Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.04.02) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар эхлээд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусгав.

Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг оруулах саналыг Монголын хуульчдын холбооноос ирүүлснийг хэлэлцлээ. Санал болгосон төлөөлөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан юм.

Ингээд Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсыг ажлын хэсэгт оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалхад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *