Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусладаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой судалгааг явуулж дүгнэлт, санал боловсруулан удирдагчийг үнэн зөв бодит мэдээллээр хангаж, түүний бодлыг шийдвэрт тусгаж чаддаг байхыг гол зарчмаа болгох ёстой аж.
Энэ удаагийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид бие биеэсээ туршлага судлах, үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, практик байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг дахин мэргэшүүлэх, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой болж байна.
Тус сургалтад МУИС, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиудын эрдэмтэн багш нар болон Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын хөдөө орон нутагт ажиллаж байгаа нийт 90 гаруй сэтгэл зүйчид оролцож байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжлэх аж.