Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч О.Батхүү: Уурхайчдын илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Монголын Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан DNN.mn

Уурхайчдын цалин хөлс буурч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуультай хамаатай эсэх асуудлаар хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Оюу толгой компани ажилчдынхаа цалинг 30 орчим хувь бууруулсан талаарх мэдээллийг ажилчид нь өгсөн. Таны хувьд энэ асуудлыг компани бус Хөдөлмөрийн хуультай холбоотой гэж жиргэсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Оюу толгой дээр юу болсныг би сайн мэдэхгүй. Харин миний санаж байгаагаар жил гаруйн өмнө Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орсон юм. Өөрчлөлт орохдоо ростер буюу цагийн хуваарийг өөрчилсөн. Хуучин 14 хоног ажиллаад долоо хоног амардаг хуваариар явдаг байлаа шүү дээ. Эсвэл 10/20 ч юм уу. Гэтэл шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар уг хуваарийг 14/14 болгочихсон байхгүй юу.

-Ажиллах, амрах өдрийг тэнцүү болгосон гэсэн үг үү. Ингэхээр ямар асуудал үүсч байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, хүн ажил хийсэн цагаараа цалингаа бодуулж авдаг. Ямар ч газар тийм. Хийснээрээ хөлсөө авах зарчимтай. Ажил хийгээгүй бол цалин бодогдохгүй шүү дээ. Тэгэхээр хуучин нэг хүн 21 хоног ажиллаад долоо хоног амардаг байсан бол одоо хуулиараа 14 хоног ажиллаад 14 хоног амарч байна. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна гэхээр ажиллаж байгаа өдөр нь бага учир түүнийг дагаад цалин нь бууж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, бага цаг ажилласан гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр 14/14 болсноороо тухайн компани ээлжээ нөхөхийн тулд дахин нэг ээлж нэмж авах шаардлагатай болно. Хоёр ээлжтэй байсан компаниуд ээлжээ гурав болгоно. Гуравтай байсан нь дөрөв болгоно гэх мэт.

-Тухайн үед энэхүү асуудлыг компаниуд ярьдаг байсан биз дээ?

-Та санаж байгаа бол тухайн үед Монполиметийнхэн асуудал үүсгэж байсан. МАК ч ярьж байсан. Юу гэхээр хөдөө гадаа байдаг том уурхайнууд хүн хүчний асуудал хомсдож эхэлсэн. Ингээд хүнээ нэмж авахын тулд цалингаа өсгөхөөр жижиг уурхайнуудад ажиллаж байсан хүмүүс том уурхай руугаа орчихдог. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд энэхүү ростерыг 14/14 болгох ажлыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо маш идэвхтэй хийсэн. Тухайн үед уг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байсан. Тэр үед ҮЭХ талбай дээр гарч жагсаал хийж, 14/14 болгохыг хүчтэй шаардаж байсан шүү дээ. Бүр ажлын хэсгийн гишүүд рүү мессэж бичиж, сүүлдээ орж уулзаж байсан.

Хөдөө орон нутагт олон цагаар ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр, нийгмийн хэрэгцээ хүнд байдалтай байна. Тиймээс 14/14 болгох шаардлагатай гэдгийг тухайн үед ҮЭХ хэлж байсан. Ингээд ажлын хэсгийн ахлагч гишүүн Ц.Мөнх-Оргил нарын хүмүүс тус шаардлагыг хүлээн авч болно гэдгээ хэлсэн. Гэхдээ нэг зүйлийг тухайн үед онцгой анхааруулж хэлж байсан. Тэр нь ростерыг 14/14 болгочихоор уурхайн ажилчдын цалин хөлс шууд багасна гэдгийг хэлсэн. Хариуд нь ҮЭХ уг асуудлыг маш сайн ойлгож байгаагаа хэлж байсан юм. Тэгээд л Хөдөлмөрийн тухай хуульд сүүлийн 20 гаруй жил орж байгаагүй том өөрчлөлт орсон санагдаж байна.

-Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулиас болж уурхайчдын цалин хөлс багассан гэсэн үг үү. Хуульд уг асуудлыг яаж тусгаж өгөх байсан юм бэ?

-Манай улсын хувьд уг асуудлыг угтаа нээлттэй орхичихсон бол зүгээр байх байлаа. Өөрөөр хэлбэл, 14/14-өөрөө ажиллуулах нь ажиллуулаад, бололцоогүй зарим нь 21/7-гоороо явна гээд нээлттэй заагаад өгчих ёстой байсан. Уурхайчдын цалин багасаад ирэхээр хэвлэлийн хурал хийж харагдсан. Тэгэхээр аль нэг компани цалингаа буулгалаа гэхээс илүү цалин буурах эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж хуульд ийм заалт оруулахыг хүчээр тулгасан газар бол Монголын үйлдвэрчний эвлэл. Үйлдвэрчний эвлэл бол цалин нэмэх асуудлаар л тэмцдэг болохоос биш буурах эрсдэлтэйг нь мэдсэн атлаа хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан.

-Тэгэхээр компанийн хувьд шинэ хуулиа л барьж ажилласан гэсэн үг үү?

-Миний хувьд аль нэг компанийн асуудлыг огт мэдэхгүй шүү. Ажилчдын хэвлэлийн хурлыг харж байхад цалин нь 25-30 хувь буурсан гэдгээ хэлж байсан. Мэдээж бага хугацаанд ажиллаж байгаа болохоор бага л цалин авна шүү дээ. Олон хоног ажиллавал төдий чинээ их цалин авна. Ингээд жилд 240 хоног ажилладаг байсан хүмүүс 180 хоног ажилладаг болно. Ажиллах хоног нь 1/3-ээр буурахаар авдаг цалин нь 30 хувиар буурч таарна. Гэхдээ манай үйлдвэр, уурхайд ажиллаж байгаа хүмүүс хоёр хуваагддаг юм билээ. Зарим нь 14/14 болгож хуульчилсан нь зөв гэдэг. Зарим нь зээлтэй болохоороо илүү цаг ажиллаад ахиу цалин авсан нь зүгээр. Гэтэл урт цагаар ажиллах боломжийг хуулиар хязгаарлачихлаа гэдэг.

-Хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй гэж харж байна. Хуулийн заалтыг нь таны хэлснээр нээлттэй болгочих хэрэгтэй юү?

-Мэдээж хуулийн заалтаа эргэж харах ёстой. Учир нь аж ахуйн нэгж, иргэн хоёрт төр сонголтыг нь өгдөг байх хэрэгтэй. Жишээлбэл, манайх жижиг уурхайтай байлаа гэж бодоход 14/7 хоногийн ростероор хүнээ ажиллуулмаар байна. Учир нь цөөхөн хүн ажиллуулаад илүү цалин өгдөг болно. Гэтэл Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой гэх мэт санхүүгийн хувьд бие даачихсан энэ том компаниуд ажилчдадаа бодоод 14/14 хоногийн ростероор явна. Тэгэхээр энэ сонголтыг хуулиараа ажил олгогч болон ажилчдад нь өгчих ёстой байсан. Гэтэл ажилчид болон ажил олгогчид хүссэнээрээ ажиллах байсныг ийнхүү хуулиар хатуу заагаад өгчихөж байгаа юм. Тэгэхээр эцсийн бүлэгтээ хүмүүсийн цалин буурах зохицуулалт л болчихож байгаа хэрэг.

-Уг зохицуулалт их энгийн, ойлгомжтой санагдах юм. Яагаад цалин буурна гэсэн эрсдэлийг тооцохгүйгээр УИХ баталчихсан юм бол?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөл явж байх үед Монголын үйлдвэрчний эвлэл хүчтэй тэмцэл хийсэн шүү дээ. Жагсаал, тэмцэл хийгээд байгаа болохоор УИХ-ын гишүүд шаардлагыг нь хүлээн аваад уг хуулийг өөрчилсөн. Угтаа манай улсын хувьд зарим ажил мэргэжил цаг улирлын шинжтэй байдаг. Барилга, уул уурхайн салбар тэр чигтээ улирлын чанартай явагддаг. Тэр утгаараа дулааны улиралд ахиу цаг ажиллаж байгаад овоо хэдэн төгрөг хураачихъя, тэгээд өвөл хүйтрэхээр сайхан амарчихна даа гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Гэтэл энэ боломжийг нь хуулиар хаачихаж байгаа юм. Илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан. Одоо жилийн хагаст нь уурхай ажиллаж байна. Энэ хугацааных нь дахиад талд нь хүн ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр ямар л олигтой цалин авах билээ дээ. Цаашид энэхүү асуудлыг эрх зүйн хувьд өөрчлөх, иргэн, аж ахуйн нэгжид нь боломж, сонголтыг нь нээлттэй болгох шаардлагатай.

Э.МӨНХ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *