Categories
мэдээ нийгэм

​Л.Болд: Бенилюксийн орнуудад бидэнд хамтын ажиллагааны хязгааргүй их орон зай байна DNN.mn


Элчин сайд Л.Болдтой ярилцлаа. Тэрбээр Монгол Улсаас Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар хавсран ажиллаж буй юм. Энэ өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё манай оронд айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 21 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж буй Зүрх судасны төслийн 20 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болдтой цухас уулзсан нь энэ.


-Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё-гийн айлчлал багагүй өгөөж дагуулж байх шиг байна. Таны хувьд тус айлчлалаас гадна ямар ажил амжуулж явна вэ гэдгээр ярилцлагаа эхэлье?

-Энэ удаагийн ирсэн гол шалтгаан бол мэдээж Люксембургийн сайдын айлчлал болоод дараа дараагийн Монголоос явах айлчлалын бэлтгэлүүдтэй холбоотой. Мөн Бельги, Нидерланд, Люксембургийн манайхтай холбоотой хамтын ажиллагааны бусад олон чиглэл байгаа шүү дээ. Тэднийг урагшлуулах асуудлаар хэд хэдэн яам, газруудтай уулзалт хийж, ажиллаж байна. Түүнчлэн Европын холбоотой ойрын үед ярилцаж шийдвэрлэх нэлээд хэдэн тулгамдсан асуудал бий. Ялангуяа та бүхэн мэдэж байгаа, олон улсад үүссэн нөхцөл байдал бий болсонтой холбоотой төвөгтэй байдал, хүндрэлүүд дэлхийн улс орнуудад үүсэж эхэллээ. Энэ хүрээнд Монгол Улсад учирч буй эдийн засаг болон бусад хүндрэлүүдийг даван туулахад чиглэсэн тулгамдсан, яаралтай шийдвэрлэх олон зүйл байна.

-Орос, Украйны дайн нэлээд хүндрэл дагуулах талаар сүүлийн үед их ярьдаг болж. Манай улсад ямар хүндрэлүүд үүсэж болзошгүй байна вэ?

-Ерөнхийдөө дэлхий дахинд хавсарсан олон хямрал шууд нүүрлэж байна л даа. Ханш унаж, инфляц өсөж, эдийн засгийн хурд саарч байна, худалдааны эргэлтүүд удааширлаа. Тодорхой бүс нутгууд өлсгөлөнд нэрвэгдэх аюулд орсон. Бараа бүтээгдэхүүний үнэ өртөг ихээр өсөж байна. Ямар ч байсан бид энэ амьдралдаа үзээгүй хэмжээний бэрхшээл ирэх гэж байна шүү дээ. Энэ бүгдийг Монгол Улс тойрч гарахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа манайх шиг далайд гарцгүй орны хувьд бүр ч олон давхар хүндрэлтэй тулах нөхцөл үүсчихээд байгаа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал дуусаад араас нь дайн байлдааны хямрал залгачихлаа. Үүнээс үүдсэн зарим хүндрэл амьдралд мэдэгдээд эхэлсэн. Энэ хэрээр ч Гадаад харилцааны яам ч ажлаа урагштай хийсэнгүй гэх шүүмжлэлд өртдөг боллоо. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа бол?

-Коронавируст цар тахлын хоёр жилд Монгол Улс хамгийн их хүндрэлтэй тулгарна гэсэн таамаглал бүх талд байсан шүү дээ. Тэгэхэд хамгийн хохирол багатай давсан таван улсын нэг болж чадсан. Энэ бол Гадаад харилцааны яамны гүйцэтгэсэн томоохон үүргийн нэг. Хэрвээ бид гадаад дотоодод нөхцөл байдлаа ойлгуулаагүй, дээрээс нь вакцины хангалт дээр шуурхай арга хэмжээ аваагүй бол үндсэндээ хаашаа ч эргэж болох байсан. Бид таашгүй нөхцөл байдалтай тулсан. Одоо ч ялгаагүй. Он гарсаар ашгүй цар тахал буурлаа, бүх юм сэргэх нь гэтэл өмнөхөөсөө ч том даваанд тулаад ирлээ. Ийм нөхцөлийг давж гарахын тулд гадаад бодлого, гадаад хамтын ажиллагаа л ачааны хүндийг үүрнэ. Түүний төлөө өнөөдөр бид бүхий л шаардлагатай алхмуудыг хийж байна.

-Орос бол манай хөрш. Бидэнд тусгадаг нөлөө, сүүдэр нь ч их. Ийм болохоор оросуудаас шалтгаалаад манай улс дэлхийн бусад орнуудын тавьсан элдэв хоригт татагдаад орчих вий гэсэн болгоомжлол байна. Оросын Украйнд явуулж буй дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн ч дотоодод бий болчихлоо. Яг Европт сууж байгаа Элчин сайдын хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Дэлхийн улс орнууд байр сууриараа хуваагдаж байгаа үед, эхний шатанд бол Монгол Улс адилхан хуваагдаад, аль нэг талдаа ор гэдэг ерөнхийдөө тийм буруу хандлага, шахалтууд их явсан л байх. Гэхдээ гадаад бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд Гадаад харилцааны яамны эрчимтэй хүчин чармайлтын үр дүнд Монгол Улсынхаа нөхцөл байдлыг бусад улс орнуудад ойлгуулж чадсан. Монгол Улс өнөөдөр Үндсэн хуульдаа, төрийн бусад үндсэн баримт бичгүүддээ тусгасан бодлогоо тууштай хэрэгжүүлж, хаашаа ч далдирахгүйгээр өөрийн бие даасан бодлогоо хэрэгжүүлээд, хаа хаанаа байх ёстой байр сууриа хамгаалаад хөгжүүлээд явж байгаа. Ер нь явж явж энэ сорилтоос бид хохирч гарах биш харин бүр хүчирхэгжиж, илүү бэхжиж гарч ирэх бололцоо ч бий. Бид ийм л сорилтын өмнө ирсэн гэж харагдаж байгаа.

-Цар тахлын хоёр жилд ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн гадаадын томоохон төслийн олонх нь идэвхгүй байдалд орсон. Харин Люксембургийн Зүрх судасны төсөл тасалдаагүйгээр барахгүй өндөр үр дүн гаргасан байна. Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё айлчлалынхаа хүрээнд “МОН007” протоколд гарын үсэг зурлаа. Миний ойлгосноор Зүрх судасны өвчлөлийг бууруулах төслийн үргэлжлэлд зориулж таван сая евро, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төсөлд таван сая евро нэмж өгөхөөр болж байгаа бололтой?

-Цар тахлын нөхцөл байдал олон улсын төслүүдийг зогсоох, дуусгах эрсдэлд оруулсан. Энэ тал дээр дипломат ажилтнууд төрөл бүрийн байдлаар хичээл зүтгэл гаргаж ажилласан. Ямар ч байсан Франз Фаё сайдын эхний айлчлал гэхэд 10 сая евроны асуудлыг шууд газар дээр нь шийдээд сая (2022.07.26) гарын үсэг зурлаа. Одоо бид том мөнгө ярьдаг болчихсон үед энэ мөнгө бага сонсогдож магадгүй. Гэхдээ энэ Зүрх судасны төсөл өнөөдрийг хүртэл 21 жил хэрэгжихдээ хэмжээлшгүй үнэт үр дүн гаргасан гэж боддог.

-Тухайлбал?

-Энэ Люксембургийн төсөл манай оронд зүрх судасны өвчний нас баралтыг бууруулсан. 2003 онд нийт зүрх судасны өвчтэй иргэдийн 5.09 хувь нь нас барж байсан бол өнөөдөр 1.27 хувь болж дөрөв дахин буурсан байна. Нас баралтаас гадна эрт илрүүлэг, мэдээлэл сурталчилгааны ажил идэвхтэй хийж энэ төрлийн өвчний тоо нь өөрөө бас буурсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Сүүлийн гурван жилд өвчлөл буурч 10000 хүн амд 906 болсон байна. Зүрх судлалын салбарын мэргэжилтнүүдийн уулзалт, семинар, эрдэм шинжилгээний хурлыг 20 жилийн туршид жилд хоёр удаа хийж ирсэн юм билээ. Төсөл хэрэгжихээс өмнө манай улсын хэмжээнд хоёр зүрхний эхо аппарат байсан бол одоо бүх аймаг, дүүрэгт ийм аппарттай болж 291051 хүн үйлчлүүлсэн байна. Зүрх судасны өвчний оношилгооны 11, зүрхний мэс заслын 10, интервеншл кардиологийн найм, зүрхний хэм судлалын 13, нийт 42 дэвшилтэт технологийг манай оронд нэвтрүүлж, хэрэглээг нь тогтмолжуулжсан, олон ном товхимол гаргаж, эмч мэргэжилтнүүдийг гадаадад бэлдсэн. Энэ төслийн үр шимийг Монгол Улсын 31 эмнэлэг, 11 мянган эмнэлгийн мэргэжилтэн шууд байдлаар хүртсэн, 800 мянга гаруй хүн оношлуулсан, 2600 гаруй иргэн амь аврагдсан гэдэг мэдээллийг мэргэжилтнүүд гаргаж өгсөн. Үр дүнд нь гадагшаа урсдаг олон арван сая ам.долларын урсгал зогсож, олон монгол хүн эрүүл мэндээрээ хохирч байсныг бууруулсан. Энэ бол өөрөөр хэлбэл манай зүрх судасны салбар олон улсын хөгжилтэй орны түвшинд хүрэх тэр нөхцөлийг бүрдүүлэх, ач холбогдлын хувьд төсөөлшгүй том төсөл л дөө. Уг төслийг цаашид үргэлжлүүлэх шийдвэр гаргуулахад нөлөөлж чадсандаа баяртай байлгүй яах вэ.

-Та Бельги, Люксембург, Нидерланд, Европын холбоонд Монгол Улсаа төлөөлөөд сууж байгаа. Өөр онцлон дурдах шаардлагатай ажил юу байна вэ?

-Бельгитэй мөн эрүүл мэндийн салбарын томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Түүнийг үргэлжлүүлэх тал дээр бас нэлээд яриа хэлэлцээ явж байна. Тэр төслийн дүн 30-40 сая еврогоор яригдана. Ер анхаарч ажиллаж байгаа хамтын ажиллагаа олон бий. Нидерланд гэхэд эртнээс Монголыг дэмжиж ирсэн. Тахь үржүүлэхээс эхлээд ногоон хөгжлийн анхаарал их татсан өөдрөг төсөл цөөнгүй шүү дээ. Мөн Нидерланд өөрөө Монголд томоохон хөрөнгө оруулагч орон. Европын холбооны ач холбогдлыг бүгд мэдэж байгаа гэж бодож байна. Мэдээж бид Европ дахь том түнш орнуудтайгаа идэвхтэй сайн ажилладаг. Гэхдээ бидэнтэй ажиллах түвшинд маш их нөөц, потенциал хуримтлагдаж байгаа нь энэ Бенилюксийн орнууд буюу Бельги, Нидерланд, Люксембург юм. Бенилюксийн орнуудын эдийн засаг нягт уялдаатай, бараг нэг орон шиг үйл ажиллагаагаа сүлж явдаг. Бас эд нар дэлхийн топ 20 дотор нэлээд байр суурьтай. Том эдийн засаг, асар их хүчин чадал, бололцоотой. Өнөөдөр бидэнд хамтын ажиллагааны хязгааргүй их орон зай байна гэсэн үг. Энэ гурван улс мөн л том хөршүүдийн дунд оршиж, дайн дажин, эзлэн түрэмгийлэл гээд бүхий л юмыг үзэж туулсан. Өнөөдөр тусгаар тогтнолоо хангаж, дэлхийн хэмжээний улс болсон байна.

-Жишээ нь?

-Люксембургийг аваад үзье л дээ. Бид Катар улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд нэгдүгээрт ордог, мундаг гээд ярьдаг байлаа шүү дээ. Жилийн 40, 50 мянган ам.долларын асуудал байсан байхгүй юу. Тэгвэл одоо Люксембургийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 130 мянган ам.доллар шүү дээ. Төсөөлшгүй байгаа биз. Жижиг газар нутагтай, байгалийн баялаггүй, цөөхөн хүн амтай. Гэхдээ өөрсдийнхөө идэвх зүтгэл, хууль, санаачлагаараа дэлхийн тэргүүлэх хэмжээний улс болсон. Өөрөөр хэлбэл Монголын маш том үлгэр жишээ орон юм. Тэд яаж олон улсын банк санхүүг хөгжүүлж байна, яаж олон улсын металлургийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж байна. Яаж бүх төрлийн сансрын технологийг хөгжүүлж байна гэх мэтээр бүх үлгэр жишээг Люксенбург, Бельги, Нидерландаас авч болж байна. Тэд ложистикийн маш том тоглогч болж чадсан. Агаарын карго, усан тээвэр ч гэдэг юм уу. Ер нь энэ бүгд дээр Монголыг бол маш том хамтын ажиллагааны ирээдүй хүлээж байгаа гэж хэлж болно.

-Тантай уулзсаных асуулгүй өнгөрч болохгүй байна. Монголдоо ирээд улстөрчидтэй уулзав уу, ер нь улс төр тойрсон асуудлыг сонирхож байна уу?

-Би чинь төрийн албан хаагч болсон учраас тэр хэрээр улс төрөөс хол байх учиртай. Үнэхээр хол хөндий байгаа. Тангарагаа өргөсөн төрийн албаныхаа ажил, асуудлыг л гол нь ярина даа.

Ж.Баярсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *