Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Л.Чинбат:Урт нэртэй хууль явж явж тодорхой хэсэг хүнд зориулж хийсэн хууль

“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын тариаланчийн зовлон, жаргалын тухай яриаг “Өдрийн сонин”-д нийтэлсэн. Энэ удаа түүний богино хугацаанд барууны стандарт хангасан мах экспортлох гарц, бизнес эрхлэгчид учирдаг дарамт, алт, үнэт зүйлийн тухай илэн далангүй ярианы үргэлжлэлийг хүргэж байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд “Монголоос мах авмаар байна” гэсэн. Мах экспортлох ирээдүй хэр байна?

-Манайх мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ямар л боломж байна түүнийг хийж байгаа. Дэлхий тэгж явж байна. Бид түүнийг копидож байгаа. Манайх Канад, АНУ, Францаас манайтай төстэй юмыг нь авч өөрийнхөө хөрсөн дээр буулгаж яваа. Мал аж ахуйн хувьд энэ хүмүүсийн ярьж байгаа шиг маргааш Орос руу мах гаргах хүнд. Аливаа юманд стандарт гэж байх учиртай. Манай малын мах ямар стандарттай юм бэ гэдгийг тогтоох ёстой. Путин мах гарга гэж байгаа ч гаргатал зай бий. Тэгэхийн тулд манайхан ажиллах ёстой. Мал нь эрүүл байх ёстой.

-Толгой дараалан вакцинжуулвал өртөг өндөр тусах уу?

-Малаа эрүүлжүүлэхийн тулд бэлчээрээ эрүүлжүүлэх ёстой. Задгай явж байгаа малыг бүгдийг эрүүлжүүлж чадахгүй. Голомт нь салахгүй байгаа. Үүнийгээ эрүүлжүүлээгүй цагт мах гаргах хэцүү. Малаа цөөлөхийн тулд төхөөрөөд байх ёстой юм шиг ярьдаг. Манай мах Оросын хувьд консервнд л тохиромжтой байдаг. Консерв хийгээд цэргийн хүнсэнд явдаг.

-Бэлчээрийн мал аж ахуйгаас илүү эрчимжсэн мал аж ахуй экспортонд тохиромжтой гэсэн үг үү?

-Европ хүмүүсийн хүнсний стандарт шаардлагыг хангах хэрэгтэй. Хамгийн гол нь манай мал өвчингүй гэдгээ нотолсны дараа л манай мах үнэд хүрнэ. Монголын бэлчээр эрүүл, мал нь эрүүл байвал манай мах үнэд хүрнэ. Одоо бол партизан маягийн аргаар л жаахан мах гаргаж байна. Дэлхийн зах зээлд гаръя гэвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Малаа бордох хэрэгтэй. Бордохын тулд тэжээл хэрэгтэй. Тэжээл бэлтгэхэд талбай хэрэгтэй. Боломж бий. Мах экспортлохын тулд хамгийн боломжтой гарц гэвэл Европоос залуу мал оруулж ирээд тэжээгээд, тодорхой хугацааны дараа буцаагаад зарах боломж бий. Малыг ийм хэлбэрээр Орос, Хятад руу гаргах боломжтой. Ийм малын мах стандарт хангана. Монголд эрчимжсэн мал аж ахуйн эрүүл бүс гэж бий болгоод Европоос мал оруулж ирэх хэрэгтэй. Орос, Хятад руу Европоос мал оруулахгүй байгаа. Монгол руу оруулж байна. Энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн зуны хугацаанд мал оруулж ирээд, тэжээгээд, буцаагаад намар нядлаад махыг нь гаргачихна. Зургаа, долоон сарын ажил хийчихээд сууж байвал боломжтой. Энэ бол богино хугацааны гарц. Хүмүүс мал олширлоо гэдэг. Үнэн хэрэгтээ манайхаас үхрийн мах л авна. Үхэр нь цөөхөн. Хэрэв Орос руу гаргавал нэг жил гаргаад л дуусчихна.

-Уг нь бэлчээрийн малын мах илүү чанартай, амттай гэж монголчууд боддог?

-Монгол мал зун нь жаахан таргалж ирээд, буцаагаад өвөлдөө тарга хүчээ алддаг. Нас нь өндөр болоод мах нь хатуурдаг. Гадаадад бол 24 сарын доторх махыг л иддэг. Түүнээс дээшхи махыг нохойн хоолонд явуулдаг. Бид болохоор томруулж байж иддэг.

-Танайхан ямар чиглэлийн мал оруулж ирж байна?

-Манайх мах, сүүний чиглэлийн үхэр аль алиныг нь оруулж ирж байна.

-Монгол мал ихтэй мөртлөө махаа өндөр үнээр авч байна. Цэвэр сүү ууж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манайд сайхан сүүний үйлдвэрүүд байна. Ганцхан Монголоос сүү авъя гэхээр ямар ч сүү нь шаардлага хангахгүй байна шүү дээ. Анхдагч сүүгээ үйлдвэрлэдэг сүүний фермер нь бий болох ёстой. Сааж байгаа сүү нь хүний гар дамжихгүй байх учиртай. Манай сааж байгаа сүү нь, хэвтэж байгаа хэвтэр нь бүгд бохир байна. Тийм фермүүдийг байгуулж болно. Гэхдээ Улаанбаатарын эргэн тойронд биш. Фермүүд тэжээлдээ ойрхон байх ёстой. Сүүний үхэр тэжээлээр л явдаг. Одоо систем нь буруу учраас мах, сүү үнэтэй байна. Монголын дотоодын хэрэгцээг хангах асуудал биш. Ганцхан бодлого буруу учраас цөөхөн ченжийн гараар үнэтэй болоод байна.

-Мах сүүгээ Улаанбаатар руу тээвэрлэхэд зардал их биш гэж үү?

-Тэр бол асуудал биш. Таван төгрөгийн зардал нэмэгдсэн ч цэвэр сүү орж ирнэ. Фермерийн аж ахуй байгуулах туршлага манайханд дутаж байна л даа.

-Төрийн гарыг ийм юман дээр харах ёстой юм уу. Төртэй төргүй хувийн хэвшлийнхэн хийх юм биш үү?

– Сүүн дээр төрийн дэмжлэг байх ёстой. Тэр тусмаа манайх шиг улсад төрийн дэмжлэг хэрэгтэй. Сүүний чиглэлийн фермийн ажлыг төрөөс дэмжиж байж босгож ирдэг. Сүү үйлдвэрлэж байгаа хэсгийг стандартын дагуу хийх учиртай. Стандартын бус хэдэн зуун жижиг фермер байснаас стандартын шаардлага хангасан хэдхэн фермер байх ёстой. Төр анхдагчаар үүсгэх ёстой. Сүү хөгжихийн тулд махны чиглэлийн тугалыг аваад тэжээдэг, сүүний охин тугалыг аваад тэжээгээд, үнээ болгодог дамжлага тус бүр системтэйгээр хөгжиж явдаг. Түүнээс биш нэг хүн бүгдийг хийх аргагүй. Сүү сааж байгаа хүн сүүгээ л саах ёстой. Үнээгээ солъё гэхэд үнээ зардаг компаниас дараагийн үнээгээ авна. 50 үхэр сааж байсан бол тэднийгээ нядалгаанд өгөөд, ахин 50 үхэр оруулж ирээд саагаад явах учиртай. Тэр 50 үхрээс 20-30 литр сүү гардаг л байх ёстой. Дагнасан аж ахуйн нэгжүүд мэндлэх ёстой юм. Түүнээс биш манайхан бүгдийг нь хийх гээд байвал сайжрахгүй. Бид ойр хавийн ийм бизнес хийж байгаа хүмүүст сурсан мэдсэн бүхнээ чадахаараа хэлж байна.

-Ноу хаугаа нуудаггүй гэсэн үг үү?

-Юуг нь нуудаг юм. Бид ч гэсэн гаднаас копидож оруулж ирсэн юмаа дараагийн хүнд өвлүүлэх нь гол. Төрийн бодлого зөв биш бол бид нар дор нь мянган юм хийх гэж зүтгээд нэмэр байхгүй.

-Алтны том компаниуд зөндөө л байдаг. Та яагаад мах, сүү хүнс бэлтгэх ажил руу яваад орчихсон юм бэ?

-Нэгдүгээрт би малчин, тариачин гаралтай хүн. Бага байхад манай аав, өвөг эцэг бүгд л тариа тарьж, мал маллаж байсан. Хоёрдугаарт бизнест хөл тавиад гадаад ертөнц ямар байгааг харсан, манайх ямар байгааг харсан. Тэр үед ерээд онд биднийг хамгийн их эмзэглүүлж байсан юм бидний идэж байгаа хүнс байсан. Тэр үед ёстой Хятадын нохойноос дор юм идэж байсан. Тэр үед манай найз нар ярьж байгаад гурил, будаа, мах сүү, хүнсний ногоо гэсэн таван зүйл дээр хийе гэсэн. Монголчуудыг монгол хүн л тэжээнэ. Байшинд өссөн хүмүүс хөдөө очиж бизнес хийхгүй. Улсын дотоодын хэрэгцээний 10-20 хувийг үйлдвэрлэдэг болно гэж зорилго тавьсан учраас би энэ салбарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2001 оноос хойш зүтгэлээ. Гурилаа хийчихлээ. Махны

2-3 хувийг үйлдвэрлэж байна. Сүүн дээр надаас шалтгаалаагүй. Сүүний ферм хийх газрын зөвшөөрөл өгөхгүй 7-8 жил болж байна.

-Яагаад тэр вэ?

-Төр засгаас л асуу.

-Мөнгөтэй хүмүүс юм болгоныг чаддаг гэж хүмүүс боддог. Танд бас хүчрэхгүй юм байна аа?

-Би улстөржөөд явдаггүй. Хэн нэгнийг дарамталж хийх ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Манайх Сэлэнгийн найман суманд яг адилхан хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Мал маллаад, тариа, хүнсний ногоо тариад эхэлсэн. Тэр сумдаас 2-3 нь дэмжээд бусад нь дэмжихгүй байгаа юм. Дэмжсэнд нь хөрөнгө оруулаад, дэмжихгүйг нь хаяад явсан. Явсаар байгаад Цагааннуур, Түшиг суманд үлдэж байна. Зарим сумынхан “Малаа аваад яв” гээд хөөхөөр нь гарсан. Найман суманд фермийн аж ахуй хөгжсөн бол ямар байхав.

-Бизнес эрхлэгчдэд бухимдах үе байдаг гэдэг. Танд ч гэсэн хоёр гараа алдалж байгаад хашгирмаар үе байдаг уу?

– Байна аа байна. Бизнесийн тэр олон асуудлын тодорхой хувийг манай хүмүүс үүрдэг. Сая гэхэд л манай будаатай машиныг явуулахгүй зогсоочихлоо л гэнэ. Хүмүүс чи яаж даагаад байгаа юм гэдэг.

-Та авилга өгдөггүй юм уу?

-Авилга өгөх гэж би ажил хийгээгүй шүү дээ.

-Бизнесийнхэн улс төрд ороод байх юм. Би өөрөө улс төрд ороод энэ бүхнийг залруулая гэж бодогдох үе байдаг уу?

-Өдий хүртэл бизнесээр явчихаад үлдсэн амьдралаа тэгж буртаглаад яахав дээ. Гэхдээ ч тэвчээр барагдах үе их л байна шүү дээ. Чи сонссон л байх. Миний нэг барилгын асуудал яригдаад байгаа. Миний буруу нэг ширхэг ч байхгүй. Гэтэл гурван жил зогсоож байна. Э.Бат-Үүл буулгах байшингийн жагсаалтанд оруулчихаад нэг хэсэг хүмүүс надаас мөнгө нэхдэг. 2001 онд нийтийн дуудлага худалдаагаар Герман элчингийн урд нэг давхар байшинг худалдаж авсан. Тэр байшинг худалдаж авсан ч газрынхаа гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар долоон жилийн дараа өгсөн. Тэр хооронд нь хажуу талд нь нэг орон сууцны байшин, сургууль хоёр барьчихаж байгаа юм. Газрын гэрчилгээгүй болохоор би тэрэн дээр шүүхдэх эрх үүсэхгүй байгаа юм. Би тэр байшинг худалдаж авахад нэг байшинг хоёр хуваагаад, 44 м.кв нь төрд үлдсэн. Тэр хэсгийг нь би дахиад худалдаад авчихгүй юу. Хажуугийн байшинд нь бойлуур байсан. Тэр бойлуурыг энэ рүү оруулах ёстой гэж хүмүүс хотын захиргаатай муудалцсан. Хотын захиргааны ерөнхий менежер Бат гэж байсан. Бат дуудаж уулзсан юм. “Танайх энэ байшингаа буулгаад, хурдхан шиг бойлуур оруулах хэрэгтэй байна” гэсэн. Байшин бария гэхээр зураг батлуулах есөн жорын ажил ундарсан. 2009 онд бэлэн болго гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр нь би “Та нар зөвшөөрөл авахад тусла” гэсэн. Проткол үйлдээд, гэрээ байгуулахаар нь би нэг давхар байшингаа долоон сая төгрөг өгөөд нураалгасан. Зургаа хийлгэж явах хооронд нэг өдөр нөгөөдөх дээр чинь байшин барьж байна гэсэн. Хүрээд ирсэн чинь байшин бариад зогсч байна. Хамгаалалтын алба аваад, тэднийг хөөж гаргаад шүүхдсэн. Хотын захиргааныхан дахиж уулзаад “Энэ хүмүүс дураараа юм хийлээ. Улсын төсвөөс бид энд бойлуурын төсөв батлуулчихсан юм” гэсэн. “Хэрэв энэ газар юм барих гэж байгаа бол бид хэн хэнээсээ зөвшөөрөл авах ёстой. Нэг ханаар хиллэж байгаа юм чинь та нар надаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Дахиж сууж ярилцаад “Чи байшингаа барь” гэсэн. Би подволдоо бойлуурынх нь өрөө гаргаж өгөхөөр болсон. 2011 оны 9-сарын 11 гэхэд ажилд оруулах ёстой гэсэн. Би байшингаа бүрэн босгоогүй ч бойлуурыг нь ажилд оруулсан. Э. Бат-Үүлийн хамаг ажлыг хөөцөлдөж өгдөг нэг өвгөн байдаг. Тэр л “Чи энэ байрнаасаа гурван өрөөг надад өг. Тэгвэл асуудлыг шийднэ” гэсэн. Би “Үгүй” л гэсэн. Би яахаараа хуруу ч хөдөлгөөгүй хүнд мөнгө өгөх ёстой юм. Тэр өвгөн бүх цахилгаан, ус таслуулсан. Эхлээд шүүхэд өгөхдөө талбай томсгосон гэх мэтээр яриагүй юм байхгүй. Хамгийн сүүлд “Эднийх энд газийн бойлуур барьчихсан дэлбэрэх гээд байна” гэсэн. Бүтэн жил шүүхээр яваад мэргэжлийн хяналтынхан “Газийн бойлуур байхгүй байна” гэсэн. Шүүх хуралдаа ирэхгүй ахиад нэг жил болсон. Ингээд гурван жил авч байна. Нийслэлийн шүүх хурал манай талд гарсан л даа. Би энд гоё төсөл хэрэгжүүлэх гэж байсан. Хотын төвд дөчөөд айлын орон сууц бариад, яг хажуу талын нурах гэж байгаа орон сууцны айлуудыг шилжүүлж оруулаад, хуучныг нь буулгаад 16 давхар бариад буцаж оруулахаар бодсон юм. Тэр айлууд хүүхдийн цэцэрлэг, сургууль, ажлаасаа холдохгүй байж байгаад байшиндаа орчихно. Ийм юм хийе гэж бодож байсан. Тэгээд тэр төслийг зогсоосон. Тэгэхэд банкнаас авсан таван сая долларын зээл одоо болтол надад тээр болоод л явж байна. Тэр барилга дуусаагүй. Тэгсэн мөртлөө би банкны хүү төлөөд байдаг. Энэ хүмүүс бизнест ямар хор учруулж байна вэ. Хэрэв би тэрнээс өөр өмчгүй байсан бол өдийд шоронд орчихсон байгаа. Гараараа юм хийж үзээгүй хүмүүсийн харгай. Ингэж саад болоогүй байсан бол хямралаас өмнө байшин бариад, хэдэн ч хүн орон сууцанд орчих байлаа. Би гол анхаарлаа газар тариалан, мал аж ахуйдаа тавиад бусад юмандаа оролцож чадахгүй байгаа л даа.

-Сая Засгийн газрын нэг шийдвэр гарсан. Гацууртын ордод төр хувь эзэмшинэ гээд?

-Нэр нь манайх ч хамаа байхгүй. Орд нь манайх байж байгаад ерэн хэдэн онд Канадын компанид лицензээ шилжүүлээд өгчихсөн. Орд олох юм бол хүдрийг нь зөөх л гэрээтэй. Тэр үед үндсэн орд толгойд багтдаггүй байлаа шүү дээ. Бид чадахгүй гэж бодоод лицензээ өгчихсөн. Тэгэхэд эд нар ордыг нь хайгаад олчихсон л доо. Бид энд үндсэн орд байгаа гэж баараггүй мэдэж байсан хэрнээ лицензээ өгчихсөн.

-Хүдрийг нь зөөх тийм ашигтай юм уу?

-Тэр орд 10 жил ажиллавал би арван жил ажилтай байна л гэсэн үг.

Газар тариалангаас бусад бүх юман дээр зардал нэмэх нь ашигтай байдаг.

-Та алтны бизнес эрхэлдэг хүн хэр алтан эдлэлтэй вэ?

-Би бөгж ч, цаг ч зүүдэггүй.

-Та алтнаас олсон мөнгөө газарт хийгээд байдаг юм уу?

-Манайх алт байхгүй. Урт нэртэй хуулиар бүгдийг нь хураагаад авчихсан. Урт нэртэй хууль явж явж тодорхой хэдэн хүнд зориулж хийсэн хууль. Хураагдсан лицензийн арван хувь нь манайх. Бусад нь хугацаа нь дууссан, хэнд ч хэрэггүй болсон лицензүүд. Яг үйлдвэрлэл явуулаад ид ажиллаж байхад манай лицензүүд хураагдсан. Цаг нь болсон бол тэр л биз гээд нэг их юм ярилгүй хураалгасан. Хүмүүс намайг алтнаас олсон мөнгөө газар тариалан руу хийлээ гэж боддог. Миний олборлосон алтнаас 10-20 дахин олборлосон компани зөндөө. Тэр мөнгө хаачсан, юу болсон. Би бол тийм биш. Над шиг банкны өндөр зээлтэй хүн магадгүй байхгүй. Алтнаас ажиллаж байх үедээ ашиг олсон уу олсон. Тэр үедээ давуу тал байсан. Тоног төхөөрөмж илүү байсан, техникийн мэдлэгийн давуу тал бий. Гадны хүмүүсийн итгэлийг дааж байсны үр ашиг гарсан. Ирж тусалсан гадны хүмүүс хэрэглэж байсан хямд тоног төхөөрөмж олж өгч байлаа. Хамгийн том эх үүсвэр ганзагаас олсон мөнгө. Би ганзагаас олсон мөнгөө зөв байршуулж чадсан гэж л боддог. Хүмүүст зээлүүлж тухайн үед банкны орлогоос илүү мөнгө хүүгээрээ олдог байсан. Уурхай байгаагүй бол байсан хэдээ газар тариаланд хийгээд зогсох байсан. Банкууд хөдөө аж ахуйн компанид зээл өгдөггүй. Уурхай байсан болохоор л бид зээл авч байсан юм. Одоо бид өөрсдөө өөрсдийнхөө амийг тээх гэж амь тэмцэн явж байна.

-Монголын баяуудыг жагсаасан чинь та дээгүүр орсон харагдсан?

-Худлаа худлаа. Миний мэдэхийн надаас илүү мөнгөтэй ч бичигдээгүй зөндөө улсууд байна. Ихэнх нь улстөрийнхөн эзлэх байх. Яг бизнес эрхэлж байгаа улсууд дандаа л өр зээлтэй байгаа шүү дээ.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *