Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд хаврын уралдааныг хоригложээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийнхаа хэмжээнд 2016 оны тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон захирамж гаргажээ. 2016 он гарсаар олон жилийн дундажтай харьцуулахад эрс хүйтрэлттэй, цас ихтэй байгаа нь хүүхэд осгох, гар, хацар, хөл нь хайрагдах, хөлдөх зэрэг эрсдэл нэмэгдэх нөхцөл үүсч байгааг харгалзан уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор урин дулаан ортол хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ.

Тус аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлснээр, Хөвсгөлд 2013-2015 онуудад 112 морины уралдаан явагдаж, 7-18 насны 1300 гаруй уралдаанч хүүхэд оролцсон ба уралдаануудын 18 нь хуулийн хугацааг зөрчин явагдсан байна. Уралдаануудын үеэр 59 хүүхэд мориноос унаж, 17 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авсан, 21 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамрагдаж, даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авчээ. Уралдаанд зөвшөөрөгдсөнөөс бусад насны буюу 6 настай 2 хүүхэд оролцсон, уралдааны явцад хүнд гэмтэл авч 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөх явдал тасрахгүй байгааг харуулж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *