Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулжээ

Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулжээ зурган илэрцүүдӨнгөрсөн оны Улсын их хурлын чуулганаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. 2016 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан. Гэвч өнгөрөгч сарын 7-нд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар хүүхэд харах үйлчилгээг зогсоосон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар тодруулахаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг зорьсон юм.

Тус байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх ажлыг 2016 оны есдүгээр сарын 12-ноос 30-ний хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Энэхүү шалгалтынхаа тайланг танилцуулах гэж байтал “Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэрийг бидэнд өчигдөр бидэнд мэдэгдсэн” хэмээн албаныхан хариуллаа.

Харин Сангийн яамны хэвлэлийн албаны зүгээс “Хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 он хүртэл хойшлуулсан учраас ирэх оны төсөвт уг үйлчилгээний төсөв тусгагдаагүй” хэмээн тайлбарласан юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 2269 орчим хүүхэд харагчийг бэлтгэж, 853 хүүхэд харах төвд 6353 хүүхэд /үүнээс 198 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй / хамрагдаад байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45.792 хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж, 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаа мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээллийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *