Ц.Б нь СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй хэр нь, 2021 онд төгссөн гэх бакалаврын зэргийн хуурамч диплом ашиглан, 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилд оржээ.
Шүүгдэгч Ц.Б нь дээд сургуульд ямар ч багц цаг авч, суралцаагүй, төгсөөгүй болох нь түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Ц.Б нь хуурамч диплом ашиглан 2 жилийн хугацаанд төрийн байгууллагад ажилласнаар тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнуудаас илүү цалин хөлс авах, хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон гэмт хэрэг гэж үзжээ. Тиймээс ажилласан жилийн олсон орлогыг нь хурааж, улсын төсөвт эргэн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.
Харин ингэхдээ түүнийг ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг нь дээдлэх үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинг авах эрхтэй, харин түүнээс давсан цалин нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэв.
Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн хувьд 2 жилийн хугацаанд үргэлжилсэн, хувийн байдлын хувьд ажил эрхэлдэггүй байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д санууллаа.