Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 20 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас  улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвайнхутаг говь” ХХК-д  жуулчин ангиллын виз болон хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, өнөөдөр албадан гаргалаа. Тодруулбал, Дээрх иргэдийн 15 нь жуулчлах буюу k2 ангиллын цахим виз, 5 иргэн нь визгүй зорчих хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрч, өрлөгчин, тогооч, мужаан, гагнуур, дотоод засал, барилгын туслах ажил хийж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Аялал жуулчлалын визээр ирсэн гадаадын иргэний аяллын маршрут, байрлах газар, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж амрах зорилгын дагуу ашиглах ёстой. Гэвч уг визийг хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.

 Цаашид уг хяналт шалгалтын ажил үргэлжлэх бөгөөд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *