Categories
гадаад мэдээ

Кир Стармер: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр энэ асуудал яригдана DNN.mn

Вашингтонд болсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нарын хэлэлцээний дараа Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүнд барууны пуужингийн цохилт өгөх зөвшөөрлийн талаар ямар нэгэн мэдэгдэл гаргасангүй. Цагаан ордны цахим хуудсанд “АНУ, Их Британийн удирдагчид Иран болон Хойд Солонгос Орост “үхлийн зэвсэг” нийлүүлж, БНХАУ Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг дэмжиж байгаад гүнээ санаа зовж буйгаа илэрхийлэв. Мөн Израилийн аюулгүй байдлын төлөө тууштай ажиллахаа дахин нотолсон бөгөөд барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлж, Газын зурваст үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх боломжийг олгох, гал зогсоох яаралтай шаардлага болон энгийн иргэдийг хамгаалахын тулд Израилийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Байден, Стармер нар мөн Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцууд руу Ираны дэмжлэгтэй хутичууд халдлага үйлдсэнийг буруушаав. Эцэст нь Стармер, Байден нар аюулгүй байдлын AU­KUS холбоо болон хоёр улсын технологийн хамтын ажиллагаа, тэр дундаа ногоон эрчим хүч рүү шилжих талаар ярилцав” гэж мэдээлжээ. Мөн хоёр улсын тэргүүний хэлэлцээний дараа Цагаан ордон товч мэдэгдэл хийж, уулзалтаар “Хоёр тал Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байгаа Украиныг гуйвшгүй дэмжиж байгаагаа дахин нотолсон” гэж мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Вашингтон руу нисэж явах замдаа онгоцонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Украин болон Ойрхи Дорнодод чухал үйл явдлууд ойрын ирээдүйд болохтой холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгчтэй тактикийн хэд, хэдэн шийдвэр гаргах шаардлагатай байна. Би эдгээр тактикийн шийдвэрийг стратегийн хүрээнд гаргахыг үнэхээр хүсч байна” гэж хэлж байсан билээ. Иймээс уулзалтын дараа сэтгүүлчид Стармераас Жо Байденыг ятгаж чадсан эсэхийг асуухад тэрээр “Украин, Ойрхи Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг зэрэг хэд хэдэн чиглэлээр урт, үр дүнтэй хэлэлцсэн. Байдентай хийсэн яриа нь тактикийн бус стратегийн шинжтэй байсан бөгөөд ямар нэгэн тодорхой шийдвэрийн тухай бид яриагүй. Хэдхэн хоногийн дараа болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр энэ асуудал төдийгүй бусад чухал асуудлууд илүү өргөн хүрээнд яригдаж шийдвэрлэгдэнэ” гэж хариулав. Энэ нь Их Британийн ерөнхий сайд илүү ноцтой буюу ОХУ-ыг НҮБ-ын гишүүнчлэлээс биш юм гэхэд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс хасах гэж байна гэдгийг зарлаж буй явдал юм. Учир нь энэхүү уулзалтын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми нар Киевт айлчилж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган, тус байгууллагын дүрмийг өөрчлөх асуудлаар санал солилцсон юм. Мөн өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүдийн хуралдаан болж Украины дайны асуудлыг авч хэлэлцэн, ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааг зад шүүмжилсэн билээ.

Вашингтонд болсон Стармер, Байден нарын яриа хэлэлцээний өмнөхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Оросын нутгийн гүнд барууны зэвсгийг ашиглах нь барууны орнууд дайнд шууд оролцоно гэсэн үг. Учир нь Украин барууны алсын тусгалын зэвсгийг бие даан ашиглах чадваргүй” гэж хэлсэн билээ. Харин АНУ-ын Төрийн департамент ОХУ-ын ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдлийг “шинэ биш зүйл” гээд “Бид түүний хэлсэн бүх зүйлийг анхааралтай ажиглаж байдаг” гэж мэдэгдсэн юм. Мөн Их Британийн цэргийн шинжээч Жастин Крамп ВВС-д өгсөн ярилцлагадаа “Оросын ерөнхийлөгч Их Британийн шинэ засгийн газар болон АНУ-ын суудлаа хүлээлгэн өгөх гэж байгаа ерөнхийлөгчийн засаг захиргааг шалгаж, “хэр хол явах”-ыг нь ажиглаж байгаа хэрэг. Үнэндээ бол Орос улс аль хэдийнэ Их Британийн дайснуудаас зэвсэг нийлүүлж, НАТО-гийн гишүүдийн ашиг сонирхлын эсрэг тагнуул, хорлон сүйтгэх, кибер, мэдээлэл болон сансрын ажиллагаа зэрэг “идэвхтэй шийдвэрүүд”-ийг аль хэдийнэ гарган хэрэгжүүлж байгаа билээ. Иймээс барууны улсуудын эдгээр бүх алхмууд нь баруун болон Оросын асуудлыг улам “хурцатгаж” магадгүй юм. Гэвч Орос улсын хувьд НАТО-тай халз тулж, эсэргүүцэх ямар ч боломж байхгүй” гэж хэлжээ. Үнэхээр ч өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа RT телевиз хуурамч суртал ухуулга, ташаа мэдээлэл тараагаад зогсохгүй бусад улс орны дотоод улс төрийн үйл явцад хөндлөнгөөс оролцох далд явуулга хийж байна. Жишээ нь, АНУ-д өрнөж буй улс төрийн үйл явц төдийгүй Молдов улсад ирэх аравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, хуурамч платформууд болох “Red” болон “Afri­can Stream”-ыг ашиглаж хүчирхийлэл, үймээн самуун дэгдээхийг оролдож байна” гэж буруутгасан юм. Мөн Европын холбооны Гадаад бодлогын албаны албан ёсны төлөөлөгч Питер Стано “Оросын ерөнхийлөгч ийм “буруу” тайлбар байнга хийдэг. Путин Украины эсрэг хууль бус түрэмгийллээ үргэлжлүүлж, улмаар дэлхийн ардчилсан улсуудад аюул учруулж байгаа цагт түүний алдаатай мэдэгдэл бидний байр суурийг өөрчлөхгүй. Европын холбооны Гадаад харилцааны зөвлөлийн сүүлчийн хурлаар холбооны гишүүн улс бүр өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхолд тулгуурлан энэ шийдвэрийг бие даан гаргах эрхтэй гэж үзсэн” гэж мэдэгдэв.

Мөн НАТО-гийн Цэргийн Хорооны тэргүүн Роб Бауэр “Олон улсын Зэвсэгт мөргөлдөөний хууль, журмын дагуу аль ч улс орон өөрийгөө хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрх нь зөвхөн өөрийн улсын хилээр хязгаарлагдахгүй. Цэргийн зорилго бол дайсны хүчийг цохиж, фронтод түүний түлш, зэвсэг, хангамжийн ложистикийг сулруулах явдал. Иймээс Украин барууны алсын тусгалын зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх нь зөв үйлдэл учир эвслийн гишүүд тус бүрдээ энэ асуудлаар бие даан шийдвэр гаргах бүрэн эрхтэй” гэж хэлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан уг уулзалтын дараа сэтгүүлчдэд “Үнэндээ энэ бол улс төрийн хүсэл зоригийн асуудал биш. Харин хэцүү, төвөгтэй ложистикийг яаж зөв зохицуулах тухай асуудал юм. Иймээс энэ асуудал удахгүй болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр эцэслэн шийдэгдэнэ” гэж мэдэгджээ.

One reply on “Кир Стармер: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр энэ асуудал яригдана DNN.mn”

200 жилийн турш бусдын нутагт дайн хийж дээрэм тонуул хийсэн улсуудыг НҮБ-ын гишүүнчлэлээс биш юм гэхэд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс хасах уу? НҮБ бусдын нутаг руу алсын тусгалтай пуужин харвах асуудлыг шийдэх болоо юу???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *