийг төлөөлөх сурвалжлагч нараа Хилийн чанад дах Монголчуудын холбоо ТББ-тай хамтран шалгаруулж зарласан. Мөн ирэх онд MNB WORLD сувгаа нээж түүх өв соёл, мэдээ, байгаль орчин, ногоон хөгжил, нөхөн сэргээлт, аялал жуулчал, түүхэн кинонуудаа англи хэл дээр гаргаж, монгол улсаа дэлхий нийтэд таниулан сурталчлах ажлаа эхлэхээр том зорилт тавиад ажиллаж байна. Үл дутах хүсэл төлөвлөгөө их байна даа. Ирэх долоо хоногт Бээжинд ажиллана.

-Та бид хоёрын ярилцлага санхүү талдаа эхэлсэн. Цаашид та байгууллагынхаа санхүүгийн ирээдүйг яаж харж байна вэ?

-Би тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэж дээр хэлсэн. МҮОНРТ-ийн хуульд заасны дагуу нийт нэвтрүүлгийн цагийн 2 хувьд сурталчилгаа явуулах эрхтэй. Үүнийгээ бүрэн дүүрэн ашиглах, уран бүтээлийн чанараа сайжруулж, сонсогч, үзэгч олныхоо итгэлийг хүлээснээр нэвтрүүлгийн үйлчилгээний орлогоо нэмэгдүүлэх зэрэг бусад олон боломж бий. Юм болгон цаг хугацаатай. Дээр дурдсан хүндрэл бол цаг зуурынх. Манай хамт олон үүнийг давж туулан, ирээдүйг өөдрөгөөр харж байгаа.

-Төгсгөлд нь асууя. Л.Нинжжамц гэж хэн бэ?

-Би сэтгүүлч, хуульч, философич, 4 хүүхдийн ээж. Эдгээр мэргэжлээрээ хорь гаруй жил Засгийн газар, Хэвлэл мэдээллийн байгууллага, телевиз, өдөр тутмын сонинд ажиллаж ирлээ. Ажлыг хийсэн шиг хийж, үр дүнд хүргэхийг зорилт болгож ирсэн. Ухарч шантрах нь миний чанар биш. Эдүгээ өөрийн бие даасан хуультай МҮОНРТ-ийг хараат бусаар , олон улсын жишгээр удирдан ажиллахыг чин зорилго болгож байна. Олон улс, дэлхийн энэ чиглэлээс суралцах туршлага их байна. Олон нийтийнхээ итгэлийг илүү олох, тэдэнтэй хамтран ажиллах зүгт үргэлж тэмүүлнэ. Хүмүүсээ ч их шахаж ажиллуулж байна. Би аргацаасан, үлбэгэр үхээнц байдалтай угаасаа эвлэрдэггүй. Түс тас түргэн яриад, шуурхай шийдээд, хуультай, хурдтай, зарчимтай, зорилго зорилтдоо махарч ажиллахыг хичээдэг. Хэлэхээ хэнээс ч айлгүй хэлээд, хэлсэндээ, ярьсандаа байх гэж зүтгэж ирсэн нь миний араншин. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан маань гадарлах байх. Манай хамт олон, удирдлагын баг өмнөөс маань хэн нэгэн ажлыг маань хэзээ ч бидэн шиг хийхгүйг онцгой ойлгож, нэгдэн нягтарч, улс орондоо үлгэрлэн манлайлж ажиллан хүнд цаг үеийг давж сайн сайхныг цогцлоон бүтээх ёстой л гэж ойлгож хичээж байна даа. Зорьсоныхоо төлөө зоригтойхон ажиллана аа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *