Categories
мэдээ спорт

Кличко Британийн Тайсон Фюрид ялагдлаа

Дэлхийн хүнд жингийн үнэмлэхүй аварга, 11 жилийн туршид ялагдал гээчийг амсаагүй явж байсан боксчин Владимир Кличко өнгөрөгч шөнө ялалтынхаа цувралд цэг тавьлаа. Германы Дюссельдорф хотод зохиогдсон мэргэжлийн боксын IBF, WBO, WBA байгууллагын аваргын бүсүүдийн төлөөх энэ тулаанд Их Британий Тайсон Фьюритэй Кличко зодолдож 12 үеийн турш тэмцэлдсэн. Тэмцээн дууссаны дараа талбайн гурван шүүгч тус бүр 115-112, 115-112, 116-111 гэсэн оноог Фьюрид өгснөөр шинэ аварга төрж, Украйны сүпер боксчин Кличко гурван холбооны бүсээ алдлаа. Владимир Кличко 2004 оны дөрөвдүгээр сарын арванд Л. Брюстерд ялагдсанаас хойш 11 жилийн турш хэнд ч хожигдож үзэлгүй явсаар өдийг хүрсэн бөгөөд өдгөө 39 настай энэ украйн эр өчигдөр үнэхээр чадал дутаж хүчтэний өмнө мөхөсдлөө. Гэхдээ тоглолтын дараа Кличко хэлэхдээ “Фьюри зодолдоход тун эвгүй нэгэн байна. Би тоглолтын туршид түүний эсрэг яаж тоглох вэ гэдэг зөв тактик боловсруулж чадсангүй. Гэхдээ тэр надад даагаа нэхэх боломж олгоно гэдэгт найдаж байна.” гэлээ.

Б. Хулан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *