Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Н.Нямсамбуу: Долдугаар сарын 1-ний үймээнд хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнуудын мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдаг DNN.mn

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр амь үрэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон, эрх нь ноцтой зөрчигдсөн иргэдийн ар гэр, өмгөөлөгчдийн хамтаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр хуульч Н.Нямсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.


-Хохирогчид хуулийн байгууллагад ямар үндэслэлээр хандаж байгаа вэ?

-2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдсэн. Тухайн үед намуудын удирдагчид жагсаалыг турхирч залуучууд, цагдаагийн албан хаагчид хохирогч болж үлдсэн байдаг. Тухайн жагсаалыг зохион байгуулж иргэдийг турхирсан хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зүгээр явж байна вэ. Амар тайван эхэлсэн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан.

Мөн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчид, олон зуун иргэн, гэмтэл авч зарим нь насан туршдаа тахир дутуу болж үлдсэн. 800 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, тухайн үеийн цагдаагийн генерал, хурандаа нар эрүүгийн хариуцлага хүлээсэн.

Гэвч үймээний үеэр цагдаа иргэдийг буудаагүй. Хэрэв буудсан бол би хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаалыг эхлүүлэхийг турхирсан Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүс өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээхгүй явж ирсэн. Эдгээр хүмүүст гэм буруу байгаа эсэх, байгаа бол түүнийг нь тогтоож, зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм буруу байхгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу дахин явуулж өгөхийг шаардсан албан шаардлагыг Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна.

-Тухайн үед цагдаагийн удирдлагуудаас эхлээд хариуцлага хүлээгээд хэрэг хаагдсан гэдэг. Та бүхний нэрлэж байгаа хүмүүсийг сэргээж шалгах боломжтой юу?

-Нийтэд ил болсон мэдээллийг үндэслэж нэр дурдаж байна. Жишээ нь, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаал цуглааныг уриалж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хамтдаа жагсъя гэж уриалж байсан хүмүүсийн талаар мэдээлэл ил байгаа шүү дээ.

Энэ асуудал 2008 оноос хойш яригдсаар байсан. Сүүлийн үед хууль хүчнийхэн хуучны дуулиантай хэргүүдийг шалгаж эхлээд байна. Тиймээс энэ хэргийг ч гэсэн анхаараасай гэж хүсч байна. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн хэргийг хэдэн залуучуудад ял оноогоод, цагдаагийн байгууллагад алба хашиж байсан хүмүүст ял оноосноор эзэнжүүлээд хааж болохгүй. Цаана нь хариуцлага хүлээх ёстой хүмүүс хариуцлагаас мултарсан гэж харж байна. Тиймээс энэ хэргийг битгий мартаач, дахин шалгаад гэм буруутай хүн байгаа бол хариуцлага ноогдуулаач гэж хохирогчид хүсч байгаа юм.

Жишээ нь, гал гарсан, гэнэт цугласан хүмүүс дотроос машин машинаар чулуу гаргаж ирсэн талаар бичигддэг шүү дээ. Түүнийг хэн хаанаас яаж гаргаж ирэв, гал түймэр яагаад гэнэт гарав, шилтэй архинд гал гаргаж байгаад шидсэн зэрэг бүх зүйл зохион байгуулалттай явсан харагддаг. Тэгсэн хэрнээ яг хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй. Тэр тусмаа нийтэд бүр хаалттай. Түүнийг л тодорхой болгох хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *