Categories
мэдээ цаг-үе

Кисэносатогийн ялалт бол үнэндээ савыг нь хоосон буцаадаггүй монгол ёсны илэрхийлэл юм

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын нацу башёгийн банцукэг буюу сумочдын чансааг танилцууллаа. 2001 оны долдугаар сараас хойш сумочдын чансааны жагсаалтын тэргүүнд япон бөх гарч ирээгүй нь арлын орны иргэдэд битүүхэндээ хүлээлт үүсгээд байсан гэж болно. Тэдний хүлээлтийг биелүүлж Ёкозүна Кисэносато өнгөрсөн хоёр башёд ялалт байгуулснаар зүүн жигүүрийг хошуучилсан нь ийнхүү Японы ард түмнийг баярлуулж байна. Японы мэргэжлийн сумо бөх дэх монголчуудын ноёрхлыг зогсоож чадсан түүнийг япончууд баатрын ёсоор хүндэлж, шагшин магтаж байх. “Кисэносато асар том багана босголоо. Энэ багана ганхахгүй”, “Сумо бол Японы үндэсний спорт гэдгийг дахин мэдэрч эхэллээ”, “Кисэнасато бол Япон. Сумо бол Японых гэдгийг санууллаа” хэмээн монгол сумочдыг хоолойд тээглэсэн яс мэт тус улсын хэвлэл мэдээллийнхэн, олны танил эрхмүүд онцолжээ. Үнэхээр ч тийм л дээ, сумо бол Японы үндэсний спорт, олон зууны түүхтэй бахархал нь.

Тэдний ойлголтоор одоо Японд сумогийн дэвжээнээ Кисэносатогийн гарыг нугалах, түүнийг сөрж зогсч, дохёг эзэгнэх баатар алга л юм шиг байна. Гэхдээ байз, байз. Ингэж хэтийдэж, сэтгэл хөөрлөөр хандаж арай л боломгүй байна даг.

Асашёорюү аваргыг сумогоос явсан тэр мөчөөс сумо сонирхогчдын хувь 12-47 хувиар буурсан гэх судалгааг дараахан нь гаргасан байдаг. Тэр ч үнэн. Зарим башёд сумогийн ордон эзгүйрч Фукушимагийн газар хөдлөлтөд өртсөн иргэдийг сэтгэл санааг нь өргөж, баярлуулах нэрийн дор сумо үнэгүй үзүүлэх маягаар суудал дүүргэж байсан удаатай. Бас сумог сурталчлах олон төрлийн аянг орон даяараа өрнүүлж, сумо үзэх тасалбараа хямдруулж, тойргийн барилдааны үеэр үзэгчдийг татах олон тактик хэрэглэх болсон. Цаг хугацаа явахын хэрээр япончуудын дунд сумо сонирхогчдын хувь улам буурч, үндсэндээ энэ спорт мөхөл рүүгээ ойртож ирсэн. Үүнд монгол бөхчүүдийн нөлөө бий л дээ. Яагаад гэвэл башё болгонд монгол сумоч түрүүлж, гарамгай барилдааны шагналыг монгол бөх авч, шагнал, урамшуулал, нэр хүнд болгоныг монгол сумочид шүүрээд байхаар яаж ч бодсон япончуудад таатай санагдахгүй л дээ. Сүүлдээ ч Их наран улсын иргэд үүнтэй эвлэрч сумог монголчуудын түрүүлдэг наадаан мэтээр хүлээж аваад сурчихсан. Энэ мэт шалтгааны улмаас сумогийн нэр хүнд Япондоо уначихсан. Асашёорюү аваргын үед Японы энэ спорт дэлхийн дайдад гарч, хүн төрөлхтөн ийм нэг өвөрмөц спорт байдгийг мэдэж эхэлсэн. Энэ үеийг Японы мэргэжлийн сумогийн дахин мандан бадралын үе ч гэдэг. Харин одоо Японд сумо үзэж байгаа залуус үнэндээ алга. Тэдэнд сурч хөдөлмөрлөдөг монголчууд хүртэл ярьж байна, энэ тухай. “Юун сумо. Монголчууд чинь япончуудаас илүү сумо сонирхдог юм биш үү. Японы залуус сумо үзэхээ байгаад удаж байна. Энд залуус нь бэйсбол, теннис зэрэг спортыг илүүтэй үзэж барууны соёл, хөгжмөөр амьсгалж байгаа. Тэр башёг нь өвгөчүүл, спортын цөөн хорхойтнууд л үздэг. Сумогийн орднууд эзгүйрээд удаж байгаа. Бүр сумогийн ордон эзгүйрч элдэв хий үзэгдлийн оромж болсон талаар аймшгийн кино ч хийгдэж байгаа” гэж сониучирхан хэлсэн нь анхаарал татав.

Олон жилийн турш ноёлж, аархаж, шилдэг нь байж чадсан Хакүхо тэргүүтэй монгол бөхчүүдийн өвдгийг шороодуулж, дохё дээрээс түлхэж гаргаж чадсан болохоор Кисэносатог үнэхээр бяртай, чадалтай, хараатай байна гэж итгэе. Гэвч өнгөрсөн башёгийн барилдааныг эргээд харахад бодож үзмээр зүйл бас байна аа, байна. Кисэносато өмнөх башёгийн үеэр мөрөндөө бэртэл авч эмч нар түүнд бүтэн сар дэглэм барих заавар өгснийг спорт сонирхогчид санаж байгаа байх. Тэрээр 13 дахь өдөр Харумафүжид унахдаа мөрөндөө бага зэргийн бэртэл авсан ч сүүлийн өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй хоёр барилдахдаа хоёуланд нь ялалт байгуулчихсан юм. Мөрөндөө бэртэлтэй байсан ч хүчтэй ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, Эзэн хааныхаа цомыг өргөсөн нь түүнийг япончуудад үндэсний баатар мэт л болгочихсон. Гэтэл Тэрүнофүжи болон манай бусад сумочид үнэндээ Кисэносатод уначих залуус мөн үү. Олон жил тасралтгүй харанхуйг гэрэлтүүлж чадсан манай сумочдын дэвшил, хөгжил, бахархал, ялалт гэнэт л ул мөргүй болж балартана гэж байх уу. Манай сумочид ямар нэг шалтгаан тоочиж башёгоос хөндийрч эсвэл унаж ойчиж, яагаад ч юм Кисэносатод боломж олгочихсон. Үүнийг сумо сонирхогчид хүртэл ярьж гомдоллосон. Тэгтэл манай сумочид Японы Сумогийн холбоотой ярьсан тохироо бий гэдгийг ярьсан байх юм. Ямар тохироо вэ гээд сонирхож, та нар хэдэн иен авчихав гэж хачирхан асуусан нэгэнд “Ямар юмных нь мөнгө төгрөг вэ. Энэ уначихаад байгаа спортыг чинь босгох, нэр төрийг нь сэргээх үүрэг бидэнд бий шүү дээ. Муу ч үгүй бид энэ улсын Эзэн хааны гялалзсан сайхан цомыг сүүлийн хэдэн жил өргөсөн улсууд болохоор зовох үед нь туслах ёстой. Энэ чинь нэг ёсондоо савыг нь хоосон буцаадаггүй монгол ёс шүү дээ” гэж хариулсан байх юм. Манай сумочид түрүүлэх байсан башё, бооцоонд авах байсан иен, өргөх байсан цомоо хойш тавиад сумог эргэн сэргээхэд Сумогийн холбоотой хамтарч чадаж. Энэ бол монгол эрсийн уужуу сэтгэлээс гарах л ухаан. Түүнээс биш Кисэносатог барахгүй болчихоод, эсвэл Сумогийн холбоондоо хавчигдаад байгаа юм ер байхгүй. Одоо Японы мэргэжлийн сумогийн доод зиндаануудад ааг бяр нь ид бялхаж, учраагаа хийстэл түлхэж, дохёг нэг гараараа алгадаад байрнаас нь ховхолчих тийм тэнхээтэй залуус яралзаж байна даг. Тэр дундаа Монгол эрсийн эрийн гурван наадмын манлай болох үндэсний бөхөд аварга, арслан, гарьд, заан цол хүртэж байсан аатай эрчүүлийн үр удам болсон жинхэнэ таримал авьяастай, таримал бөхчүүд тэр зиндаануудад нь бэлтгэгдээд дээд зиндаанд гарч ирэх цаг нь тулчихаад байна даг. Ж.Мөнхбат аваргын хүү Хакүхо М.Даваажаргал, Д.Долгорсүрэн зааны хүү Асашёорюү Д.Дагвадорж, Л.Бадарч начны хүү Асасэкирюү Б.Дашням,Ж.Алтангадас начны хүү Токитэнкү А.Хүчитбаатар, Л.Эрхбаяр начны хүү Араваши Э.Дөлгөөн нарын шилдэг сумочдын араас заан З.Дүвчин, Д.Амгаа, Ч.Батзориг зэрэг манай манлай сайхан бөхчүүдийн хүүхдүүд тэнд ид хав нь гүйцээд дээд зиндаанд гарч ирэх гээд уяа сойлго нь гүйцсэн хурдан ажнай шиг уяан дээрээ дүүхэлзэж байна. Ийм байхад юу гээд л манай шилдгүүд мөр нь гэмтчихсэн хүүд унаж өгөөд л, түрүүлүүлээд байв гэж. Үнэхээр монгол ухаан, савыг нь хоосон буцаадаггүй заншлаа дагаад л тэд маань хоёр башёд биеэ барьж ухаан заагаад л Кисэносатог түрүүлүүлээд байгаа юм шүү дээ. Монгол ухаан уран чиг, бас сайхан чиг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *