Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсэг өнөөдөр (2024.11.20) албан ёсоор анх удаа хуралдаж, хууль тогтоомж, захиргааны акт, эрх зүйн баримт бичгийн сан бүрдүүлж ажилладаг байгууллагуудын мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр өмнө хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээ, тэдгээрийн дараалал, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа бөгөөд албан бусаар олонтаа хуралдсан талаар ажлын хэсгийн ахлагч Ч.Анар хуралдааны эхэнд тайлбарласан юм.
Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах ажил 1996 оноос эхэлсэн нь энэ талаарх шийдвэрүүдээр нотлогдож буйг ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулаад, гэвч олон суурь асуудлаас шалтгаалан бүрэн гүйцэт шийдвэрлэгдээгүй байна гэсэн юм. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 924 хууль тогтоомж, Улсын Их Хурлын 3397 тогтоол, 3007 захиргааны хэм хэмжээний акт, 13173 эрх зүйн баримт бичиг байна. Хууль тогтоомжийн тухай хуульд Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн санг цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх, хууль тогтоомжийг системчлэх ажлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар, мөн хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, хүргүүлсэн хувийг хүлээж авч хууль тогтоомжийн санг бүрдүүлэх ажлыг тухай төрийн байгууллага зохион байгуулахаар тус тус заасан байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ч.Анар дурдаад, хуралдаанд хууль тогтоомжийн сан бүрдүүлэн ажиллаж байгаа голлох байгууллагууд болох Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл оролцож байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн төсөл боловсруулах үе шатанд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэх, давхардал, хийдэл байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт гаргадаг бөгөөд батлагдсан хууль тогтоомжийн кодификацийг цаасан болон цахим хэлбэрээр хийж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх хяналтын самбар (dashboard) үүсгэж, мөн чатбот нэвтрүүлэн туршиж байжээ. Мөн Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд виртуаль ажилтан ажиллуулж, олон давтагддаг асуултуудад автоматаар хариулт өгөх туршилтыг явуулж байна.
Хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам хүчин төгөлдөр хууль тогтоомжийн нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагааг хариуцаж буй боловч зарим төрлийн эрх зүйн акт уг санд бүртгэгддэггүй байна. Хууль тогтоомжийн цахим сан болох www.legalinfo.mn санд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх болон дээрх байгууллагууд гэсэн нийт долоон байгууллага шийдвэрүүдээ оруулж байгаа ч нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосноос бусад актууд бүрэн орохгүй байгаа ажээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахаас долоо хоногийн өмнө Хэлний бодлогын Үндэсний зөвлөлд хянуулахаар ирүүлдэг нь ихээхэн ачаалал үүсгэж байгааг тус Зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл дурдаад, хууль тогтоомжийн нэр томьёоны дотор гадаад үг 10 хүртэлх хувийг эзэлж байгаа нь аюултай түвшин болохыг тэмдэглэлээ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Хуулийн хэлний салбар зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэж байгуулан ажиллуулах болсныг тэрбээр мэдээлсэн юм.
Хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг технологийн дэвшил ашиглан шийдвэрлэхийн тулд дата баазын болон бусад холбогдох судалгаа, мэдээллийг нэгтгэх, улмаар бодлогын үзэл баримтлал, аргачлал болон шийдлийг тодорхойлж ирэх онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн цаглавартай байгааг ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулж, уг ажлыг хиймэл оюун ухаан ашиглан хэрэгжүүлэхийн тулд уг технологийг хэрэглэх цар хүрээ, хэм хэмжээ, ёс зүйн болон бусад хязгаарлалт гээд олон асуудлыг хуульчлан шийдвэрлэх шаардлага гарна гэдгийг онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн эдгээр өргөн хүрээтэй ажлыг эмх цэгцтэйгээр авч үзэхийг тулд хуулийн болон хэл шинжлэл, мэдээллийн технологийн эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, дэд ажлын хэсгүүдийг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв.
Дээрх мэдээллүүдийг нэгтгэн дүгнээд ажлын хэсгийн ахлагч Ч.Анар технологи ашиглан хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгахтай холбоотой Хэлний бодлогын зөвлөлийн санал, чиглэлийг боловсруулж ирүүлэх, уг асуудалд холбогдох байгууллагууд тус тусын санал дүгнэлтийг ирүүлэхийг даалгавар болгов. Мөн хэлний зүйн болон хуулийн хэлний, кодификацын, эрх зүйн хэм хэмжээний дэд ажлын хэсгүүдийг байгуулах санал боловсруулахыг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигт даалгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.