Categories
мэдээ нийгэм сурталчилгаа цаг-үе

Коста-Рикагийн шигшээ баг шалгарч, англичууд мултрав

ДАШТ эхлэхийн өмнө Д хэсгийг “Үхлийн хэсэг” хэмээн нэрлээд байсан. Үнэхээр л “Үхлийн хэсэг” байсан юм. Энэ хэсгээс Итали, Англи, Уругвай гэсэн гурван галзуу багийн аль азтай хоёр нь дараачийн шатанд шалгарах бол хэмээн мэддэг мэддэггүй хүмүүс өөр хоорондоо мөн ч удаан саналаа шидэлсэн дээ. Гэтэл өнөөдөр энэ гурвын зөвхөн нэг нь л цаашид шалгарах боломжтой, Английн шигшээ баг бол бүр гэртээ харих хэмжээндээ тулчихаад байна. Буруутан нь мэдээж хэний ч тооцоонд байгаагүй Коста-Рикагийн шигшээ баг билээ. Гэтэл угтаа бол Төв Америкийн энэ баг тийм ч амархан зодуулаад байхааргүй шөрмөслөг баг юм шүү дээ. Тэд ОУХХ-ын рейтингээр эхний дөчид тогтмол багтдаг. 1990, 2002, 2006, 2014 онуудад ДАШТ-д оролцсон хашир туршлагатай баг юм. 1990 онд анх удаа ДАШТ-д оролцохдоо 1/8 шигшээ шалгарч байсан, 2002 оны Азид зохиогдсон ДАШТ-д оноо тэнцэж, зөвхөн бөмбөгний зөрүүгээр Туркт ялагдаж байсан бөгөөд улмаар Туркийн энэ шигшээ баг тэр тэмцээндээ хүрэл медаль зүүж байсныг хүмүүс санаж буй биз ээ. Энэ жил Коста-Рикагийн шигшээ баг азтай, одтой гойд сайн байгаагийн нууц нь юу вэ. Уг багийг анхнаасаа л лидерийн хэмжээнд өрсөлдөгч нар нь авч үзээгүй. Тийм учраас тэд чадалтай чанга багийн эсрэг яаж тоглох вэ гэдгээ зөв боловсруулж чадсан. Багийн ахлах дасгалжуулач Хорхе Луис Пинто анхнаасаа л багийнхныгаа хатуу гараар барьж байсны нэг жишээ гэхэд хэсгээсээ шалгарах хүртэл бэлгийн ажил хийхийг хориглоно гэдэг тушаал байлаа. Зарим хуучинсаг дасгалжуулагч нар сексийн үеэр эрэгтэй хүний цусан дахь тестостерон багасдаг, ядардаг гэж үздэг учраас бэлгийн ажлыг аль болох хориглохыг хичээдэг. Ер нь энэ дасгалжуулагч санаанд оромгүй үйлдлүүдээрээ олныг үе, үе гайхшруулдаг. Жишээлбэл тэмцээн эхлэхийн өмнө эсвэл тэмцээн дууссаны дараа багийнхаа хэрхэн тоглосон тактикийг олон нийтийн хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй тайлбарлаж ярих дуртай нэгэн гэсэн. Коста-Рика улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ялалтын нэг үндэс нь мэдээж энэ багийн хаалгач Кейлор Навас билээ. Испанийн даруухан баг болох “Левантед” алба хашдаг тэрбээр өнгөрөгч улиралд 80.1 хувьтай буюу 160 удаа хаалгаа хамгаалсан гэх тоон үзүүлэлттэй тоглосон юм билээ. Энэ нь Испанийн Ла-Лигийн хаалгачдын дунд хамгийн өндөр үзүүлэлт бөлгөө.     

Д.БАТ-ЭРДЭНЭ

           

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *