Categories
гадаад мэдээ

Хятадын нүүрсний импорт өнгөрсөн онд 6.6 хувиар өсчээ

Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7 хувиар буурсан дүнтэй гарлаа. Энэ талаар тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн.

Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангасантай холбоотой байсан гэж хэлж болно. Харин 2021 оны төгсгөлд тус улс дотоодын олборлолтод түшсэнээр импорт харьцангуй буурчээ.

Гэхдээ тус улсын нүүрсний импорт оны дүнгээр өсөлттэй гарлаа. Тодруулбал 2021 онд тус улс нийтдээ 323.22 сая тонн нүүрс импортолж 2020 оныхоос 6.6%-иар өссөн үзүүлэлтийг харууллаа. Энэ дүнд эрчим хүчний нүүрс болон коксжих болон антрацит гээд бүх төрлийн нүүрс багтана. 2020 оны тухайд өмнөд хөрш нийтдээ 303.99 сая тонн нүүрс импортолж байсан.

2019, 2020 онуудтай харьцуулахад 2021 оны хувьд Хятадын Засгийн газар эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулах үүднээс нүүрсний импортод ямар нэг импортын хязгаарлалт тавиагүй ажээ.

Хятадын нүүрсний импорт энэ оны эхний сард буурах төлөвтэй байгаа ажээ. Учир нь эрчим хүчний нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч Индонез улсын тухайд нэгдүгээр сарын турш нүүрсний экспортод хориг тавиад байгаа юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын дотоодын нүүрсний олборлолт өссөнтэй холбоотойгоор импорт буурсан гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний нөөц ч хангалттай хэмжээнд очжээ. Тухайлбал тус улсын нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний хэмжээ арванхоёрдугаар сарын эхээр 35 сая тонноос давсан дүнтэй гарсан байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *