Categories
мэдээ нийгэм

ХЗБХ: Байнгын хорооны тогтоол баталж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.12.20) хуралдаан 11 цаг 18 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдорж асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 буюу бусдын нэр төрд халдах зөрчлийн улмаас 1000 гаруй иргэн прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр Зөрлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл хүлээж байгааг хэлэв. Холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд үүнийг энэ сарын хэлэлцэх асуудлын дараалалд тусгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга уг саналыг хүлээн авч, судлахаа илэрхийлсэн бөгөөд гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоол батлагдав.

Хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс бие даасан нэгж байгуулах хүсэлт ирүүлсэн, энэ хүсэлтийн талаар Комиссын шийдвэрийн талаар гишүүд тодруулсан.

Монгол Улс эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг байгуулахдаа Эрүү шүүлтийн эсрэг конвенцод 2014 оны 12 сарын 11-ний өдөр нэгдэж орсон. Энэ нэмэлт протоколын үзэл баримтлалд нийцүүлж Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос хараат бус байхаар, тус гишүүний үйл ажиллагаанд Комиссын гишүүн болон бусад албан хаагч нөлөөлөх, оролцохыг хориглохоор хуульчилсан хэмээн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хэлэв. Иймд хуулийг хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан гээд холбогдох тайлбарыг өгсөн. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн бие даасан нэгжтэй байх хүсэлт гаргасан бөгөөд Комиссын гишүүд хурлаараа хэлэлцсэн болохыг Д.Сүнжид дарга хэлсэн. Энэ асуудлыг хууль тогтоомжид өөрчлөлт оруулж шийдвэрлэх учраас Комисс шийдвэрлэх боломжгүй гэдэг хариулт өгсөн болохоо тайлбарлав. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний дээрх хүсэлтийг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар илэрхийллээ. Бид конвенцод нэгдэн орж, холбогдох хуулийг нийцүүлэн баталсан учраас хуулийн хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг Д.Цогтбаатар гишүүн илэрхийлээд, холбогдох судалгааг хийж, шийдлийг гаргах саналыг гаргаж байв.

Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *