Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан хэмжээнээс 3-4 дахин их байдаг болохыг мэргэжлийн хяналтынхан лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Эдгээр хуванцар савыг монголчууд ахуйн хэрэглээнд өргөн ашиглаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл болгон ийм саваар усаа зөөж, хадгалж байна. Малчид гэхэд сүү таргаа мөн л хуванцар саванд хийдэг.
МХЕГ-аас “Нарантуул” худалдааны төвд худалдаалагдаж буй 10-120 литрийн багтаамжтай, иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг долоон төрлийн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас дээж авч Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарсан байна.
Мөн хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна. Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд 4,4 дахин их агууламжтай гарсан аж.
Шинжилгээний дүнд үндэслэн “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах, “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн, сэрэмжлүүлж байна. Иргэд, аж ахуйн нэгж олон улсад мөрдөж байгаа, хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болох юм байна.