УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, М.Билэгт, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.
Хууль санаачлагчид Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагааг ил тод, тодорхой болгох, Монголбанкны үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг агуулгаар Төв банкны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөжээ.
Хуулийн төсөлд мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хяналт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан. Мөн Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыг нэмэгдүүлэх, хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх асуудлыг тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
Хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосноос хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол цаашид инфляцид эерэгээр нөлөөлнө, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төсөл батлагдсанаар Төв банкны бие даасан хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого болон санхүүгийн салбар тогтвортой байх боломж бүрдэнэ, Монголбанкнаас Засгийн газарт зээл олгодог, санхүүгийн хууль бус үйл ажиллагаанд оролцдог байсан алдааг давтахгүй байх эрх зүйн орчин бий болно гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Билэгт, Л.Оюун-Эрдэнэ, З.Нарантуяа, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсан.
Гишүүд, Мөнгөний бодлогын зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх, зээлийн хүүг бууруулахын тулд Төв банк ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар тодруулсан.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Мөнгөний бодлогын зөвлөл нь шинэ бүтэц бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дэргэд үйл ажиллагаа явуулж, бодлогын шинжтэй шийдвэрүүдийг гарган ажилах юм байна. Өмнөх жилүүдэд гарсан бодлогын алдааг давтахгүйн тулд Төв банкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмыг оруулж ирж байгаа гээд энэ нь бодлогын томоохон шийдвэрүүдийг хамтаар хэлэлцэн шийдвэрлэдэг олон улсын жишиг хэмээн тодотгосон. Тус зөвлөл долоон гишүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга нь Монголбанкны ерөнхийлөгч байх аж
Банкны зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг Монголбанкинд байгуулан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэгт төрийн байгууллагуудын болон эрдэмтдийн төлөөлөл багтаж байгаа бөгөөд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний олон хувилбарыг судалж байгаа хэмээн Ажлын хэсэг тайлбарласан. Түүнчлэн олон улсын байгууллагуудтай зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэлээ. Эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүүг бодитой бууруулах боломжтой болно хэмээн үзэж байгаа хэмээсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.