Categories
их-уншсан туслах-ангилал

Хууль шүүхийнхэн минь дээ, Н.Энхбаярыгаа одоо болно оо

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4, 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Ийнхүү Монголын төрийг толгойлж, тэр тусмаа Ерөнхий сайд, Их хурлын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн өндөр дээд албыг хашиж ирсэн эрхэм дахиад шоронгийн хаалга татах дээрээ тулаад байна.

Монгол бол эртнээс хаантай байсан улс гүрэн. Тулгар төр байгуулагдсан 2225 жилийн түүхийн улбаанд мандан бадарч, бууран доройтож ирэхдээ эзэн хаанаа большевикууд шиг ингэж элдэв мууг нь үзэж байсан удаа байхгүй. Оросын большевикууд арван долоон онд төрийн эргэлт хийж хаан эзнээ буудан хороож байсан түүх бий дээ. Харин Н.Энхбаярын амийг чангаасан асуудлууд, хоёр хөлийг нь гозолзуулаад чирээд явсан цагаас хойших үйл явдлыг анзаарахад монголчуудын төрөө дээдлэх ёсыг зориудаар шавар шавхайнд хутгаж байгаа мэт шиг санагдах болов. “Монголын ард түмэн төр гээд сүйд болоод байдаг бил үү. Та бүхний дээдлээд байдаг төр чинь энэ, хөөрхий чааваас даа” гэж хөлийн уланд гишгэгдсэн ноорхой цаас шиг хэн нэгэн өширхөн дэвслээд, тохуурхаад ч байгаа юм шиг.

Ер нь тэгээд хүний шүтдэг шүтээн, эрхэмлэн нандигнадаг зүйлийг нь доромжилно гэдэг маш хорлонтой хийгээд муу үр дагавартай байдаг. Илтээр гутаан доромжилсны үр дүнд хүмүүсийн дээдлэх шүтээн нь эрхэмсэг чанараа алдаж, хувхайрсан мод шиг үнэгүйдэн хэнд ч хэрэггүй болж хувирах нь бий. Хүн гээч амьтан сүслэн дээдлэх шүтээнгүй, өөрийн гэх итгэл үнэмшилгүй болсон цагт адгуус араатан адил зэрлэгшиж эхэлдэг. Энэ бол хүний амьдралын үнэн юм. Энхбаярын тарчлан шаналсан он жилүүдийг харахад яалт ч үгүй ийм сэтгэгдэл төрдөг юм. “Оюун санааг нь нухчин дарсны дараа учир нь олдоно” гэх харгислал шиг уг асуудал монгол төрийг дархлаагүй үхээнц болгох, эрхэмсэг нандин чанарыг нь байхгүй болгохын эхлэл гэлтэй.

Н.Энхбаярын Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар яллагдагчаар татагдаад байгаа хэргийг аваад үзэхэд үнэндээ инээдэмтэй санагдаж байна. Энэ хүн үнэхээр л дааж давшгүй нүгэл хураачихсан уу, Монголыг тэр чигт нь зараад идээд уучихсан уу гэхээр өөр дүр зураг харагддаг. Түүнд тулгаад байгаа эхний зүйл анги нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг. Энэ нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын 50 мянган ам.долларын хэрэг юм. Шийлэгдамба уг мөнгийг намын санхүүжилт нэрээр бусдаас авч Энхбаярт өгснөө мэдэгдсэн. Энэхүү 50 мянган долларын асуудал бол нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуйн жаран тэрбумын дэргэд юу билээ. Өнөөгийн эрх баригч намын гол санхүүжүүлэгч гэгддэг түүний жаран тэрбумын бичлэг задарч, дуулиан шуугиан үүсгэсэн. Гэвч уг асуудал сонгуулийн дараа намжсан. Улсын ерөнхий прокурорын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрсөн сарын 17-ны өдөр мэдээлэл хийхдээ “Жаран тэрбумын гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гол үндэслэл нь Авлигатай тэмцэх газар хянах үедээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэжилтнүүдээр шинжлүүлэхэд уг бичлэг нь эвлүүлэг байна гэсэн дүгнэлт гарсан” гэж албан ёсоор мэдэгдсэн. “Монгол төрийн албан хаагчдыг доромжилсон Ардын намынхны жаран тэрбумын асуудал ингээд замхарлаа” гэж олон нийт гаслаад л хоцорсон.

Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа дараагийн асуудлыг хоёр хүний хоорондын наймаа гэж хэлж болно. Намын дарга нь намаа санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж, байр саваа тохижуулах, бусдаас хараат бус байх асуудлыг шийдвэрлэх нь улс төрийн аль ч эвсэл хүчинд байдаг л зүйл. Тэгтэл Энхбаярыг МАХН-ын одоогийн байрлаж байгаа цагаан байрыг 500 мянган ам.доллараар худалдаж авахдаа мөнгө залилсан байж болзошгүй хэмээн торны цаана суулгахаар зэхэж байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арван таван жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ” гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна. Хоёр хүний хоорондын наймаа л гэж харагдахаар 500 мянган долларын энэ асуудал Эрдэнэт үйлдвэрийн 500 сая долларын хажууд үнэндээ жижигхэн байгаа биз дээ. Ямар элэнцгийнх нь их мөнгө, зохион байгуулалттай гэмт хэрэг, онц их хэмжээний хохирол байх вэ. Мөн яасан ийсэн арван таван жил хүртэлх хорих ял вэ.

Эцэс сүүлд нь яллах дүгнэлт олдохгүй бас нэг арга сэдсэн нь Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэх асуудал. Мөн л Авлигатай тэмцэх газраас Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн буюу “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэх үндэслэлээр яллуулахаар прокурорт хандсан. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Энхбаяр гэртээ зочилсон нэгэн иргэний бичлэгийг хийчихсэн байсан нь АТГ-ынхны нэгжлэгээр ил гарчээ. Бизнес эрхэлдэг залуу Энхбаярын гэрт удаа дараа зочилсон бөгөөд тэр бүгдийг дүрс бичлэгт үлдээж хадгалсан байх баримт олдсон гэнэ. Үүнээс үүдэж түүнийг хэрэгт шалгаад байгаа аж.

Орчин үед гэрт орж ирсэн хүнийг төрийн өндөр дээд алба хашиж байсан Энхбаяр байтугай энгийн олон ч нууц бичлэг хийж, баримтжуулж авахгүй бол тухайн айл гэрт юу ярьж, юу ч хийж мэдэх болсон увайгүй цаг шүү дээ. Тиймээс өөрийнхөө гэрт бичлэг хийнэ гэдэг өнөө цагт ялын тогтоол уншихаар асуудал мөн үү. Энэ бүхнээс харахад Намбарын Энхбаяр гэж хүнийг ердөө л сонгуульд оролцуулахгүй гэсэн шалтаг шалтгаан яваад байна уу. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэрхүү сонгуульд Энхбаяр гэж хүн нэр дэвшээд ялалт байгуулан, орой дээр минь гараад суучих вий гэхээс өнөөгийн улс төрийн хоёр гол хүчний удирдлагууд сүнсээ зайлтал айж, чаддагаараа торны цаана суулгахаар улайрч байгаа юм биш үү.

Цагийн юм цагтаа гэдэг. Энхбаяр гэж хүнтэй холбоотой гэх дээрх хэргүүд нэгэнт болоод өнгөрсөн хойно манай хууль шүүхийнхэн яллахаар зүтгэж буй нь ямар учиртай юм бэ. Цагийн юмыг цагт нь хийхгүй яасан юм.

Бүх зүйл өнгөрсөн хойно ингэж тамлаж байгаа нь дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ бол Монголын хууль хийгээд ёс суртахуунд асар хорлонтой зүйл. Мэдээж хууль хүчнийхэн “дээрээс өгсөн үүрэг даалгавар, бусдын шахалтаар” хийдэг байх л даа. “За за л гэхгүй юу. Заавал хийх нь алба уу” гэх хуучны нэг шог яриа байдаг. Түүн шиг тухайн цагтаа илрүүлж, тогтоож чадаагүй асуудлыг “за за” гээд л орхичихмоор юм. “Өнөөдөр хуйвалдааны захиалгат төр үүслээ” гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлээд байгаа. Түүний хэлснээр хуйвалдааны төрийн захиалгаар Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүнийг элдвээр гутаах нь мөн чанартаа монгол төрийг гутааж байгаа үйлдэл болж харагдаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хууль шүүхийнхэн минь дээ, Н.Энхбаярыгаа одоо болно оо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины баасан гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс “Цахир сумын хоёр ламын занданшуулсан шарилын эргэн тойронд” гэсэн гарчигтай сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс өчигдөр болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн талаарх мэдээ, мэдээллийг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын “Хууль шүүхийнхэн минь дээ, Н.Энхбаярыгаа одоо болно оо” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.

Улс төрийн дөрөв, тавдугаар нүүрнээс ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болжээ” гэсэн гарчигтай ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Цаг үе, үйл явдлын зургаадугаар нүүрнээс “Америкчууд “Аминд үл хүрэх зэвсэг ”-ийн талаар зааж сургав” гэсэн гарчигтай сурвалжлагыг сонирхон уншаарай.

Өдийн сонины 11 дүгээр нүүрний “Танин мэдэхүй” буланд гарсан ШУА-ийн палеонтологи геологийн хүрээлэнгийн захирал, доктор, үлэг гүрвэл судлаач Х.Цогтбаатартай ярилцлаа. Энэхүү сонирхолтой танин мэдэхүйн талаарх ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Манай сонины 13 дугаар нүүрний “Ардын цолтон” буланд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяртай кино урлаг, уран бүтээлийнхэн талаарх ярилцлагыг сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *