Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвийн айлууд руу гурван удаа их хэмжээний хөрсний ус түрэн орж ирсэн байна. Тус сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ сарын 13-ны өдөр гурав дахь удаагаа хаалт хийжээ.
Сумын төвд их хэмжээний ус түрэн орсны улмаас 11 айл усанд автсан байна. Усанд автсан найман өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол гурван айлыг хамгаалалтад авчээ.
Рэнчинлхүмбэ сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ аваагүй бол сумын нийт айл өрх усанд автах эрсдэлтэй тулгарсан байна. Өнөөдрийн байдлаар 1 метр орчим далан босгож, аймгийнхаа Онцгой байдлын газраас мэдээлэл зөвлөмж аван ажиллаж байгаа аж.