Categories
мэдээ нийгэм

Л.Ариунболд: Нийлүүлэгчээ байнга сольдог нь бизнесийн хөгжлийг гацааж байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт боллоо. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Германы хамтын ажиллагаа /GIZ/ Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд оролцож байна.

Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр чуулганы талаар “Мэргэжлийн холбоод, гадаад, дотоодын байгууллагууд хамтарсан баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа эхэлсэн. “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хууль, татварын багц хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Мөн татварын багц хуулиудын төсөл хэлэлцэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн уулзалт, форумыг зохион байгуулж байна. Эдгээр хууль батлагдан гарснааржижиг дунд бизнесийгдэмжих таатай боломжууд бүрдэх юм” хэмээн ярилаа.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн сан, сум хөгжүүлэх сангийн зээлүүд зорилтот эзэндээ хүрч чадахгүй байгаа талаар чуулганд ирсэн орон нутгийн төлөөллүүд дурдаж байлаа. Ховд аймгийн ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга Ш.Нохойжав “Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэлийг дэмжих зээл зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Мөн эдгээр зээл, төсөл хөтөлбөртэй холбогдуулан шийдвэр гаргахад иргэний нийгмийн болон, төрийн бус байгууллагуудыг оролцуулах шаардлагатай. Орон нутгийн хэмжээнд улсын төсвөөс болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн хөрөнгө оруулалт их байдаг. Манай аймгийн хувьд эдгээр зээл, хөтөлбөрүүд нийт бизнес эрхлэгчдийн ердөө таван хувьд хүрсэн байна. Зээл тусламж зорилтот бүлэгтээ хүрж байж улс орны эдийн засаг хөгжинө. Үүний тулд иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан шийдвэр гаргах хэрэгтэй. Манайд бол төрийн чиг үүргээ баримтлаад төрдөө ойрхон мэдээлэл авч чаддаг нь зээлд хамрагддаг. Энэ нь даамжирч цөөхөн хэдэн аж ахуй нэгж, үйлдвэр төрийн сангаас зээл авдаг уламжлал болон тогтоод байна. Үүнийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодыг оролцуулснаар өөрчлөх боломжтой. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих” тухай хуулинд энэ талаар тусган, чиг үүргийг нь тодорхой болгоосой гэж хүсч байна” хэмээлээ.

Тус холбооны Сүхбаатар аймгийн салбар хороон дарга О.Батсайхан экспортыг нэмэгдүүлэх талаар “Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол зэрэг үзүүлэлтийг онцгой анхаарч эхлэвэл гадаадын зах зээлд экспортлох боломж байна. Энэхүү боломж нь төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд бий болох юм. Энэ чиглэлээр гадны орнуудтай хэлэлцээр хийж санамж бичиг ихээр батлагдаж байна. Санамж бичгүүдэд мэргэжлийн холбоодыг оролцуулж чадаж байна уу гэдэг учир дутагдалтай байна. Мэргэжлийн холбоодыг оролцуулснаар гадаадын зах зээл дэх эрэлтийг өсгөх, санамж бичгийгхэрэгжүүлэх арга замыг бий болгож чадна” гэв.

Бизнесээ тогтвортой хөгжүүлэх, амжилтад хүрэх талаар “Монгол базальт” ХК-ийн захирал Л.Ариунболд “Компани өөрөө ашиг олохын зэрэгцээ хамтрагчаа хөгжүүлж чаддаг байх нь амжилтад хүрэх боломжийг бий болгодог. Өөрөө ашиг олохоос илүү хамтарч ажиллаж байгаа компаниа хөгжүүлснээр чанар, стандартыг мөрдөж чаддаг юм. Томоохон төслүүд хэрэгжиж чадахгүй байдаг шалтгаан нь нэг талд илүү ашиг хүртэх сонирхол нь урт хугацаандаа өөрийнхөө нийлүүлэгчийг авч явах чадамжгүй болгодогтой холбоотой. Манай компани японы зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлохын тулд зургаан жил оролдсон. Хятадын 10 доллараар нийлүүлдэг бүтээгдэхүүнийг манайх нэг доллараар нийлүүлэе гэсэн ч аваагүй. Учир нь хөрөнгө мөнгөнөөс илүү нийлүүлэх бүтээгдэхүүн тогтвортой, чанартай, урт хугацаанд нийлүүлэх чадамжийг голчилон үздэг. Манайд энэ жишиг хэрэгждэггүй, нийлүүлэгчээ байнга сольдог нь бизнесийн хөгжлийг гацааж байна” хэмээн ярьсан юм.

Тус хэлэлцүүлгээр Олон улсын байгууллагууд болох “ЖАЙКА” компанийн засаглалын талаарх судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Судалгаанд түүврийн аргаар 500 компанийг хамруулсан. Эдгээр компаниудын 59 хувь нь компаний засаглалын зарчмуудыг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс 20 гаруй хувь нь компаний засаглалыг хэрэгжүүлдэг аж. Мөн нийт компаний 43 хувь нь өөрсдийн мэдээллээ вэб хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэдэг бол үүнээс гуравны нэг нь хөрөнгө оруулагчийнхаа мэдээллийг нийтэд хүргэдэг. Харин найман компани тутмын нэг нь вэб хуудсандаа үйл ажиллагааныхаа мэдээллийг хангалттай байршуулдаг гэсэн үр дүн гарчээ.

Компаний засаглалын талаарх ойлголт, мэдээлэл бизнес эрхлэгчдэд дутмаг байна хэмээн судлаачид хэлж байв. Компаний засаглалыг оновчтой хэрэгжүүлснээр менежмент сайжирч, санхүүжилтийн нөхцөл мөн сайжирдаг талаар мөн танилцуулсан юм. Хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг учир компаний засаглал хөгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөгөөг тус судалгааны байгууллагаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд өгсөн юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *