Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвүүдэд амин дэм хандивлав

Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Сонгино Хайрхан Дүүрэгт орших “Ид шидийн орон ” төвд иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжлэг үзүүлсээр байдаг.

Хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, цэцэрлэг, сургуульд хамруулж боловсрол, мэдлэг олгох “Ид шидийн орон” төслийг анх барьж байгуулахад “МАК” компанийн зүгээс 60 гаруй сая төгрөгийн өртөг бүхий блок, цементийн дэмжлэг үзүүлж байсан. Энэхүү төвд өдгөө эрх нь зөрчигдсөн, нийгмийн эмзэг бүлэгт багтсан, асран хамгаалагчгүй зэрэг 70 гаруй хүүхэд эрхээ хамгаалуулж, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авч суралцаж байгаа юм.

Өчигдөр буюу 4-р сарын 23-нд “Монголын Алт” МАК компаниас тус төвд нэн шаардлагатай амин дэм хандивлалаа. Эхийн хэвлийд байхдаа л хүчирхийлэлд өртөж, төрөөд хоол хүнс, амин дэмийн дутагдалд өссөн хүүхдүүдэд шаардлагатай витамин өгсөн нь цаг үеэ олсон хүмүүнлэг туслалцаа байлаа хэмээн тус төвийн удирдлага, багш нар ярьж байв.

Мөн өдөр Монголын Улсын хүүхэд хамгааллын “Өнөр бүл” асрамжийн газрын 160 гаруй хүүхдэд “МАК” компани амин дэм хандивлав. “МАК” компаниас “Өнөр бүл”-тэй уламжлалт харилцаатай. Тус төвийн гурван хүүхдийг их дээд сургуульд хамруулж, дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь дааж, сургасан. Яг одоогийн байдлаар хоёр хүүхэд их сургуульд суралцаж, нэг хүүхэд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцан төгсөөд манай компанийн Нарийн Сухайтын уурхайд ажиллаж байгаа билээ.

“Өнөр бүл” төв нь улсын харьяанд байдаг ч жил бүрийн улсын төсвөөс орж ирсэн хөрөнгө оруулалт хаанаа ч хүрдэггүй, хүндхэн байдаг талаар удирдлагууд нь хэлж байлаа. Тиймээс төр, засгийг царайчлан харж суухаас гадна өөрсдийн нөөц бололцоо, хандивлагч иргэд, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр төвийн үйл ажиллагаа тохижилтод нэн шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын зарим ажлуудыг эхлүүлэхээр шийдсэн байна. Хамгийн түрүүнд халуун усны өргөтгөл барихаар зэхэж буй ажээ. Өдгөө тус төвийн хүүхдүүдийн усанд орох өрөө, ариун цэврийн өрөө эрүүл ахуйн шаардлага болон хүүхдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм байна. Өөрөө хэлбэл таван хүүхдийн дунд нэг суултуур байх ёстой ч одоогоор дөчин хүүхдийн дунд нэг суултуур байгаа нь үнэхээр тулгамдсан асуудал болоод байгаа гэнэ. Тэр ч бүү хэл усанд орох өрөө дутмаг байгаагаас болж охид, хөвгүүд нэгнээсээ санаа зовох асуудал их гардаг ажээ. Энэ мэт тулгамдсан асуудлаа энэ жил шийдэхээр идэвхтэй ажиллаж байгаа юм байна.

Хүмүүнлэгийн үйлсийн үеэр Монголын Алт МАК компанийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ц.Ариунтөгс: “Хаврын улиралд хүүхэд битгий хэл том хүн ядарч, амин дэмийн дутагдалд орох нь бий. Тиймээс эдгээр эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах, нийгэмшүүлэх, боловсрол олгох гэхээс илүү эрүүл мэндийн асуудлыг нь онцгойлон анхаарч үзэх нь чухал. Тэр утгаараа хаврын хавсарган энэ үед манай компанийн зүгээс хоёр төвийн 250 гаруй хүүхдэд нэн шаардлагатай байгаа хүүхдийн тосон суурьтай Д3 амин дэмийг хандивлалаа. Цаашид иймэрхүү нийгмийн эмзэг бүлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эрх нь ноцтойгоор зөрчигдөж байгаа хүүхдүүдийн ирээдүйн төлөө “МАК” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй дуугарч, ажиллах болно. Энэ мэт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол руу чиглэсэн ажлуудыг бид идэвхтэй явуулах болно” гэлээ.

Э.ТҮВШИН



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *