Сүүлийн үед гадаадад аялаад ирсэн хүмүүсээс улаанбурхан өвчин илэрч байгаа талаар мэдээлж буй. Энэ өвчний талаар ХӨСҮТ-ийн Цочмог гепатитийн тасгийн эмч Л.Хуягбаатараас тодрууллаа.
-Улаанбурхан өвчин бусад халдвараас юугаараа ялгаатай вэ. Ямар хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг вэ?
-Халдварт өвчин бүр тодорхой үечлэлтэйгээр давлагаалж, дэгдэж байдаг. Манай улсын хувьд улаанбурхан өвчин 2014, 2015, 2016 онд дэгдэж байсан. Одоогоор гаднаас зөөвөрлөгдөж орж ирээд, тэр нь дотооддоо тархаад эхэлсэн байна. Улаанбурхан өвчний онцлох шинж нь халдварлах чадвар маш өндөр байдаг. Менингококк зэрэг бусад вируст халдвар нь халдварлах чадвар харьцангуй бага. Улаанбурхан өвчнөөр өмнө нь өвдөж байгаагүй, улаанбурханы дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс өвдөх магадлал 90 гаруй хувьтай байдаг. Жишээ нь, 1000 вирус хүний биед ороод өвчлүүлж байхад зарим тохиолдолд 10 вирус ороод өвчлүүлдэг өвчин хүртэл байна. Тэгэхээр энэ нь тухайн өвчний хоруу чанар ямар байна вэ гэдгийг илтгэж байгаа юм. Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар халдварладаг учраас хүнийг өвчлүүлэх магадлал маш өндөр байдаг.
-Халдвар авсан бол хүндрэх эрсдэл нь хэр вэ?
-Нууц хугацаа 7-14 хоног байдаг. Тухайн хүн халдвар аваад шинж тэмдэг илрэх хугацаа нь ийм гэсэн үг. Нууц хугацааны төгсгөл хэсгээс эхлээд шинж тэмдэг илэрснээс хойш гадаад орчинд халдвараа тараагаад явдаг. Олон төрлөөр хүндэрч болно. Нэгдүгээрт, үүсгэгчээс шалтгаалсан уушгины хатгалгаа байж болно. Мөн дунд чихний үрэвсэл, хамар залгиурын үрэвслүүд, тархины зөөлөн эдийн гэмтэл буюу менингит, үжил гэх мэт маш олон төрлөөр хүндрэх аюултай. 2014, 2015 онд зонхилон тохиолдож байсан хүндрэл нь уушгины хатгалгаа байсан. Цаашлаад амьсгалын дутагдалд оруулах эрсдэлд хүргэж байв.
-Сэргийлэх хамгийн сайн арга нь юу вэ?
-Ерөөсөө л вакцин шүү дээ. Товлолт вакциныг ес болон хоёр настай хүүхдэд хийдэг. Хэт мэдрэг юм уу, харшилтай хүүхдүүд, гадаадад байсан хүүхдүүд гэх мэт шалтгаанаар хамрагдаагүй хүүхдүүд бий. Тухайн хүүхдүүд өндөр эрсдэлт бүлэгт хамрагдаж байгаа гэсэн үг. Мөн есөн сар хүрээгүй хүүхдүүд эрсдэл өндөр байдаг. Есөн сартай хүүхдэд дархлаажуулалт тогтох хугацаа нь вакцин хийлгэснээс хойш 14-21 хоног. Тэгэхээр 10 сар хүртэлх хүүхдүүд мөн өндөр эрсдэлтэй гэсэн үг. Цаашлаад хоёр дахь тунг нь хоёр насанд хийгддэг. Эхний тунгаар хагас дархлаажуулалт үүсгээд, давтан хийж байж баттай дархлаажуулалт тогтдог. Есөн сараас хоёр нас хүртэлх хүүхдүүд дунд эрсдэлтэй, харин хоёр насны дархлаажуулалтад хамрагдсанаас хойших хүүхдүүд эрсдэл харьцангуй бага байна. Мөн аль ч вакцины дархлаа тогтолт нь өндөр буюу 10-15 жил байдаг. 15-аас дээш насны, 2014, 2015 оны дэгдэлтийн үеэр вакцинд хамрагдаагүй насанд хүрэгчид сайн дураараа вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай. Тэгж байж бид үр хүүхдээ энэ халдвараас хамгаална. Вакцин хийлгэсний дараагаар халдвар авах эрсдэл бага болно гэсэн үг.
-Улаанбурхан өвчний халдвар авсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ. Иргэдийн хувьд юуг хамгийн их анхаарах шаардлагатай байна вэ?
-Дийлэнх халдварт өвчнүүд халуурч эхэлдэг. Дараа нь бие дээр тууралт гарна. Тууралт гарахдаа улаанбурханы онцлог нь биеийн дээд хэсэг буюу чихний ар, хүзүүнээс эхлээд доош буудаг. Улаан, ягаан өнгийн толбон гөвдрүүт тууралт гардаг. Иргэд өөрсдөө хараад улаанбурхан гэж нэрлээд оношлоход төвөгтэй. Хэрэв тууралт гараад, халуурвал эрүүл мэндийн байгууллагад хандаж, оношоо ялгуулах нь зөв. Жирэмсэн, архаг суурь өвчтэй юм уу, эсвэл дархлаа хэт султай хүмүүс илүү ноцтойгоор өвдөх магадлалтай. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагад хандаж цаг алдалгүй эмчилгээ хийлгэх нь зөв. Иргэдийн хувьд юуг анхаарах вэ гэвэл товлолт вакцин хийх нас нь болоогүй хүүхдээ олон нийтийн газраар аль болох авч явахгүй байх, зайлшгүй тохиолдолд явахаар болбол заавал маскаа зүүх, гэртээ хүн урихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Харин насанд хүрсэн, улаанбурханы вакцинд хамрагдаагүй хүмүүс вакцинжуулалтдаа яаралтай хамрагдах нь зөв. ЭМЯ-наас өгч буй мэдээллээр вакцин хангалттай байна гэсэн.
-Халдварын тархалт цаашдаа аль зэрэг нэмэгдэнэ гэж үзэж байна вэ?
-Вирусээр үүсгэгддэг учраас гадаад орчинд харьцангуй тэсвэртэй. Амьсгалын замаар дамжин халдварладаг учраас улирал гэхээсээ илүү хүн амын хөдөлгөөнтэй холбоотой. Сая цагаан сарын баярын амралт уртсаад, золголт нэлээд өргөн дэлгэр боллоо. Хэрэв цагаан сараар бие биедээ халдвар тараасан байвал гуравдугаар сарын 10-ны үеэр халдвар нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Одоогоор улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол илэрсэн байна. Ер нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга бол халдвар хамгаалалт, дархлаа, вакцин юм.