Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Чинбат: Сүүлийн үед “Гацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

Монголд бизнес эрхлээд, баялаг бүтээгээд явахад хэцүү үе хэр тулгарч байна?

-Өдөр болгон янз бүрийн хүндрэл бэрхшээл байнга гарна шүү. Нэг ажил эхлээд явж байтал ямар нэг саад гараад ирэнгүүт дараагийнх руугаа ороод урагшлахаас аргагүй үе өчнөөн таардаг.

-Танд яг ямар хүндрэл тулгарч байв. Бодитой жишээ хэлээч?

-Хотын дарга өөрчлөгдсөний дараа 2012 онд 80 гаруй барилгын ажлыг зогсоосон доо. Тэр үед тав, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан барилгаа орхихоос аргагүйд хүрсэн.

-Хаана барьж байсан барилга вэ?

-Германы элчингийн урд талын 13 давхар барилга. Өнөөдрийг хүртэл ажил нь яваагүй зогссон хэвээр байгаа. Анхны жагсаалтаар 170 гаруй барилга гарч ирсэн юм. Сураг сонсох нь ээ ихэнх нь ажиллаад явсан дуулдсан. Сүүлийн үед “Гацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон.

-Яагаад тэгээд байна?

-Хүмүүсийн анхаарлын төвд их орохоор таалагдах, таалагдахгүй юм гардаг шиг байна л даа. “Гацуурт” гэдэг нэрээр биш аль болох өөр нэртэй компани, хувь хүний нэрээр явахаар ажил арай бүтэмжтэй байх жишээний. Мэдээж саад, бэрхшээл, алдаа дутагдалгүй ажил гэж юу байхав. Гэхдээ жижигхэн асуудал дээр дөрөөлж өчнөөн хөрөнгө зарсан ажлыг зогсоох бизнес эрхлэгчдийн хувьд амар биш. Сүүлдээ ч зүрх үхээд байх боллоо. Өөрөө бол халшраад явахаа байсан. Ажилтнууд маань явдаг юм. Бүтэн жил болсон ч яахав, очоод бай гэж хэлээд л сууж байна.

-Засаг солигдохоор бизнес эрхлэгчдэд бүр хэцүү асуудлууд тулгараад байх шиг анзаарагддаг. Өмнөх засгийн үед ингэж шийдсэн нь буруу байжээ гэсэн тайлбар хэлээд л бизнес төслүүдийг гацаасан жишээ өчнөөн дуулддаг. Танд тийм зовлон тулгарсан уу?

-Өө өчнөөн бий. Махны чиглэлийн үхэр гаднаас оруулж ирсэн юм. Эхлээд буцааж төлөх нөхцөлтэйгөөр авах гэрээ хийлээ. Тендерт ялсныхаа дараа үхрээ сонгоод, хоёр онгоц захиалчихаад хүрээд ирсэн чинь Сангийн яам гэрээг нь батлалгүй байсаар есдүгээр сар гаргачихсан. Сүүлдээ буцааж төлөх нөхцөлтэй гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож соль гэхээр нь шаардлагыг нь биелүүлж байж үхрээ оруулж ирсэн. Тэр хооронд оруулж ирэх үхрийн тоо багасч, хоёр онгоцоо нэг онгоц болгож байгаа юм. Нэг онгоцны 200 мянган еврогийн торгууль хүлээж таарсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр оруулаад иртэл мөнгөө өгөх дээрээ тулангуут ТӨХ-ноос буцаан төлнө гэвэл өгье, гэрээгээ дахиад өөрчил гэх жишээний. Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам хоорондын маргаанаас болж нэг жил шахуу хүлээж, тэрбум орчим төгрөгийн хохирол үзсэн. Миний арга барилын алдаа байж мэднэ. Тэр хүмүүстэй эв зүйгээ олоод, арын хаалгадаж, авлига өгөөд явъя гэж боддоггүй. Зарим танил маань “Чи эв зүйгээ олчихвол тэр барилга чинь өчнөөн жил зогссон хэвээр байхгүй” гэж хэлдэг л юм. Хэрвээ би ийм арга хэрэглээд явчихвал бусад нь яах вэ, надад ингэж хандаж байгаа юм чинь бусдыг хэр дээрэлхэх бол, хэн хэзээ энэ улсад шударга ёс тогтоох юм бэ, юунд найдаж амьдрах вэ гэсэн олон асуулт өөртөө тавьдаг. Эцсийн дүндээ миний бизнес хэр хохирох нь том асуудал биш.

-Засгийн хандлага танд ийм байгаа юм чинь тантай харилцдаг гадны бизнес эрхлэгчдэд бүр ойлгох аргагүй санагддаг байх даа…?

-Би шууд л хэлдэг. Манай төр засаг шийдвэрээ яаж ч өөрчилж магадгүй шүү гэж. Хөрөнгө оруулъя, хамтаръя гээд ирсэн заримыг нь бүр буцаадаг. “Таны мөнгө надад хичнээн хэрэгтэй ч эргээд та бүхэнд ашиггүй нөхцөл байна. Манайх зах зээлийн чөлөөт тогтолцоонд ороогүй. Төр нь үнээ тогтоодог. Тийм учраас та нар ашиг олохгүй, уучлаарай” гээд буцаасан хэд хэдэн тохиолдол бий.

-Бизнест хамгийн таатай бодлого хэрэгжүүлж байсан Засгийн газар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Өөрийнхөө хувьд гээд бодохоор аятайхан гэхээсээ аягүй нь олон юм болов уу. Урт нэртэй хууль гэж гарсан даа. Ид явж байсан бизнесийг гацаанд оруулчихсан. Нурааж хаячихаад одоо лицензийг чинь өгье, үргэлжлүүлээд ажилла гэх юм. Ийм бүдүүлэг юм байж таарахгүй. Арав, хорин жил зүтгэж байж босгосон бизнесийг унагачихаар өнөөх нь эргэж сэргэхдээ мөн л тийм хугацаа зарна. Урт нэртэй хуулийн өмнө 68 хувийн татвар гэж аваад эхэлсэн. Хамаг төлөвлөгөө нурсан. Сая онцолсон шийдвэрүүд гараагүй бол бид өнөөдөр ийм байхгүй. Манай компанийн хувьд гэж ярихад л уул уурхайтайгаа байсан бол эрсдэл нь хамаагүй бага. Ядаж л банкууд зээл өгдөг байсан юм. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө газар тариалан, мал аж ахуйгаа өнөөдрийнхөөс илүүгээр хөгжүүлээд явах бүрэн боломж байсан.

-Гацууртын хэрэгжүүлж буй төслүүдээс аль нь гайгүй урагшилж байна?

-Алдаж оносон ч гэсэн буцах аргагүй орсон салбар маань газар тариалан. Хүндрэл байгаа ч босгоно. Тэгэхээр газар тариалангийн төслөө л онцлох байх даа.

-Жилийн жилд л яам, гурил үйлдвэрлэгч, тариаланчид гэж талцаж байгаад маргацгаах юм. Яагаад маргаад байдаг юм бэ?

-Ямар ч нөхцөлд ойлголцол их чухал. Хүнээс л хамаарч байгаа асуудал. Тариаланчид муу муухай, юм мэддэггүй байж болно. Гэхдээ энэ салбарыг зохицуулж удирдаж байгаа хүн тариаланчидтайгаа хэл амаа ололцох ёстой. Тэгж байж энэ том салбарыг авч явна. Ойлголцохгүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй. Хувийнханд ийм асуудал тулгарлаа гэхэд хамгийн уян хатнаар гарц олдог. Би гэхэд л компанийнхаа хувьд эдийн засгийн ашиггүй зүйл дээр маргаад суухгүй шүү дээ.

-Р.Бурмаа сайдын яриаг сонсохоор тариаланчид гэж урамшуулал авч баахан мөнгө идсэн нөхөд юм байна гэсэн ойлголт төрдөг. Өмнөх сайдууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тариаланчидтайгаа нийлээд идэж уугаад явж байсан гэсэн байр суурь ч сонсогдох юм…?

– Эрх ашгийн зөрчилтэй байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм байсан ч гэсэн энэ салбарыг авч явж чадсан уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэр хүн өөртөө ашигтай юм хийчихээд явсан уу, эсвэл өөртөө ч ашигтай, бидэнд ч ашигтай ажиллав уу гэсэн өнцгөөс хармаар санагддаг. Өмнөх хоёр сайдын үед энэ салбар тодорхой хэмжээнд урагшаа ахисан. Идэж уусныг нь бид мэдэхгүй. Бүх баримтан дээр нь суугаа, дараагийн сайд нар нь л мэддэг байх. Р.Бурмаа сайд урамшуулал гэдэг нэрээр тариаланчид өчнөөн тэрбум төгрөг аваад идчихэж гэсэн буруу ойлголтыг нийгэмд өгсөн. Би л хувьдаа маш том алдаа гэж харж байгаа. Энэ салбарыг ойлгоогүй, мэдээгүй хэрнээ энэ салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэл зүрх рүү довтолж, хар толбо үлдээсэн. Сайдын хувьд буруу эхлэл. Нэг, хоёр хүнтэй муудалцаж болно, гэхдээ тариаланчид гэж салбараар нь доромжилж болохгүй.

-Тариаланчдад өгсөн урамшуулал үнэхээр цэвэр ашиг болоод яваад байна уу. Ер нь юунд зарцуулагддаг юм бэ?

-Урамшууллыг ухаж ядах юмгүй. Тариаланчдын буудайг өртгөөс нь доогуур үнэлээд, иргэдийн гар дээр хямд гурил хүргэхийн тулд зөрүүнд нь өгч байгаа мөнгө. Тэр мөнгө бидэнд биш иргэдэд очдог гэсэн үг.

-Буудай дэлхийн зах дээр хямдарчихаад байхад тариаланчид буудайгаа хэтэрхий өндөр үнэлээд байгаа юм биш үү?

-Тариа тарьж байгаа компаниудын зардал адилгүй. 700 сая төгрөгийн үнэтэй трактороор, арван сая төгрөгийн үнэтэй трактороор хурааж байгаа хүмүүсийн зардал адил байх уу. Чанартай буудай нийлүүлж байгаа хүн чанар муутай буудай зах зээлд нийлүүлдэг хүмүүстэй ялгаагүй үнээр буудайгаа зарах уу. Яагаад миний ургуулсан буудайны худалдан авагч бэлэн байхад, гурилын үйлдвэрүүд нь худалдаад авчихаад байхад хөндлөнгөөс “Чи үнэтэй зарлаа” гээд байгаа юм бол. Чанартай буудайнд өндөр урамшуулал өгнө, өндөр үнээр авна гээд байгаа хэрнээ ийм зүйл яриад суугаа нь логикийн хувьд алдаатай биш гэж үү. Гэхдээ би буудайгаа чанартай гээд тийм үнэтэй зараагүй. 50 төгрөгөөр л ахиу борлуулсан. Тариаланчид буудайгаа өндөр үнээр зараад ч сүрхий ашиг олдоггүй. Тариа тарьж байгаа хүний зарцуулсан мөнгө тарьснаасаа хойш хоёр жилийн дараа буцаж ирдэг. Тэр хооронд тариаланчид сэлбэг, шатахуун, хор гээд бүх зүйлээ валютаар худалдаж авдаг. Энэ хооронд ам.доллар яаж өслөө. Харин гурилын үйлдвэрийнхэн буудайгаа доллараар биш төгрөгөөр авдаг. Өнөөдөр бүх компанийн ажил арилжааны банкны зээлээр явж байна. Арилжааны банкны хамгийн доод талын хүү 24 хувь. Буудайны өртгийн 24 хувь нь банкны хүү гэсэн үг. Тариаланчид банкны хүүгээ төлөөд тариагаа ургуулдаг, ургуулсан тариаг нь гурилын үйлдвэрүүд зээлээр авдаг. Гурилын үйлдвэрүүд улсаас үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хямдхан зээл авчихсан. Бид сарын хоёр хувийн хүүг зээлэндээ төлж байхад тэд жилийн 3-4 хувийн хүүтэй зээл аваад ажиллаж байгаа. Манайх гэхэд л ноднин жилийнхээ буудайны мөнгийг өнөөдрийг хүртэл аваагүй. Гурилын үйлдвэрүүдээс таван тэрбум гаруй төгрөгийн авлагатай яваа. Таван тэрбум төгрөгийн хүү гэж сар бүр 100 сая төгрөг гарна. Сар бүр энэ хэмжээний мөнгө төлөөд явахаар буудайн бизнес ашигтай байх уу. Ингээд тооцохоор буудайгаа 500 биш, зуун төгрөгөөр зарсан болж таарч байгаа юм. Бид энэ онд ноднин жилийнхээ үнээр буудайгаа зарж байгаа.

-Танайх хичнээн төгрөгийн зээлтэй байгаа вэ, сард хүү гэж хэдэн төгрөг төлж байна?

-Бараг гуч, дөчөөд тэрбум төгрөгийн зээлтэй. Сард 500 сая төгрөгийн хүү төлж байгаа. Зундаа бүр 700 сая төгрөг төлж байсан.

-Ургац их алдсан, бага алдсан гэсэн маргаан одоо ч үргэлжилж байна. Танай компани жишээ нь ургацынхаа хичнээн хувийг алдсан бэ?

-Ерэн хувиа алдсан. Ер нь бүгдээрээ ийм. Ургац ийм болсон нь Хөдөө аж ахуйн яамныханд хүлээж авахад хүнд ч гэлээ бодит байдалтай эвлэрэх ёстой. Эвлэрээд яах вэ гэдгээ ярих ёстой гээд байхад эвлэрэхгүй зүтгэсээр эцэст нь хүргэлээ л дээ. Одоо яах ч аргагүй. Монгол Улс 100 хүрэхгүй мянган тонн буудайтай.

-Нэгэнт ургацаа алдчихлаа, цаашдаа яах вэ, буудай, гурил гаднаас оруулж ирэх нь бол тодорхой байх, тийм үү?

-Ганц яам буруутай гээд байгаа юм биш. Бид ч гэсэн эрсдэлээ үүрээд даах ёстойгоо даах учиртай. Буудай импортоор оруулж ирэх нь гарцаагүй болчихсон. Зуу биш хоёр зуун мянган тонныг оруулж ирэхээс аргагүй. Газар тариалан нь дампуурсан энэ үед гурилын үйлдвэрүүдээ дампууруулчихвал бүр хэцүү юм болно. Гурилын үйлдвэрүүдээ авч үлдэхийн тулд импортын гурил оруулж ирж болохгүй. Гурилын үйлдвэрүүд унахгүй бол бид ирэх жил худалдан авагчтай байна.

-Ер нь тариаланчид урамшууллаасаа татгалзаад зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөд, унах нь унаад, босох нь босоод явмаар юм биш үү?

-Санал нэг байна. Тариаланчдын хувьд төрөөс урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хөдөлье гэсэн хүсэлтэй байгаа. Арилжааны зээлээр бид босохгүй. Тэгээд урамшууллаа болиод зах зээлийнхээ зарчмаар явъя. Улсад энэ салбар нь чухал учраас хөнгөлөлттэй зээлээр л дэмжчих. Тэгээд чадсан нь чадаад, чадахгүй нь дампуураг. Энэ салбар ингэж байж эрүүлжинэ. Манай холбооноос комисс томилогдож яамныхантай уулзъя гэж байна.

-Та Р.Бурмаа сайдтай уулзаж байсан уу?

-Нэг ч уулзаагүй. Мэдээж уулзъя гэвэл уулзахгүй гэхгүй.

-“Гацуурт“ газар тариалангийн салбарт ороод удаж байна. Хамгийн алдагдалтай ажилласан жил хэзээ вэ?

-Өндөр ашигтай ажилласан жил байхгүй. Ихэнх жилүүдэд алдагдалтай ажилласан. Учир нь манай компани энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаагүй. Газар тариалан, мал аж ахуйн салбарт багадаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Манайх 1999 оны сүүлчээр газар тариалангийн салбар руу орсон юм. Эхний таван жил гантай байсан ч хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй хийсээр байсан. 2009, 2010 оноос гурав, дөрвөн жил буудайн үнэ арай тогтвортой байсан учраас ерөнхийдөө дажгүй жилүүд. Сүүлийн нэг, хоёр жилд их хэцүү зурагтай байна. Өмнө нь зээл аваад төлөөд явдаг байсан бол одоо авсан зээлээ төлж чадахгүй байна.

-Компаниа өргөжүүлье, амжилттай байя гэвэл улс төр рүү орохоос өөр аргагүй нь гэсэн хандлага бизнес эрхлэгчдийн дунд тод анзаарагддаг. Танд ийм бодол төрдөг үү?

-Надад улс төрд орох боломж, сонирхол бүх талаасаа байхгүй. Чи өөртөө ямар зорилго тавьсан юм бэ, юунд хүрэх гэж явж байна вэ гэдэг том асуулт надад байдаг. Гуч, дөчин тэрбумын зээлтэй байж, өөр юм бодож улс төрд орох эрх надад байхгүй. Би улс төрд ороод бизнесээ хамгаална гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлээгүй. Монголын ард түмнийг эрүүл хүнсээр хангая гэж л зорьж яваа. Миний амьд явсны хэрэг энэ. Тийм учраас үүнийгээ гүйцээх ёстой. Компаниа аваад явах хэмжээнд хүргэж, дутууг нь гүйцээж, ямар ч хүндрэлгүй болгох зорилго л бий. Би төмс, лууван, сонгины дотоодын хэрэгцээний арван хувийг хангаж байгаа. 300 мянган хүний бүтэн жилийн хэрэгцээний хүнсний ногоог бэлдэж байна. Тогтвортойгоор энэ хүмүүсийг тэжээгээд явах механизмыг бүрдүүлчихвэл миний хэрэг болох гээд байна. Над шиг таван хүн гараад ирэхэд дотоодын хэрэглээ айлтгүй, аюулгүй болно.

-Сүүлийн үед компаниуд ажилчдаа цомхотголоо гэсэн мэдээ их сонсогдох боллоо, танайх ямархуу байгаа вэ?

-Манайх мянга гаруй хүнтэй. Одоохондоо хүмүүсээ арай халчихаагүй байна. Эхний ээлжинд хүмүүстээ цалинг нь тавья, өгөхгүй гэвэл татварыг нь л өгөхгүй байя. Хүн ажилтай байж татвар төлдөг. Хүмүүсээ халчихвал татвараа яаж төлөхөв. Нэгдүгээрт банкны зээл, хүн хоёроо аргалаад явъя гэж бодож сууна.

-Татварынхны дарамт их байгаа юм байна даа?

-Нийгмийн даатгал, татвараас шүүхэд өглөө гэж байгаа л даа. Өмнөөс нь хүнээ халах юм уу гэсэн яриа үүсгээд ажиллаж байна. Эдийн засаг таагүй энэ үед татварыг ойлгох гэж оролдож байна л даа. Дээр дооргүй санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Төсөв тасарлаа, та нар мөнгө олж ир гэхээр яах ч арга байхгүй биднээс нэхэж таарна. Төлж байсан бид нь төлөхөө больчихоор хэцүү. Хаана, хаанаа мөнгөгүй болсныг татварынхан ч ойлгож байгаа.

-Эдийн засаг ирэх жил энэ хэвээр таагүй байвал хүнээ халахгүйгээр ажиллаж болох нь уу?

– Ер нь байдал хүнд байгаа. Хүнээ халахгүйгээр цалингаа өгөөд он дуустал зүтгээд үзье гээд ажиллаж байна. Ирэх онд эдийн засаг энэ хэвээр таагүй байвал урт хугацаатай чөлөө өгөх, хүнээ цомхотгох зэрэг арга хэмжээ авах байх. Сая “Хас” банк манай хорь гаруй тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилээр хойшлуулж өгөөгүй бол элгээрээ хэвтэх байсан. Том дэмжлэг боллоо. ХААН, Худалдаа хөгжлийн банктай зээлээ хойшлуулах талаар ярьж байна. Хойшлуулж өгөх болов уу гэж найдаж байна.

-Уул уурхай, геологийн салбарт бизнес хийж байсныг тань мэднэ. Ер нь яаж яваад асуудал ихтэй газар тариалан руу орчихов, гантай жилүүдэд тэгж их хөрөнгө оруулаад?

-Газар тариалан руу мөнгө хийхийн оронд банкинд хийчихээд хүүг нь аваад явбал дээр байж магадгүй. Хар багаасаа газар тариалангийн зовлон, жаргалыг мэдэрч өссөн болохоор чин хүслээрээ тариа тарьж эхэлсэн. Би чинь 15 хүүхэдтэй айлын тав дахь нь. Говь-Алтайн Бигэрийн хүн. Аав, ээж хоёр минь мал маллаж, тариа ногоо тарьдаг байлаа. Миний өвөө, аав хоёулаа тариачин. Хөлөөрөө хүрз гишгэж, үхэр тэрэг хөтөлж явсан үеийн тариачид. Аав тариа тарьдаг улс цөөрлөө, байгаа хүмүүсээрээ заалгаж авъя гээд тэр хавийнхаа залууст тариа тарихыг зааж байсан хүн. Миний аав янз бүрийн юм их тарьдаг хүн байсан. Газар тариалангийн салбар руу ороод зүтгээд байгаагийн шалтгаан энэ л дээ.

-Аав, ээжээс 15-уулаа гэхээр ёстой бужигнаж өсчээ?

-Өө, бужигнаж өсөлгүй яахав. Бид чинь их хатуу хуваарьтай. Айргаа бүлэх, аргал түүх, малынхаа баасыг арилгах, үхэр, хонь саах гээд бүх ажил хуваарийн дагуу. Зун болохоор айлын эмээ нарт хуваарилагдаж очно. Тугалыг нь татаж, хонинд нь явж өгнө. Намар хичээл орохын өмнө цагаан цууямбуугаар хийсэн цоо шинэ цамц, шарваартай ирдэг байлаа. Намайг бизнест ороход нөлөөлсөн хүн бол том ах маань. Монголын анхны программистуудын нэг. Ахынхаа мөнгөөр хөл дээрээ босч байсан юм. Ах маань олсон мөнгөө хармаалдаг номын хүн. Би өнөөхийг нь авч үрж үржүүлдэг ажилтай байлаа.

Үргэлжлэл бий>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *