Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуульч Ч.Өнөржаргал: Ерөнхий сайдын шүүх эрх мэдлийн тогтолцоо руу дайрч, заналхийлж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байна DNN.mn

Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай шүүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийг дутуу томилсон гэх асуудал яригдаад байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ оны нэгний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт гарсан тодорхой төрлийн иргэн, эрүү, зөрчлийн хэргийг энэ шүүхээр шийдвэрлэх болсон. Иргэний маргааны хувьд 13 сая 200 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй гэрээнээс үүссэн маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор явуулах маргаан, гэрээний зүйлээс барьцаа хөрөнгөөс гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахтай холбоотой маргааныг 45 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульд заасан. Харин эрүүгийн маргааны хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой талуудын хүсэлт, гомдол, зөрчлийн хэрэг маргааныг шийдвэрлэж эхлээд байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн нэр өөрчлөн байгуулахтай болон шүүгчийг шилжүүлэн ажиллуулахтай холбоотойгоор гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дотоод шийдвэрээ үндэслэн Ерөнхийлөгчид шүүгчдийг томилуулах тухай саналаа гаргадаг.

Харин тэдгээр шүүгч шинээр томилогдож байгаа шүүгчид биш учраас Ерөнхийлөгч буцаахгүйгээр томилох хуулийн заалттай. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд шүүгчдийг эгүүлэн томилохдоо есөн шүүгчийг томилоогүй тухай сонссон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг Ерөнхийлөгч хүлээн авахаас татгалзаж байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэх, хардахаас өөр аргагүй юм. Томилогдоогүй үлдсэн нэр бүхий есөн шүүгчийг энэ сарын 21-ний өдөр томилсон байсан. Тэгэхээр есөн шүүгчийн ажилгүй байсан 21 хоногийн цалин хөлс, сэтгэл санааны хохирлыг үндэслэлгүйгээр томилохоос татгалзсан албан тушаалтан буюу Ерөнхийлөгчөөс гаргуулах хууль зүйн факт үүсч байна.

-Яагаад дутуу томилсон талаар дэлгэрүүлбэл?

-Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчдийг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан бүртгэж, улмаар сонгон шалгаруулалт хийж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Ерөнхийлөгчид зөвхөн шинээр нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй байхаар хуулиар зохицуулсан. Гэхдээ хууль зүйн үндэслэлтэй татгалзах ёстой. Хэрэв Ерөнхийлөгч хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзвал уг үйлдэл нь шүүх эрх мэдэлд халдаж байгаа үйлдэл юм. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа шүүгчид Үндсэн хуулийн цэцэд хандах нөхцөл байдал үүснэ. Харин шүүгч байсан хүмүүсийг шинээр шүүх байгуулахтай холбоотойгоор ингэж хугацаа хойшлуулж томилсон Ерөнхийлөгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл хуулинд байхгүй.

-Сүүлийн үед жагсаал цуглааны үеэр олон нийтийн сүлжээнд идэвхитэй байр сууриа илэрхийлдэг хүнийг барьж хорих, шалгах хандлага ажиглагдаж байна. Жишээ нь “Бурхны хүү” Баярбаатарыг 30 хоног баривчлан саатуулахаар болоод хэд хоногийн дараа сулласан. Энэ нь хууль, шүүхийн байгууллага захиалгатай гэсэн ойлголтыг иргэдэд өгөөд байх шиг?

-Шүүх гэдэг хэний ч үгийг сонсдоггүй байгууллага байж болохгүй. Ялангуяа шүүхийн шийдвэр ойлгомжтой бичигдсэн, бодит байдалд нийцсэн байх ёстой. Шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангах талаар идэвхтэй ажиллах ёстой. Мөн хуулийг чанд мөрдөх ёстой. Дээрх тохиолдолд шүүхэд болон шүүгчид ямар нэг нөлөөлөх гэсэн оролдлого ирсэн бол шүүгч нөлөөллийн мэдүүлэг бичих эрх нь нээлттэй. Ер нь шүүгчид шүүх эрх мэдлийн тогтолцоогоо манлайлан хамгаалж сурах нийгмийн захиалга үүссэн энэ нөхцөлд шүүгчид дуугарах цаг болсон гэж харж байна. Нөлөөлөлд автаад элэг доог болсон шийдвэр гаргах уу, нөлөөллийн мэдүүлэг хөтөлж шүүх эрх мэдлийн тогтолцоогоо хамгаалах уу гэдэг сонголт шүүгчид байна шүү дээ. Шүүгчид аймхай хулчгар байж, шүүгчээрээ үлдэх, эсхүл ерөнхий шүүгч болохын төлөө улстөрчдийн гар хөл, өгөөш болж хамаг муухайгаараа дуудуулаад суугаад байж болохгүй. Улстөрчдийн эрх мэдлээ хэтрүүлэх хугацаагаар хүний эрх дордож байдаг.

-Тухайлбал?

-Хугацаа хоцорч томилогдсон есөн шүүгчийн дунд ерөнхий шүүгч байсан болон ерөнхий шүүгчид нэр дэвшин өрсөлдөх амбицтай, чадвартай шүүгчид байсан. Гэвч хугацаа хоцорч томилогдсоноороо ерөнхий шүүгчид нэр дэвших эрхээ алдсан нь харамсалтай. Нөгөө талаар 2013 оны 13 шүүгч шиг 10 жил бололгүй томилогдсондоо баяртай л байгаа байх. Гэхдээ энэ хэдхэн хоног дотор л хувь шүүгчийн боломжийг алдагдуулсныг хүний эрхийн зөрчил гэж үзнэ шүү дээ.

Ер нь цаашдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ерөнхий шүүгч гэдэг статусыг байхгүй болгож, хуулиараа ерөнхий шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг хэргийг тойргийн журмаар тогтоодог болох өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байх шиг байна. Учир нь анхан шатны шүүх хэргийг тойргийн журмаар хуваарилдаг ч гомдлын хурлыг ерөнхий шүүгч даргалдаг нь эрх мэдлийн төвлөрөл үүсгэдэг нь ажиглагддаг. Тэгэхээр гомдлын хурлыг ч тойргийн журмаар шийдвэрлэдэг болчихвол шүүх эрх мэдлийн хараат бус байдлын индекс дээшлэх боломжтой юм.

-Иргэдийн шүүхэд итгэх итгэл ямар байгаа талаар шүүхээс хараат бус байгууллагын хийсэн сүүлийн үеийн судалгаанаас ямар үр дүн харагдаж байна вэ?

-“Оюуны инноваци” ТББ-ын хийсэн “Шүүхийн индекс-2023” судалгааг олон нийтийн санал бодол, салбарын шинжээч, мэргэжилтнүүдийн санал бодол, захиргааны мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалжаас цугласан мэдээллийг тоон илэрхийлэлд хувирган үнэлэхэд, 100 онооноос 53.22 оноог авсан байна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн индексийг олон нийтийн санал асуулга болон мэргэжилтнүүдийн санал асуулгын дүнгээр үзвэл Анхан шатны шүүхэд итгэх иргэдийн итгэл 52 хувь, Давж заалдах болон Улсын дээд шүүхэд итгэх итгэл 51 хувьтай байна гэсэн дүн гарсан байна. Энэ бол дундаж үзүүлэлт юм.

Нөгөө талаар хуульчийн хувьд анзаарахад, 2023 оныг Засгийн газраас “Авлигатай тэмцэх жил” гэж зарласан. Гэтэл араас нь шүүгчид авлигатай тэмцэхгүй байна гэх мэт дайралтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон чуулганы танхимаас мэдэгдэж байсан нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлд тодорхой хэмжээнд субьектив байдлаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж боддог.

Хуулиараа гүйцэтгэх эрх мэдлийн байгуууллага өөрөө шүүхийн хяналтад байдаг буюу маргааны нэг тал болох тохиолдол байдаг тул зарим нэг тохиолдолд шүүхийн шийдвэр таалагдахгүй тохиолдолд байр сууриа илэрхийлэх нь зүй ёсны л асуудал. Гэвч шүүх рүү олон нийтийг турхирах нь шүүх эрх мэдлийн тогтолцоонд халтай гэдгийг бас бодолцох ёстой асуудал. 500 гаруй шүүгч Монгол Улсыг хуультай улс гэдгийг тунхаглаж Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрээ уншиж, Ардчилсан Монгол Улсыг тунхаглан ажиллаж ирсэн. Энэ хүмүүс дунд алдаа гаргасан хүн байж болно. Гэхдээ тухайн асуудал түүгээрээ шийдвэрлэгдэж, зохих хариуцлага тооцогдоод ирсэн. Нэг хүний ч бай, нэжгээд хүний ч бай алдаагаар далимдуулж, тогтолцоогоор нь дайруулж, олон нийтийн дунд шүүх эрх мэдлийн байгууллагын нэр хүнд, хараат бус байдалд халдах эрхгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

-Шүүхэд итгэх итгэл хаа хаанаа унаад байна уу. Ерөнхий сайд сүүлийн үед шүүх тогтолцоог шүүмжилсэн агуулгатай зүйлcийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих боллоо?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа талаар уурсаад байгаа харагдсан. Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг буюу маргааны нэг оролцогч. Засгийн газар шүүхийн өмнө илүү эрх эдэлж, үүрэг хүлээх эрхгүй. Хэргийн оролцогчийн хувьд хэргийг эцэслэн шийдвэрлэтэл хэвлэл мэдээллийн байгууллагад хандах эрх байхгүй, бүр УИХ-ын чуулганы танхимаас учир нь мэдэгдэхгүй заналхийлэл хийх эрх байхгүй. Энэ үйлдэл нь Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээр байна.

Засгийн газар шүүхийн хяналтад байж чадахгүй гэж галзуурч байгааг харахад ой гутаж байна. Хамгийн гол нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оноос хойш учир үл мэдэгдэх зүйлээр чуулганы танхимаас шүүх эрх мэдлийн тогтолцоо руу дайрч далайлгаж, заналхийлж ирсэн бөгөөд энэ үйлдэл хэрээс хэтэрч байна.

2021 оны Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “…Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ”. Мөн тус хуулийн 73.3-д “…шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр… …үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ” гэж тодорхой заасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын дээр дурдсан шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдалд халдсан шинжтэй үйлдлүүд нь Үндсэн хуулийн зөрчил. Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх Шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удаа дараагийн Үндсэн хууль зөрчиж байгаа хууль бус үйлдлийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах санал гаргахгүй бол өөрсдөө шулуухан тарах хэрэгтэй. Улстөрчдийн шүүх эрх мэдлийн тогтолцоо руу халдсан үйлдэлд Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан хариуцлага тооцуулахын оронд залруулга төдийхөн хийдэг өлбөгөр байдалд орох эрх тэдэнд байхгүй.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Улсын дээд шүүх, шүүгчид өөрсдөө нөлөөллийн мэдүүлэг бичих байдлаар дархлаагаа тогтоохгүй бол шүүгчид шүүгчид бус гоё байшинд суусан улстөрчдийн өмгөөлөгчид болон хувирахыг үгүйсгэхгүйг тал талдаа анхаарах цаг болсон. Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын тогтолцооны хамгаалалтыг улстөрчид бус салбарын хуульч мэргэжилтнүүд хийх хэрэгтэй. Харин улстөрчдийн үндэслэлгүй дайралтад булуулчихаад дуугүй байх нь хууль бус үйлдлийг эс үйлдэхүйгээрээ дэмжиж байна гэж үзэхэд хүргэдэг.

УИХ-ын 126 гишүүн ч гэсэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёроор загнуулаад суугаад байхаасаа ичих хэрэгтэй. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. 126 гишүүн төрийн эрхийг төлөөлөх эрхээрээ дамжуулан хэрэгжүүлж байгаагаа ухамсарлаж, хувь гишүүнийхээ хувьд бүхий л асуудал дээр сонгогчид болон салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолой, үзэл бодлыг байнга сонсож, анзаарч аливаа асуудалд хараат бус, бие даасан байдлаар хандаж, шийдвэр гарган ажиллахыг хүсч байна. Одоо шүүх эрх мэдлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, хараат бус байдалд анхаарал хандуулах цаг ирсэн болохыг сануулж, анхааралдаа авахыг хүсье.

Ө.АНХЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *