Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбасүрэн: УНТЭ-ийн чих, хамар хоолойн тасаг Монголдоо хоёр төрлийн шинэ технологийн мэс заслыг нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар,хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-УНТЭ-ийн хувьд чих, хамар хоолойн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлээд байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Манай эмнэлгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээн дээр олон талаараа анхдагч байсаар ирсэн. Тухайлбал манай чих, хамар, хоолойн тасгийн хамт олон Монгол Улсын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжилд хоёр ч шинэ технологийг нэвтрүүлээд байна. Энэ нь хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх болон хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах мэс заслууд юм. Уг мэс заслуудыг эх орондоо хийдэг болсноор иргэд маань хямд зардлаар дэлхийн түвшинд хүрэхүйц үр дүн бүхий мэс заслын үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь 2010 онд америк эмч нар уг мэс заслыг манай улсад хоёр тохиолдолд хийсэн боловч амжилтгүй болсон. Улмаар бид 2017 онд Америкийн чих хамар хоолойн нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд таславчийн цоорхойг нөхөх шинэ аргын тухай өгүүлэл хэвлүүлсэн байсныг уншиж танилцаад уг мэс заслын арга техникээр үйлчлүүлэгчээ бэлтгэн мэс заслыг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар 15 иргэнд уг мэс заслыг хийхэд 13 нь амжилттай болсон. 2019 оноос манай баг хамт олон хамрын таславчийн цоорхойг нутагшуулсан гэж хэлж болно.

Хамрын мэс засал нь бага зайд жижиг хүрцээр хийдэг микро мэс засал юм.

-Манай улсад ийм оноштой иргэд хэчнээн байдаг вэ?

-Сүүлийн үед энэ төрлийн оноштой иргэд ихэсч байна. Ялангуяа агаарын бохирдолтой холбоотойгоор сүүлийн 10 жилд нэлээдгүй өссөн. 1990-ээд онд анх Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад цоорхойтой хүн жилдээ нэгээс хоёр л байдаг байсан бол одоо жилд дунджаар 20-30 хүнийг үзэж оношилж,мэс заслыг хийж байна. Сайн дурантай байснаар мэс засал сайн хийгддэг. Мөн эмч нарын гарын эв дүй, ур чадвар их шаардагддаг.

-Манай улсад уг мэс заслыг хэр өндөр өртгөөр хийдэг вэ. ЭМД-ын 75 хувийн хөнгөлөлтөд хамрагддаг уу?

-Таславчийн цоорхойн мэс засал нь амь насанд эрсдэлтэй ч юм уу тахир дутуу болгох эмгэг үүсгэдэггүй учраас өндөр өртөгт мэс заслын 75 хувийн хөнгөлөлтөд ордоггүй. Тухайн хүний дурангийн хагалгаанд хэрэглэдэг нэг удаагийн хэрэгслүүдийн өртөг болох нэг сая гаруй төгрөгт багтдаг. Харин гадаад улсад энэ төрлийн мэс заслыг 10 мянган доллараар хийдэг. Зарим иргэд гадаадад энэ мэс заслыг хийлгээд дахин цоорсон тохиолдол ч манай дээр ирж байсан. Бид тухайн иргэнд дахин мэс засал хийж амжилттай болсон. Манай багт өнөөдрийн байдлаар 2,5-2,8 см-ийн хэмжээтэй том цоорхойг амжилттай нөхсөн сайн үр дүн байна.

-Иргэд маань хамрын таславч цоордог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай орны хувьд цаг агаар хуурайшилттай учраас хамрын доторх хөндий хуурайших, хамраа ухаж гэмтээснээр таславчаа таслах эрсдэл үүсдэг. Хамрын таславч цоороод ирэхээр хамрын урд хэсгээр хонхойн суулт өгдөг. Суулт өгснөөр эрүүл мэндийн болон гаднах төрхийн хувьд ч хохирол үүсдэг учир яаралтай мэс ажилбарт орох нь хамгийн чухал. Хамрын таславч цоорох эмгэг нь хамар ухах зуршил, хамрын хөндийд стеройд цацлагыг удаан хугацаагаар хэрэглэх, химийн ууршимтгай бодисоор удаан хугацаагаар амьсгалах гэх мэт олон төрлийн шалтгаануудаас болж үүсдэг. Хамрын таславчийн цоорлын үед 40 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй боловч, үлдсэн 60 хувьд нь хамар битүүрэх, тав үүсэх, амьсгалахад шүгэлдэх чимээ гарах, өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд гардаг. Иргэнд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм шүү.

-Хоёр дахь нэвтрүүлсэн шинэ технологийн мэс засал болох хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах талаар тодорхой ойлголт өгөхгүй юү?

-Хамрын самалдагны доод махыг авахуулснаар хамрын чийгшил алдагдах, хөндүүрлэн зовиурлах, амьсгалахад янгинаж өвдөх зэрэг хувь хүнд зовиур шаналгаа ихтэй эмгэг үүсдэг. Хамрын самалдаггүй болсон хүнд хавирганы мөгөөрснөөс хэсгийг авч хамрын самалдагт суулгах нөхөн сэргээх мэс заслыг 56 настай эрэгтэйд энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр анх удаа амжилттай хийсэн.Товчхондоо өөрөө алга болсон болон ямар нэг мэс заслын үеийн хүндрэлээс үүсэн байхгүй болсон хамрын хэсгийг шинээр суулгаж байна гэсэн үг.

Уг мэс заслыг хийх болсон нь нэлээд урт түүхтэй. 2018 онд солонгос профессор Европын чих, хамар, хоолойн том хуралд ийм оноштой хүнд мэс засал хийсэн тухайгаа илтгэсэн зураг, видеогоо танилцуулсан. Тухайн илтгэлд мэс заслын процесс болон бусад зүйлсийг нэг бүрчлэн танилцуулж хэсэг тус бүрийг нарийвчлан заасан онлайн хичээл байршуулсан бөгөөд тухайн хичээлийг үзэж, мөн энэ төрлийн эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг маш нарийн судлаад Монголдоо хийх боломжтой юм байна гэж үзсэн. Солонгос багшийн хичээл дээр ийм өвчтэй нэг иргэн өвчнийхөө улмаас стресст өртөж түүнийгээ давж гарч чадалгүй амиа хорлосон тухай дурдсан. Эндээс хамрын самалдаггүй хүн ямар их дарамт, өвчнийг мэдэрдгийг ойлгож болно.

-Өнөөдрийн байдлаар тасагт хэчнээн төрлийн хагалгаа хийгдэж байна вэ?

-Зөвхөн хамарт л гэхэд хамрын хөндийн дурангийн, хамрын дайвар хөндийн дурангийн, хамрын хөндийн ургацаг авах, гоо сайхны, хамрын таславчийн мурийлт засах, хамрын самалдаг засах, хамрын ясны хугарал засах зэрэг нийт 30 төрлийн мэс заслыг хийж байна. Чихний 20 гаруй, чих, хамар хоолойн нийт 70 гаруй төрлийн мэс заслуудыг хийж байна.

-Монголын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний бие “Монголын чих хамар хоолойн нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажилладаг. Манай чих, хамар, хоолойн эмч нар олон улсын эмч нартай эн тэнцэхүйц мэдлэг, туршлагатай болсон. Үүний илрэл нь эмч нар маань олон улсын хурал, семинаруудад урилгаар илтгэл тавьдаг, олон улсын томоохон сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний нийтлэлээ нийтлүүлдэг болсон. Өмнө бид бусдын ярихыг л сонсдог байсан бол өнөөдөр үр дүнгээ хуваалцан, харилцан туршлага солилцох чадвартай болж олон улсын эмч нартай нэг түвшинд байгаа нь бидний ахиц, дэвшил юм.

Чих, хамар, хоолойн мэс засал нь маш олон эрхтнийг хамарсан, шинж тэмдгүүд бүдэг, хэтэрхий нарийн жижиг бүтцэд мэс засал хийгддэг. Энэ төрлийн мэс заслыг нүдээр хараад хийх боломжгүй байдаг тул эмч нар маань их олон жилээр бэлтгэгддэг. Нэг мэс заслыг 30 удаа хийхэд тухайн эмчийг анхны мэдэгдэхүүнтэй боллоо, 100 удаа хийхэд эхний байдлаар сурч байна, 500 удаа хийхэд гаршиж байна гэж үздэг. Манай салбарын мэс засалчид маш өргөн мэдлэгтэй, гар хурууны нарийн ур чадвартай байх шаардлагатай байдаг.Хамгийн гол хүчин зүйл нь хүний нөөц болсон эмч нар маань их залуужиж байгаагаас гадна гадаад хэлний өндөр боловсролтой болсон. Мөн 2010 оноос хойш бүх зүйл нээлттэй болж цахимаар сургалт, судалгааны ажлууд дэлхий даяар нэг хэл дээр түгээгдэж байгаа нь эмч нарт маань мэргэжлээрээ өсөн дэвжих боломжийг олгож байна. Арван жилийн дараахь манай салбарын эмч нарын мэдлэг, ур чадвар гайхалтай үр дүнг бий болгоно гэдэгт итгэж байна.

-Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *