Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсан. Үүнтэй холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. Мөн тус компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод, дулааны үнэ тарифыг зохих журмын дагуу тогтоож, холбогдох зохицуулалт хийж байхыг Эрчим хүчний хороонд зөвлөлөө.