Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Кофе асгасан гэх Б.Ариунзаяад цагдаа эрүү шүүлт тулгасан уу? || DNN.mn

МУИС-ийн хуулийн ангийн оюутан Б.Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгасан гэх хэрэг энэ сарын 1-нд гарсан. Түүний уг хэрэг хуулийн байгууллагад үргэлжлэн шалгагдаж байгаа. Хуулийн хариуцлага хүлээх нь ч тодорхой. Харин тодорхой бус нэг зүйл үлдэж байгаа нь Б.Ариунзаяагийн ил болгосон бичлэг дэх цагдаагийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл. Мэдүүлэг өгөхөөр очсон иргэнд цагдаагийн албан хаагч ёс бусаар аашилж, биед нь халдаж байгаа үйлдлийг монголчууд тэр чигээрээ бичлэгээс харсан. Гэтэл өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд цагдаагийн үйлдэл нам дарагдаж, Б.Ариунзаяагийн кофе асгасан бичлэгээр амьсгалж, түүнийг нийгмээрээ яллаж дуусах шиг боллоо. Ингэлээ гээд цагдаа зүгээр өнгөрөх ёсгүй юм. Цагдаагийн байгууллага Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмыг сахиулагч, үйлчилгээний байгууллага гэдгийг хуульчид хэлсээр байна. Иргэд ч эрхээ нэхсээр байгаа. Гэвч өнөөдрийн цагдаагийн байгууллагын үнэн төрх бол Б.Ариунзаяагийн ил болгосон бичлэг дээрх цагдаагийн үйлдэл мөнөөсөө мөн.

Хуулийн төгсөх ангийн оюутан тэрээр нийгмийн энэ хандлагыг анзаарч, шүгэл үлээн цагдаагийн ажилтны дүрмийн бусаар харьцсан бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Бичлэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан н.Батзориг “Юу юм, чи муу. Юу гэж томроод байгаа юм…” хэмээн өндөр дуугаар охиныг зандарч, утсыг нь булаан аван нударч байгаа үйлдэл бичигдэн үлдсэн байдаг. Бичлэгт ороогүй, тухайн үед болсон нөхцөл байдал түүнээс ч дор байсныг Б.Ариунзаяагийн өмгөөлөгч болон өөрөө тэрээр хэвлэлд албан ёсоор тайлбарласан нь бий. Нэг ёсондоо энэ бол Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэрчээр татагдсан, сэжиглэгдсэн иргэддээ эрүү шүүлт тулгасан хэлбэр гэж хуульчид хэлэх боллоо.

Энэ тухай өмгөөлөгч Л.Баттогтох “Цагдаагийн байгууллагын дотоод ёс зүйн журам гэж бий. Үүний 2.3 гэж заалт байгаа. Энэ зохицуулалтаар хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч хэргийн оролцогч буюу гэрч, хохирогч, холбогдогчидтой хүнлэг бус харьцахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, хэнтэй ч цагдаагийнхан хүндэтгэлтэй харьцана гэж заасан. Ёс зүйн журам зөрчсөн бол дотоод хяналтын алба гэж шалгадаг байгууллага бий. Хэрэв тэр нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол мөрдөн байцаах газраас тухайн цагдааг шалгана. Ёс зүйн алдаа гаргасан бол тухайн байгууллага арга хэмжээ авна. Би энэ асуудлыг юу гэж харж байна гэхээр эрүүдэн шүүж байгаа хэлбэр орсон. Эрүүдэн шүүх нь хоёр хэлбэртэй. Бие эрхтний буюу сэтгэл санааны гэсэн. Хэлбэрийг яаж тогтоодог вэ гэхээр хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч, прокурор зэрэг хуулийн байгууллагын субьектүүд өөрсдөө хэн нэгэн гэмт хэргийн оролцогчийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгах санаа зориг агуулж байгаа, хөтөлж байцаалт авах байдлаар, эсвэл буруу тал руу нь мушгиж яллах гэж байгаа энэ байдлыг эрүүдэн шүүх хэлбэр гэдэг. Монголчууд эрүүдэн шүүнэ гэхээр С.Зоригийн хэрэг дээр гардаг шиг зодож нүдээд, балбаад, айдаст автуулна л гэж ойлгодог. Сэтгэл санааны эрүүдэн шүүх байдал нь тэр хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, ямар нэгэн хэлбэрээр дарамтлан тухайн хэргийг батлах гэж байгаа хэлбэр юм.

Иргэн Б.Ариунзаяагийн хувьд цагдаагийн байгууллагын ажилтан сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа хэлбэр юм. Утсыг нь цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа нь, янз бүрээр айлган сүрдүүлэх нүүрний хэлэмж гаргахыг сэтгэл зүйн дарамт гэж үздэг. Сэтгэл зүйн дарамт үзүүлж байна гэдэг нь өөрөө эрүүдэн шүүх хэлбэр гэдгийг хуулинд зохицуулчихсан байдаг.

Энэ асуудлыг дотоод хяналт шалгалтын хороо нь яаж шийдэхийг бид мэдэхгүй. Эсвэл гэм буруугийн хэлбэр байна гэж үзвэл энэ нь өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж явдаг. Хэрвээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн дүгнэлт гарвал дотоод хяналт нь биш, улсын мөрдөн байцаах газрын тусгай субьект шалгана гэсэн үг. Ер нь хэн ч бай гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг цагдаагийн байгууллагын ажилтан хүндэтгэлгүй харьцаж байгаа нь өөрөө бодит факт” гэж байгаа юм.

Б.Ариунзаяа энэ тухай хэвлэлд ярихдаа “н.Батзориг байцаагч намайг “Хэний дураар нойл /ариун цэврийн өрөө/ орох гээд байгаа юм. Гавьяа байгуулчихсан юм шиг, наанаа суу” гэсэн. Цагдаа нар ер нь тэгдэг шүү дээ. “Яасан, юу болсон бэ” гэх яриа огт байдаггүй. “Чи зүгээр наанаа суу” гэж л ярьдаг. Ер нь тийм хандлага маш хэцүү байдаг. Хүмүүс ч хэлдэг шүү дээ. Цагдаагийн харилцаа маш муухай байна. Үүнийг болиулах хэрэгтэй гэдэг. Би түүнийг л харуулах зорилгоор бичлэгийг нийтэлсэн. Тэр бичлэг нийтлэгдсэнээс гурван цагийн дараа кофе шопын бичлэг задарсан” гэсэн байдаг.

Түүний аав, өмгөөлөгч Г.Батбаяр энэ тухай байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа н.Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гар утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ёс зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн. Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биенээсээ уучлалт гуйгаад гар бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Гэтэл цагдаагийн ёс бус, дүрмийн бусаар, эрүү шүүлт тулгах хэлбэрээр харьцаж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдангуут нөгөө хохирогч охиноос байцаалт авч шинжээч томилох зэргээр үйл явдал өрнөсөн байна. Ингээд хохирогч М гэх охин шөнийн 23:00 цагийн үед кофе шопт болсон үйл явдлын бичлэгийг цацсан. Ингэж л үйл явдал өрнөсөн…Эрүүгийн хуулийн 21.12.1 гээд эрүү шүүлт тулгах гэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг буруутгасан үйл баримт бий. Энэ зүйл анги дээр “Төрийн албан хаагч ял, шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санаанд шаналал үүсгэсэн бол 1-5 жилээр хорино” гэж заадаг. Энэ зүйлд зэрэг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнээр шийтгэл онооно. Цагдаагийн ажилтан н.Батзориг ч энэ зүйл ангиар шалгагдах ёстой гэж үзэж байгаа” гэсэн билээ.

Б.Ариунзаяа болон түүний аав, өмгөөлөгч цагдаагийн үйлдлийг ийнхүү тайлбарласан байдаг. Харин хөндлөнгийн хуульчид энэ асуудал дээр ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

Хуульч Р.Булгамаа: Цагдаа нар иргэнтэй зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа нь эрүү шүүлт

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай дээрх үйл явдал эрүү шүүлт мөн эсэх, хуульчид тэдний үйлчлүүлэгчдэд эрүү шүүлтийн асуудал тулгардаг эсэх талаар цөөн хором ярилцлаа.

-Эрүү шүүлт гэхээр бид олон цаг хоногоор хоол унд өгөхгүй өлсгөдөг, зодож тарчлаадаг тухай л ойлгодог. Гэтэл өнөө үед хууль хяналт, цагдаагийн байгууллага ч иргэдийг эрүүдэн шүүх хэлбэр хавтгайрсан тухай олон талаас гомдоллох боллоо. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хууль хяналтын байгууллагууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүнхий эрхэнд халддаг, хүнд сэтгэл санааны хохирол учруулж, шахалт үзүүлж байгаа үйл баримтууд өнөөдөр эрүү шүүлтийн нэг хэлбэр бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Жишээ нь, гэмт хэрэг үйлдээгүй атлаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр ажил албан тушаал, нэр төрөөрөө хохирох явдал олон байна. Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын ажилтны үзүгээс тухайн хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж байгаа сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр урьдчилж нийгэмд дүгнэлт хийсэн мэдээлэл өгч байгаа нь нийгмийн эрүү шүүлтэнд орох нөхцөлийг бүрдүүлж байна.

-Нийгмийн эрүү шүүлт гэдэг ойлголт бас бий болжээ?

-Тэгж байна. Эрүү шүүлт гэдгийг кинон дээр гардаг шиг агааргүй жижиг өрөөнд удаан хугацаагаар хорьж, биологийн хэрэгцээг хангахгүй, хоол ундгүй байлгах тухай ойлгодог. Гэтэл эрүү шүүлт орчин цагт өөр болсон. Нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байгаа энэ үйл явцуудад тохирсон эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэдэг. Мөн шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр хууль шүүхийн дор тэгш эрхтэй гэж тод заачихсан. Ийм байсаар байхад тухайн нэгэн хэрэгт холбогдон шалгуулж байгаа эсвэл хэрэг зөрчил гарсан газарт ойр байсан хүнийг гэмт хэрэгртэн мэтээр нийгэмд мэдээллэдэг, нийгмийн эрүүдэн шүүлтэд оруулдаг явдал гарч байна. Ийм нөхцөлд орсон хүмүүс сэтгэл санаагаар хохирч, бүр цаашлаад амьд явах хүсэл эрмэлзэлгүй болтол нь өөрийг нь, ар гэр, үр хүүхдийг нь эрүүдэн шүүж байна шүү дээ. Эцэстээ энэ бүхэн цахим орчин, сошиал орчны дайралт хандлагаар илүү тодорхой харагдаж байна.

-Цахим орчинд зориудаар мэдээлэл тараадаг. Үүнд хууль хяналт, цагдаагийн байгууллага өөрсдөө гар бие оролцдог гэж хүмүүс их бичиж байна шүү дээ?

-Зөвхөн цагдаагаар тогтохгүй төрийн эрх бүхий албан тушаалтнууд хүртэл нийгмийн эрүү шүүлтээс эмээж, муухай харагдахгүйн тулд, нэр төрөө цэвэр байлгах гэж нийтийн эрх ашгаа умартан гаргасан шийдвэрүүдээсээ буцах, өөрчлөх, хууль зөрчих, төрийн үйл ажиллагаа тогтвортой байх зарчмыг алдагдуулсан тохиолдол олон байна. Жишээ нь, цар тахлын үеэр энэ явдал хавтгай байлаа шүү дээ. Энэ бол эцэстээ эрүү шүүлт үзүүлж байгаа хэлбэр мөн.

-Кофе асгасан гэх хэрэгт холбогдсон хуулийн ангийн оюутан цагдаагийн байгууллагын ажилтны бичлэгийг олон нийтэд ил болгосон. Тухайн бичлэгт дурдагдсан үйл явдлыг өмгөөлөгч нь эрүү шүүлтийн хэлбэр гэж мэдэгдэж байгаа. Та ч хуульч хүний хувьд үүнийг анзаарсан байх?

-Юуны өмнө хэлэхэд, тухайн охины хийсэн үйлдэлтэй санал нийлэхгүй. Мэдээж тухайн охин бусдад учруулсан гэм хор, нийгэмд учруулсан зөрчлийнхөө харуицлагыг хүлээх учиртай. Үүнтэй маргахгүй.

Харин тухайн охины хувь хүнд учруулсан гэм хор, гэмтлийн зэрэг нь ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоож, тухайн үйдлийнх нь хэм хэмжээнд хор уршигт тохирсон хариуцлагыг хуулийн байгууллага, тухайлбал, шүүх шийдвэрлэнэ. Гэтэл шүүхээс гэм буруутай эсэхийг нь эцэслэж шийдээгүй байхад нийгмээрээ гэр бүлээр нь яллаж, түүнчлэн хувь хүний талаарх мэдээ мэдээллийг эрх бүхий байгууллагаас, эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж ирж бүхий л талаар тухайн иргэнийг онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр харлуулж, доромжилж, бүр цаашилбал бусад тогтоогдоогүй, нотлох баримт тодорхой бус, шүүхээс шийдвэрлэгдээгүй хэргүүдэд, гэмт үйлдлүүдэд хамааралтай мэтээр, зарим талаар захиалгатай юм уу гэж хардмаар мэдээллүүд явж байгаа нь хамгийн их анхаарал татаж байсан.

-Үнэхээр онц ноцтой хэрэгтэн мэтээр нийгмээрээ яллалаа шүү?

-Жишээлбэл, тухайн иргэний замын хөдөлгөөнд оролцохдоо гаргасан зөрчлүүдийн талаарх мэдээллийг эгэл жирийн иргэн шууд мэдэж нийгэмд мэдээлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, хувь хүний талаарх мэдээ мэдээлэл Монгол Улсын Нууцын тухай хуулиар зохих түвшинд хамгаалагдсан байх ёстой. Таны мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр болон бусдад хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан, албан хаагч гаргаж өгч нийгэмд мэдээлэх ёсгүй.

Цагдаагийн албан хаагчийн үйлдэл хуулийн хүрээнд байх ёстой. Цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн байгууллагын тухай хууль болон цагдаагийн кодексоороо яаж хэрхэн харилцах талаар журамлаж өгсөн. Тухайн шалгагдаж байгаа иргэн ямар үйлдэл гаргахаас үл хамааран цагдаагийн албан хаагч ёс зүйтэй хуулийн дагуу ажиллах ёстой. Тухайн бичлэгээс харахад цагдаагийн кодекс ёс зүйн хэм хэмжээний дагуу ажлаа хийгээгүй гэж харагдаж байсан. Тиймээс цагдаагийн албан хаагч ч хариуцлагаа хүлээх ёстой.

Ер нь хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад зарим нэг мөрдөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг хэргээ хүлээ, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгчих. Өргөдлөө биччих, хялбаршуулсан журмаар шийдүүлье, хүсэлтийг хүлээж авахгүй бол нөхрийн чинь компани болон гэр бүлийн гишүүдийг чинь шалгана, эрх зүйн байдал чинь улам бүр дордоно шүү гэх мэтээр айлгаж сүрдүүлэх, сэтгэл санааны хямрал дарамтыг үүсгэсэн тохиолдол олон байсан. Цагдаагийн байгууллага бол төрийн үйлчилгээний байгууллага, хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэгч байгууллага гэдгээ ухамсарладаггүй. Цагдаа, мөрдөн байцаагч нар иргэнтэй зүй бусаар харилцаж, айлган сүрдүүлж сэтгэл санааны дарамт үзүүлж байгаа үйлдэл бол эрүү шүүлтийн хэлбэр юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *