Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль гардууллаа

-МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ХЯТАД УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАХАД ЧУХАЛ ТҮЛХЭЦ ӨГСӨН ГЭВ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд 235 ахмад дайчныг төрийн дээд одон медалиар шагнахаар болсон. Тэдний төлөөлөл болгож 19 ахмад дайчинд өчигдөр төрийн дээд одон, медалиудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Тодруулбал, Сүхбаатарын одонгоор Р.Дамбадаржаа, А.Дорж, У.Доржпалам, Б.Лааган нарыг шагнав. Тэгвэл Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Ванчигдоо, Х.Галжав, Д.Сэр-Од, Г.Цэгмид нар шагнууллаа. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг А.Дуламжав, Л.Халзан нарт гардуулав.

Цэргийн гавьяаны одонгоор Р.Даш, Б.Дорж, С.Чимэддорж, Я.Рагчаа, Ц.Осор, И.Ламжав нарыг шагнасан бол Алтан гадас одонгоор Д.Ишгомбо, Б.Маань, Л.Туваан нарын энгэрийг цооллоо. Үлдсэн ахмад дайчдын шагналыг аймаг, дүүрэг бүрт нь гардуулах аж. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг оролцсон байдаг. Үүнээс өдгөө 1939 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байгаа аж. Тэдний хамгийн залуу нь 90 настай бол хамгийн ахмад нь 102 настай юм байна.

Батлан хамгаалах яаман дээр одон гардуулахаас цаг гаруйн өмнө ахмад дайчдыг урьжээ. Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадыг чөлөөлсний 70 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яамнаас олон арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, Дорноговь, Сүхбаатар аймагт болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярт нийслэл болон нутгийн 20 гаруй ахмад дайчдыг тусгай тээврийн хэрэгслээр урьж оролцуулсан байна. Тиймээс ч ахмадууд аян зам, элдэв хүлээн авалт дээр уулзсаар хоорондоо танилцаж энэ минь, тэр минь болсон байх аж. Зөвхөн ахмад дайчид ч биш тэдний үр хүүхдүүд нь өнгөрсөн хугацаанд өвөө, ааваа дагасаар хоорондоо нэлээд дуу шуутай болжээ. Тэр ч бүү хэл ирсэн ахмад дайчдад бүгдэд нь үнсүүлээд “Та дээр яваад ирснээсээ хойш ийш тийш явав уу” гэж асууж байх жишээтэй. Эсвэл “Чингис зочид буудалд хооллоход байсан хүү шүү дээ” хэмээн хөөрөлдөх аж.

Ерөнхийлөгч ирэхэд ахмадууд өөрсдийнх нь нэрийг бичсэн сандал дээр тухлан шагналаа хүлээж авлаа. Хамгийн эхэнд Сүхбаатарын одонг гардуулсан. Ингээд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон гэсэн дарааллаар гардуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд одон медаль гардуулсныхаа дараа хэлсэн үгэндээ “… БНМАУ 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаж, Чөлөөлөх дайны ажиллагаанд оролцсон. Монгол Улс идэр насны залуучуудаа цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр ажиллан, ялалтын төлөө зүтгэж байлаа. БНМАУ-ын дайнд оролцсон зорилготой шууд холбоотойгоор Монголын түүхнээ “Чөлөөлөх дайн” хэмээн нэрлэгдсэн “Манжуурын стратегийн давших операци”-д Монгол ардын хувьсгалт цэргийн дөрвөн морьт дивиз, мотомеханикжуулсан долдугаар хуягт бригад, нисэх дивиз, их буу, холбоо, танкийн тусгай хороод болон хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд, ДЯЯ-ны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд нийт 24000 орчим хүний бие бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

БНМАУ-ын зэвсэгт хүчний цэрэг дайчид Долоннуур-Жэхэ, Хаалганы чиглэлд байгаль, цаг уурын хүнд бэрх нөхцөлд 1000 гаруй километр замыг богино хугацаанд туулан давшиж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн юм. Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилтын дүнд Долоннуур, Жэхэ, Пянзан, Завсар, Жанбэй Губейкоу, Жанчхүүгийн даваан дахь бэхлэлтийн бүс зэрэг дайсны түшиц газруудыг эзлэн авч Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлөх цэргийн давших операци амжилттай дууссан. Ийнхүү дайны сүүлчийн голомт унтарч ялагдсан тал бууж өгөх актад 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр гарын үсэг зурсан юм. Зүүн хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлсөн Монгол, Зөвлөлтийн цэргийн ажиллагаа нь Хятад улс харийн дарлалаас ангижирч, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явцад чухал түлхэц өгсөн гэж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь Монгол, Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлмэгц Хятадын дөрөвдүгээр арми өмнөд нутгаараа, наймдугаар арми төв ба зүүн хойд Хятад, Өвөр Монголын нутгаар давшилт өрнүүлж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайныг эхлүүлсэн байдаг. Ийнхүү 70 жилийн тэртээ энх тайван, эрх чөлөөний төлөө үйлст Монгол, Орос, Хятадын зэвсэгт дайчид бие биесээ дэмжин ялалтад хүрснийг тэмдэглэхэд таатай байна” хэмээлээ.

Түүнчлэн энэ өдөр шагнуулж байгаа хүмүүсийн талаар “ЗХУ-ын Тамбов хотын цэргийн тойргийн их бууны долдугаар батальоноор командлуулан дэлхийн II дайнд оролцож, Байшинтын долдугаар дивизийн 20 дугаар морьт хороонд зэвсгийн албаны даргаар ажиллаж, Чөлөөлөх дайнд оролцсон Биньяагийн Лааган гуай, есдүгээр дивизийн морьт хорооны минемот сумангийн улс төрийн орлогч даргаар ажиллаж байгаад Чөлөөлөх дайнд оролцож, Цагаан хэрмийн орчим Японы эсрэг тулалдсан Рэнцэнжавын Дамбадаржаа гуай, Замын-Үүдийн арванхоёрдугаар отряд, Хэрлэнгийн 31 дүгээр отряд, Чоно голын 20 дугаар отрядууд Хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер, улс төрийн орлогч зэрэг албыг хашиж, Чөлөөлөх дайнд Замын-Үүдийн 12 дугаар отрядаас оролцсон Ундрахын Доржпалам гуай, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Амгалангийн Дорж гуай нарын зэрэг олон ахмад дайчид маань шагнал хүртэж байгаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэсэн юм.

Энэ үеэр зарим ахмад дайчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Ахмад дайчин, бэлтгэл хурандаа Амгалангийн Дорж “Энэ сайхан өдөр төрийнхөө удирдлагаас өндөр шагнал хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Би 1924 онд Баянхонгор аймагт төрсөн. Энэ жил 91 нас хүрлээ. Монголын армид 42 жил тэр дотроо Барилгын цэрэг гэдэг их айлд 37 жил алба хааж байлдагчаас бага дарга, офицер, салаа сумангийн дарга, барилгын техникийн инженер, анги нэгтгэлийн захирагч, Бүх цэргийн ерөнхий газрын орлогч дарга гэдэг өндөр албан тушаалууд дээр алба хааж байсан юм. Энэ бол армийн минь надад үзүүлсэн буян гэж бодож байна. Армидаа он удаан жил ажилласны хүчинд өдий зэрэгтэй амьд мэнд сайн сайхан явж байна. Офицер, албан хаагч бүх хүндээ баяр хүргэж ёсолъё” гэв.

Харин ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан “Цэргийн тусгай холбооны хороонд байлаа. 1945 оны наймдугаар сарын 10-нд хил давж Хятад орныг Японоос чөлөөлөх байлдаан хийхээр явсан. Холбооны хороонд дөрвөн тоннын даацтай “Зис 14” гэдэг бензин тэрэг барьдаг байсан. Долоннуур хүртэл явсан даа. Жанчхүүгийн даваагаар давж үзсэн. Холбооны хороо 80 шахуу машинтай, 30 гаруй мотортой. Түүний бензинийг би зургаан жил зөөсөн хүн. Дайн дуустал тэнд байж байгаад 1945 оны есдүгээр сарын сүүлээр Монголдоо орж ирсэн. Тэр үед Цэргийн яамны нөөц дууссан гээд одоогийн Сэлэнгэ аймагт хоёр жил бензин зөөж савыг нь дүүргээд 1946 оны нэг сард халагдан харьж байлаа. Ойн баяраар мундаг хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатар аймгаар орлоо. Байшинтын долдугаар дивизийн дурсгалд том хөшөө босгосон байна. Дорноговь аймагт очиж зургаан баатартаа цэцэг өргөөд ирсэн. Залуу үедээ дайн байлдаан гээд явж байсан ангиараа явахад ёстой гайхалтай, тун баяртай байна. Үүнээс илүү баяр, их юм үзэх гэж юу байхав. Би 95 настай хүн. Залуу хүн зүдэрнэ гэдэг, ажиллана гэдэг жаргал. Амьдралын гол төв нуруу бол ажил юм. Би 56 жил жолооч хийсэн. Ийм л нэг өвгөн дөө” гэлээ.

Тэгвэл ахмад дайчин Цэрэндоржийн Осор гуай “Өвөрхангайн Сантаас 1944 онд цэрэгт татагдаж байлаа. Одоогийнх шиг байсангүй. Морин өртөө, тэмээн өртөө, явганаар хүртэл явж байлаа. 1944 онд хилийн цэрэгт татагдаад 1948 онд халагдаж байсан. Өмнөговь аймагт Номун сум гэж байсан. Түүний урд талд Говь сангийн далай отрядад алба хаасан. Хилийн заставт яг хилийн шугам дээр л байлаа” хэмээн хуучиллаа.

Ж.БАЯРСАЙХАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *