АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн тусгай элч Стив Виткоффыг Москвад Владимир Путинтэй уулзсаны дараа өөрийн TruthSocial хуудсанд “Бид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй маш сайн, үр дүнтэй хэлэлцээ хийж чадсан бөгөөд энэ аймшигт цуст дайн эцэстээ дуусах магадлал маш өндөр болов. Гэхдээ Украины олон мянган цэрэг Оросын цэргүүдэд бүслэгдэн хэцүү байдалд ороод байна. Би ерөнхийлөгч Путинд тэдний амийг өршөөхийг уриалж байна. Энэ нь дэлхийн II дайнаас хойш гарч байгаагүй аймшигт хядлага болох болно. Бурхан тэднийг бүгдийг нь ивээг!!!” гэж бичив. Үнэндээ бол Оросууд Украины цэргийг бүслэх нь байтугай Суджа хотоо ч бүрэн чөлөөлж чадаагүй бөгөөд энэ нь Трамп зорилгоо биелүүлэхийн тулд энгийн иргэдийн дунд Путины нэр хүндийг өсгөж байгаа ээлжит явуулга төдий зүйл юм. Учир нь “Их 7”-гийн Гадаад хэргийн сайд нар Канадын Квебек хотод уулзан Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж “Украиныг өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнох эрхээ хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлэх болно” гээд Оросыг гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, бүрэн хэрэгжүүлэхийг уриалсан. Мөн уг мэдэгдэлд “Хэрэв Москва гал зогсоохоос татгалзвал “Их 7” Орост хориг арга хэмжээ авах, нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоох зэрэг арга хэмжээний талаар тохиролцсон” гэж онцолсон. Сүүлийн сар хагасын хугацаанд барууны улсуудаас өөр байр суурьтай байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү мэдэгдэлд гарын үсэг зурсан нь Трамп Украин, Оросын удирдагчдыг гал зогсоохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зорилгодоо хүрч, Кремльд шахалт үзүүлэх дараагийн шатандаа орж байгаа хэрэг юм. Мөн энэ үеэр хуралдсан Гадаад харилцааны зөвлөлийн чуулганы өмнө Европын Холбооны голлох улсуудын дипломатууд “Оросууд 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг зөвшөөрсөн ч бид Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоох бодолгүй байна” гэж мэдэгдэв. Бас Их Британийн ерөнхий сайд Кейр Стармерын санаачилсан дээд хэмжээний цахим уулзалтад Европын Холбооны нийт 26 улс, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон Канад, Австрали, Шинэ Зеландын удирдагчид, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцов. Энэхүү дээд хэмжээний уулзалт сэтгүүлчдэд хаалттай болж, Украины дэмжлэгийг нэмэгдүүлэх, Орос байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдолд Украины аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуудлыг авч хэлэлцэв. Энэхүү уулзалтын дараа Их Британийн ерөнхий сайд “Бид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Украинд гал зогсоох асуудлаар “тоглоом хийх”-ийг зөвшөөрөхгүй. АНУ-ын ерөнхийлөгч Трампын гал зогсоох саналыг Кремль огтхон ч үл тоомсорлож байгаа нь Путин энх тайвны төлөө бус байгааг л нотолж байгаа явдал. Хэрэв Москва энхийн хэлэлцээнээс татгалзвал бид Орост үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж, энэ дайныг зогсоохын тулд бүх хүчин чармайлтаа гаргах болно. Орос эцсийн эцэст хэлэлцээрийн ширээнд суух бөгөөд бид гал зогсоох хэлэлцээрийн дараа тогтвортой энх тайван тогтоох,баталгаатай хяналт тавихад бэлэн байх ёстой” гэж мэдэгдэв. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украинд 30 хоног гал зогсоох тухай АНУ-ын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн ч тодорхой нөхцөл шаардсан юм. Путины энэхүү тодорхой нөхцөл гэдэг нь гал зогсоосны дараа өөрсдөө цэргийн хүчээ нөхөж, харин Украин цэрэг нэмж татахгүй, барууны улсууд тэдэнд зэвсэг нийлүүлэхгүй байх ёстой гэсэн тулгалт байсан билээ. Мэдээж үүнийг ийнхүү шинээр байгуулагдсан “Украиныг сайн дураар дэмжих улсуудын эвсэл” эсэргүүцэв. Мөн АНУ Украинд өндөр өртөгтэй ATACMS пуужингийнхаа оронд Boeing болон Saab Group-ийн хамтран үйлдвэрлэсэн хямд бас олон тоотой GLSDB тактикийн пуужин нийлүүлж эхлэв. Энэхүү пуужин газраас эсрэг зүгт харвасан ч 160 км-т байгаа байг 1 м-ийн алдаатай онож, Оросын радио долгионы зэвсгийн нөлөөнд автдаггүй гэдгээрээ онцлог юм байна. Мөн Цагаан ордон Оросын нефтийн худалдаа, банкны хоригийг хэвээр үлдээв.
Энэ бүх явдлууд барууны улсууд нэгдэж ОХУ-ыг хүчээр хэлэлцээний ширээнд суулгах, үүнийг эсэргүүцвэл Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах гэж байгааг нотлов. Үнэндээ ОХУ-д эдийн засаг төрийн зохицуулалтад шилжиж элгээрээ хэвтчихээд байна. Цэргийн үйлдвэрүүдээс бусад хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтэц, том болон жижиг дунд үйлдвэр гээд бүх салбарууд нь алдагдалд орж, одоо банкны салбар нь тэдэнтэйгээ адил дампуурахдаа тулав. Энэ нь цалин нь цаас болсон Оросын хөлсний цэргүүд дэлхийн I дайны үе шиг буугаа бариад нийслэлээ зорих аюул ойрхон болсон бөгөөд Путин ОХУ-ын Эрүүгийн хуулийн Түрэмгий дайн төлөвлөх, бэлтгэх, өдөөх, явуулах гэсэн 353 дугаар зүйлийн 1. Түрэмгий дайн зохион байгуулсан, бэлтгэсэн, өдөөсөн бол 7-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 2. Түрэмгий дайн хийсэн бол 10-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу яллуулах болзлоо хангана гэсэн үг юм.
Иймээс л Путин өнөөдрийг хүртэл Украины дайныг “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байгаа билээ.Харин Путин төдийгүй түүний тойрон хүрээлэгчид дайнаар маш их ашиг олж, баяжсан. Гэтэл энэ их мөнгө өнөөгийн ОХУ-д бол ямар ч хэрэг болохгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Путины албан тушаал нь барууны улсууд, Украин төдийгүй Оросын олигархууд төдийгүй бүр өөрт нь “нэг номерын дайсан” болчихоод байна. Иймээс Путин барууны улсуудаас гадна Турк, Саудын Араб, Хятад, Энэтхэгийн төлөөлөгчдийг хэлэлцээний ширээний ард суулгаж байгаад өөрийн аюулгүй байдлын баталгаагаар суудлын наймаа хийх болно. Яг л Борис Ельцин шиг. Эсвэл дайн үргэлжилж ОХУ Украинд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараа Путин болон түүний тойрон хүрээлэгчид өөрийн болон олон улсын шүүхээс давхар ял сонсох болно.
Дональд Трамп “АНУ газрын тос, түлш тээвэрлэх дэлхийн хамгийн чухал тээврийн замуудын нэг болох Улаан тэнгис дэх усан онгоцнууд руу зэвсэгт дайралт хийдэг Йемен дэх Хуситийн босогчдын эсрэг агаарын цохилтын шийдвэртэй бөгөөд хүчтэй давлагаа эхлүүллээ.Би террористуудад та нарын цаг дууслаа. Та нар энэ цагаас эхлэн дайралтаа зогсоох ёстой. Эс бөгөөс та нар урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй тамын зовлонтой нүүр тулах болно” гэж мэдэгдэв. Харин Хуситуудын хяналтад байдаг Эрүүл мэндийн яамнаас “АНУ-ын цохилтын улмаас есөн хүн амиа алдаж, есөн хүн шархадсан” гэж мэдээлжээ.
Өнгөрсөн бямба гаригт Сербийн өнцөг булан бүрээс ирсэн 100 мянга гаруй хүн авлигын эсрэг хамгийн том жагсаал Белград хотноо зохион байгуулагдав. Мөн энэ өдөр Унгар улсад сөрөг хүчний “Нэр хүнд ба эрх чөлөө” намаас зохион байгуулсан олон мянган хүний жагсаал Будапешт хотод зохион байгуулагдав. Жагсагчид ерөнхий сайд Виктор Орбаныг огцрох, тус улсын удирдлагыг өөрчлөхийг шаарджээ.Сөрөг хүчний намын удирдагч Питер Мадьяр “Иргэдээ хууран мэхэлсэн хүмүүс түүхийн хогийн саванд үлдэх ёстой. Бидний цаг ирлээ” гээд “Иргэдийнхээ дуу хоолойг сонсохын тулд манай нам эдийн засаг, улс төрийн 12 гол асуудлаар улс орон даяар санал асуулга явуулж байна” гэж мэдэгдэв.
France-Presse агентлаг “Telegram мессенжерийг үндэслэгч Павел Дуров бямба гаригийн өглөө Францыг орхин Дубайг зорьсон” гэж мэдээлэв. Учир нь Telegram-ын үүсгэн байгуулагч Орос, Франц, Сент-Китс, Невис, Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн юм байна. Павел Дуровыг өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд Парисын нисэх онгоцны буудалд саатуулсан юм. Францын шүүх түүнийг Telegram-ыг зохицуулж чадаагүй, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаагүй гэж буруутгасан бөгөөд Францын мөрдөн байцаагчид Дуровыг хүүхдийн порнограф, хар тамхины наймаа, залилан зэрэг гэмт хэргийн хамсаатан гэж үзэж байсан билээ. Судлаачид энэ явдлыг “Барууны улсууд бүх нууцыг нь мэдсэн учир Оросын цэргийнхэн болон улс төрчид өөрсдийн гол хэрэглээ болсон Telegram-ыг ашиглах боломжгүй болж байна” гэж дүгнэжээ.
Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА