ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Ингэхдээ иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм.
ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс байдаг. 2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг юм. Одоо хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой.