Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийг юугаар ч дутаахгүй өсгөж болохгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа “25 дугаар суваг телевиз”-д “Амьдралаа гэж” нэвтрүүлэг хөтөлдөг байхад нэг ийм яриа өрнөсөн юм. Нэгэн ээж шууд нэвтрүүлэгтэй утсаар холбогдож “Би хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөсөн. Гэтэл одоо…” хэмээн баахан гомдоллодог юм байна. Н.Соёлмаа хариуд нь “Юугаар ч дутаахгүй байж болохгүй, дутаах ёстой байсан юм” гэж “загнаж” билээ. Үнэндээ хэн ч гэсэн үр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөхийг хичээдэг. Амьтны хүүхдээс дутуугүй явуулахыг хүсдэг. Гэтэл юугаар ч дутаахгүй байх нь эргээд сул тал болдог биш байгаа. Б.Лхагвасүрэн найрагчийн “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, цэцэг нар хоёртоо бахардсан наадам, ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам” гэсэн шүлгийн мөрүүд бий. Хэрэв ижийтэйгээ жил бүр наадам үздэг байсан бол энэ өдрүүд ийм нандин мөрүүд үлдээх байсан болов уу.

Орой харих бүртээ хүүхдэдээ амттан авч өгөөд үзээрэй. Хүүхдийн чинь ааш шууд хувирч, цүнх рүү чинь дайрч, хэрэв ямар нэг юм авчраагүй бол бөөн юм болох вий. Харин хааяахан авчирдаг амттаны дараа охин маань ээждээ талархаж сурсан. Хүссэн юм болгоноо авч болдоггүй гэдгийг ухаарах шиг санагдсан. Сэтгэл зүйчийн зөвлөгөө уншиж байтал боломжтой байсан ч хүүхдээ өдөр бүр паркад тоглуулах хэрэггүй гэсэн байна лээ. Тэрбумтны охин амиа хорлосон мэдээ уншаад ойлгодоггүй үе байсан. “Юу дутсан гэж тэр вэ” гэж гайхсан сан. Магадгүй тэр охинд амьдралын зорилго алга болсон ч байж мэднэ. Ядуу, баян хүний сэтгэл ханамж өөр шүү дээ. Ядуу хүн хүүхдэдээ нэг шинэ хувцас авч өгч чадсандаа баярладаг байхад, баян хүний сэтгэлийн хоосон орон зайг дүүргэхэд уул овоо ч дутах вий. Хүүхдийг зарим юмаар дутааж болно. Харин хайраар л дутааж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *