-Хэдийгээр албадан гүйцэтгэж байгаа ч хүний эрхийг зөрчиж болохгүй, энэрэнгүй, хүнлэг байх ёстой-
“Юнител” компаниас иргэн Д.Урнаа 750.000 төгрөгийн гар утас зээлээр аваад төлж чадаагүйн төлөө дөрвөн хүүхдийнх нь сар бүр авдаг тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дансыг нь хаасан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Д.Урнаа бие муутайгаас болж гэртээ суудаг бөгөөд бага насны дөрвөн хүүхэдтэй. “Юнител” компанийн энэхүү маргаанаас болж бага насны дөрвөн хүүхэд сар бүрийнхээ тэтгэмжийг авч чадахгүйд хүрсэн энэ асуудал олон нийтэд ил болсноос хойш сайн санаат хүмүүс тусламжийн гараа сунгасаар байгаа юм. Харин нөгөө талд хүүхдэд төрөөс олгож буй тэтгэмжид халдсан явдал нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Ийм ноцтой шийдвэрийг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага яагаад гаргасан талаар болон хууль эрх зүйн хүрээнд энэ нь хэр зөв шийдвэр байсан тухай талуудын байр суурийг тодрууллаа.
Э.Амин-Эрдэнэ: Хүүхдүүдийн данс хаасан нь шүүхтэй холбоогүй, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын асуудал
Энэхүү маргааныг 2021 оны арванхоёрдугаар сард СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Хэргийг хэрхэн хэлэлцсэн талаар тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амин-Эрдэнээс тодрууллаа.
-“Юнител” компани болон иргэн Д.Урнаагийн өр төлбөрийн маргааныг танай шүүх яаж шийдвэрлэсэн талаар товч мэдээллийг өгөхгүй юү?
-“Юнител” компаниас Д.Урнаад холбогдуулаад 752.042.84 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр шүүх хүлээн авсан. Ингээд тухайн сарынхаа 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Д.Урнаад нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарласан байдаг. Мөн дээр нь хэргийн материалыг танилцуулсан. Ингээд “Юнител” компанийн төлөөлөгч болон иргэн Д.Урнаа нар тухайн өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингэснээр сар бүр Д.Урнаа 50.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Нэгэнт талууд эвлэрлийн гэрээ байгуулсан учраас шүүхээс хуулийн дагуу хэргийг хааж хэрэгсэхгүй болгосон. Гэрээнд зааснаар 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор 50.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн Д.Урнаа нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн учраас нэхэмжлэгч “Юнител” компани шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлье гэж шүүхэд дахин хандсан.
-Төлөх хугацаа хэтрээд удаагүй байхад шууд албадан гүйцэтгэж болдог хэрэг үү?
-Нэхэмжлэгч сар гаруйн дараа албадан гүйцэтгэж өгөөч гэдэг хүсэлтийг шүүхэд гаргасан. Сайн дурын үндсэн дээрээс эвлэрлийн гэрээг аль, аль нь хүлээн зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа. Тиймээс шүүхээс хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсэн гэсэн үг.
Харин одоо үүсээд байгаа асуудал бол шүүхтэй ямар нэгэн байдлаар хамааралгүй. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамааралтай ажил.
-Шүүх албадан гүйцэтгэх шийдвэрээ гаргахдаа Д.Урнаагийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн үү. Дөрвөн хүүхдийн эрхийн асуудал яригдаж байна шүү дээ?
-Манай зарим иргэд хуулийн талаар мэдлэг хомс байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зохиогчдын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хэрэгсэхгүй болгож хаана гэж байгаа.
Тэр хүн таны хэлснээр өрх толгойлсон, тэжээгчээ алдсан гэх мэт учир байдлаа шүүхэд өөрөө мэдээллээ өгөх үүрэгтэй. Шүүх ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн байдал буюу хувь хүний нууц руу халдах эрхгүй. Тиймээс тэр нөхцөл байдлаа тодруулж, мэдээлсэн бол шүүх авч хэлэлцэнэ гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн мөнгөний дансыг хаасан явдал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх мэдлийн асуудал болсон гэж тайлбарлаж байна. Тиймээс энэ талаар тодруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албатай өнгөрсөн баасан гаригт холбогдсон юм. Тэд мэдээлэл өгөхдөө “Манай байгууллагаас тухайн иргэний дансыг битүүмжлэхэд өөрт мэдэгдэх ёстой байдаг. Өөрийнх нь хүсэлтээр дансыг нь хаадаг. Тухайн иргэний баримт хийгдсэн данс руу хүүхдийн мөнгө орсон байхыг үгүйсгэхгүй. Тодорхой мэдээллийг дэлгэрүүлээд эргэж холбогдъё” гэсэн юм.
Ч.Жадамба: АНУ-ын шүүх шударга ёсны зарчим баримталдаг, харин манайх хууль баримталдаг
Талуудын өгч байгаа байр суурь, болж буй процессыг хууль эрх зүйн талаас тайлбарлах нь зүйтэй. Энэ үүднээс хуульч, өмгөөлөгч Ч.Жадамбатай холбогдож дараахь мэдээллийг тодрууллаа.
-750.000 төгрөгийн гар утас зээлж авсан өр төлбөрөөс үүдэж бага насны дөрвөн хүүхдийн тэтгэмжийн мөнгөний дансыг хаасан явдалд та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлээч?
-Нэн тэргүүнд шүүхээс гарсан шийдвэр бодитой хэрэгжих ёстой. Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг баталгаатай байлгах үүднээс данс битүүмжлэх хүсэлтийг шүүхэд гаргадаг. Шүүх хүсэлт хүлээн авахдаа нэхэмжлэлд хавсаргасан баримтууд хангалттай гэж үзсэн тохиолдолд шийдвэр гаргана.
-Данс битүүмжлэх шийдвэрийг шүүгч гаргадаг гэсэн үг үү?
-Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтээр данс битүүмжлэх шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу явуулдаг. Нэг ёсондоо шүүгчийн захирамжийг үндэслэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хариуцагчийн дансыг ялгаж зааглах боломж шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алинд ч байхгүй.
Таны ярьж байгаа кейсээр бол насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдаж байна. Хуулиараа насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь төлөөлдөг. Ер нь манайд ийм тохиолдол олон байдаг.
-Хүүхдийн мөнгөний дансыг битүүмжилдэг явдал уу?
-Жишээ нь, аав ээж буюу асран хамгаалдаг хүмүүс нь банкин дээр зээлтэй байгаад төлж чадахгүй тохиолдолд орлого төвлөрч байгаа данснаас нь банкууд таталт хийчихдэг. Хүүхдийн мөнгө, тэтгэмж гээд ямар орлого төвлөрнө, түүнээс нь зээлийг төлүүлдэг тохиолдол олон байна.
Шүүхийн шийдвэр яаж ажилладаг вэ гэвэл шүүгчийн захирамжийн дагуу арилжааны банк руу хүсэлт явуулдаг. “Энэ иргэнд ямар данс байна вэ, нэхэмжлэлийн дүнгээр зарлагын хөдөлгөөнийг зогсоож өгөөч” гэдэг. Ингэснээр арилжааны банкууд тухайн иргэний орлого төвлөрдөг дансыг хаадаг. Миний ажиллаж байсан хэргүүд дотор ийм кейс бий. Жишээ нь, өрх толгойлсон эмэгтэйн хүүхдийн мөнгөний дансыг хаасан явдал байгаа. Нөхрөөсөө салаагүй байхдаа хоёулаа зээл авсан. Эхнэр нь хамтран зээлдэгчээр орсон. Гэтэл зээлээ төлж дуусаагүй байхдаа тэд гэр бүлээ цуцлуулсан. Харамсалтай нь нөхөр нь зээлээ төлөөгүй. Арилжааны банк хамтран зээлдэгч гэдгээр нь эхнэрийнх орлогын дансыг битүүмжилчихсэн. Тухайн дансанд хүүхдийн мөнгө ордог байсан байгаа юм.
-Тэгэхээр энэ үйл явц зөв юм уу?
-Манай улс хүүхдийн эрхийн олон улсын конвенцид нэгдэн орсон улс. Хүүхдийн эрхийг хамгаалах хуультай. Үүн дээр үндэслээд УИХ, Засгийн газар бодлогын баримт бичгүүд нэлээд гарсан. Үүний нэг илрэл бол хүүхдийн зайлшгүй хэрэгцээ, эрүүл өсч бойжиход зориулж сар бүр мөнгөн тэтгэмж олгож байгаа. Энэ мөнгийг зөвхөн хүүхдийн ахуйн хэрэгцээнд зарцуулах ёстой. Гэтэл банк дансыг нь хааж байгаад өр зээлэндээ татаад авчихдаг үйлдэл бол хууль бус. Гэхдээ энэ нөхцөл байдлыг шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аль, аль нь мэдэхгүй учраас тухайн иргэн хүүхдийн мөнгөний дансны холбогдох баримтуудаа шүүхийн шийдвэрт хүргүүлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд сэргээж өгөх ёстой. Учир нь хуулиар хүүхдийн тэтгэлэг, тэтгэмж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн хохиролд гарсан зардал зэргээс ямар нэгэн өр төлбөрийг суутгахыг хориглодог. Хэдийгээр банкинд өр зээлтэй байсан ч энэ бол тусдаа асуудал.
-Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүмүүс Д.Урнаад “Та дөрвөн хүүхэдтэй юм бол сар бүр 400.000 төгрөг авдаг байх нь. Хоёр сарын хүүхдийн мөнгөөрөө төлчих юм байна” гэсэн байгаа юм. Хуулиараа бол энэ хориотой гэж ойлголоо?
-Тухайн алба хаагчийн мэдлэг, чадвар, ажлаа гэсэн сэтгэл дутмаг байгаагийн илрэл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд тодорхой зарчмууд баримталдаг. Хэдийгээр албадан гүйцэтгэж байгаа ч хүний эрхийг зөрчиж болохгүй, энэрэнгүй, хүнлэг байх ёстой. Гол нь шийдвэр гүйцэтгэгчид хуулиа практикт хэрэглэхдээ бага үнийн дүнтэй хэргийн ажиллагааг хурдан дуусгачихъя, нэг хэрэг ч болтугай өөрөөсөө холдуулж байя гэж ажилласан байхыг үгүйсгэхгүй.
-Шүүгч, шийдвэр гүйцэтгэгч нар хүнлэг, амьд шийдвэр гаргах асуудлыг та юу гэж үзэж байна вэ. Жишээ нь, АНУ-д талх хулгайлсан хүүгийн хэргийг шүүгч шийдэхдээ хүүг бага хэмжээгээр торгоод шүүхийн танхимд байсан томчуудад бүр өндөр торгууль тавьсан байдаг. Учир нь хүүхдийг өлсгөсөн, хулгай хийхэд хүргэсэн гэж томчуудыг буруутгасан хэрэг. Нэг ёсондоо шүүгчид амьд, хүнлэг шийдвэр гаргаад байна шүү дээ. Гэтэл манайд хүүхдийн мөнгөний дансыг хааж байна?
-Эрх зүйн тогтолцоо нь тухайн орны үнэт зүйл, соёлоос хамаараад харилцан адилгүй байдаг. АНУ-ын шүүх цагаан дээр хараар бичсэн хууль гэхээс илүү шударга ёсны зарчмыг удирдлага болгодог. Кинон дээр гардаг шүү дээ, 12 тангарагтан хэргийг дэнсэлдэг тухай. Тэдгээр хүмүүс ямар ч мэргэжилтэй байж болно, тэд хуулийг удирдлага болгохгүй. Тухайн нөхцөлд өөрөө байсан бол яах вэ гэдгийг харгалзаж үзэн шударга ёсны зарчмаар шийдвэр гаргадаг. Тэдгээр тангарагтнууд бүхэлдээ гэм буруутай гэж үзвэл шүүхээс шийтгэл оногдуулна.
Харин манайд ийм нөхцөл байхгүй. Манайх цагаан дээр хараар бичсэн хуулийг баримталдаг. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд аль болох ялын доод хэмжээ оногдуулахыг эрмэлздэг. Гэхдээ нэгэнт тухайн хэргийнх нь санкци 2-5 жил гэчихсэн байвал шүүгч зургаан сарын ял оногдуулж болохгүй шүү дээ. Шүүгч хуулиа зөрчсөн болно.
Харин нэг зүйл тодруулж хэлэхэд, манайд гар утас хулгайлсан хүүхдэд таван жилийн ял оноолоо гэж буруутгах агуулга яригддаг. Гэтэл тухайн хүүхэд өмнө нь хоёроос гурван удаа тийм гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тэр тохиолдолд ял өгөхөөс аргагүй. Үүнийг хэвлэлийнхэн болон олон нийт ялгаж зааглаж харж баймаар байгаа юм гэв.