Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ төвхнүүлэхээр ирсэн хөдөөх ээж

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас оюутан болон ирж байгаа оюутнуудын эцэг эхчүүдээс өдрийн зочноор урилаа. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын оршин суугч Б.Алтантуяатай МУИС-д элсч буй охиноо сургуульд нь бүртгүүлэх, орон байр олж төвхнүүлэхээр нутгаасаа ирээд байхад нь уулзсан юм. 

Тэрбээр охинтойгоо өнгөрсөн мягмар гаригт хотод иржээ. Сургууль соёлд нь бүртгүүлэх гэж гурван өдөр зарцуулсан гэнэ. “МУИС энэ жил нэмэлт элсэлтээ их сайхан шударга явууллаа” хэмээн яриагаа эхэллээ. Мөн охиноо дотуур байранд оруулах талаар бодохын ч хэрэггүй нөхцөл энд угтжээ. “Хүүхэд дотуур байранд орно гэдэг маш хэцүү болсон юм байна. Байр нь хүртээмжгүйгээс гадна төлбөр нь өндөр юм. Жилийн төлбөр 400 мянгаас 450 мянган төгрөг гэж байна” хэмээв. Тиймээс сургуульд нь ойр орон сууц хөлслөхөөр шийджээ. Хоёр өрөө орон сууц сарын 800 мянган төгрөг байна гэж сонсчээ. Нэг өрөө орон сууцны түрээс чухам хэд байгааг сайн мэдэхгүй байгаа ч ямар ч гэсэн дөрөв таван зууд олдох биз, түрээслэхээс өөр аргагүй гэсэн бодолтой яваа гэнэ. Өнгөрсөн жил нэг хүү нь сургууль төгсч, нийслэлийн нэгэн сургуульд багшлахаар ажилд орсон тул энэ жил сууц түрээслээд охин, хүү хоёроо нэг дор төвхнүүлэхээр шийдсэн байна. Сургуулийнх нь жилийн төлбөрийг мөн тодорхой мэдэхгүй яваа ажээ. “Сургалтын төлбөрийг кредит цагаараа тооцдог гэнэ. Эхлээд суралцах хичээлээ сонгох юм байна, сонголтоо хийчихээд хэдэн цагийн хичээлд суух, төлбөрийн хэмжээ зэрэг мэдээллийг сургуулийнхаа вэб хуудаснаас олж мэдэх юм байна. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургууль нь нэг сая 960 мянган төгрөг гэж байна лээ. Манай охины элсч байгаа Байгалийн ухааных нь төлбөр хэд юм мэдэхгүй” гэж байв. Байгалийн ухааны сургуульд нь ороод багш, инженер гэх мэт чиглэлээр мэргэжил эзэмших байх гэсэн бодолтой байгаа юм байна. Эднийх зургаан хүүхэдтэй, энэ намар оюутны амьдралд хөл тавьж буй охин нь тав дахь хүүхэд нь гэнэ. Нөхөр нь насаараа тээврийн байгууллагад ажиллаж, 39 жил  хот хоорондын тээвэр хийсэн, одоо хувийн байгууллагад жолооч хийдэг юм байна. Тээврийн салбарт ажиллагсад ажилласан жилээсээ үл хамааран заавал 60 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгодог учир тэтгэврийн насаа хүлээх зуураа хувийн компанид машин барьж буй гэнэ. Тэрбээр “Хувийн байгууллага хэцүү. Цалин авахтай үгүйтэй юм. Би өөрөө ногоо тарьдаг. Манайх ер нь ногоогоороо л амьдарч ирсэн” гэв. Өмнө нь хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг ногоогоо зараад олчихдог байсан бол энэ жил ногооны үнэ ихээр унасан тул амаргүй сорилттой тулгарч байгаа гэнэ. Эднийх таван га газартай, тэндээ байцаа, төмс, манжин, шийгуа, мөн чацаргана тарьдаг, ургацаа хураагаад Дархан-Уул аймгийн төвд аваачиж бөөний үнээр худалддаг юм байна. Саяхны хэдэн өдөр байцаагаа хурааж эхэлжээ. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг босгохоор нэлээд хэмжээний байцаа хурааж Дархан орсон боловч худалдаачид нэг килограмм байцааг 210 төгрөгөөр авч байгаа нь ээж, охин хоёрт багагүй цохилт болжээ. “Гучин долоон килограммаар савласан нэг шуудай байцааг ердөө 8000 төгрөгөөр авч байна, килограммд хуваагаад бодохоор нэг кило нь ердөө 210 төгрөг болж байна. Ингээд хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд маш хүнд болчихлоо” хэмээн энэ ээж ихэд гонсгор байлаа. Ногоочин эгчийн бүтэн жилийн хөдөлмөр үр шимээ өгөх хараахан болоогүй байгаа болохоор шинэхэн оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд нэг сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээл авч байгаа гэнэ. Гэхдээ банкнаас биш, хувь хүмүүсээс. “Банк, санхүү нь бидэнд одоо зээл өгөхгүй шүү дээ. Хурааж авах ногоогоо барьцаалж байж хувь хүмүүсээс хугацаа давчуу, хүү өндөр зээл авахаас аргагүйд хүрч байна. Өөрөөр яах билээ” гэж энэ ээж ярьсан юм. “Энэ намар таван тонн байцаа хурааж авна, үгүй юм гэхэд наад зах нь дөрвөн тонныг хурааж авна гэж төлөвлөөд, түүгээрээ оюутан охиныхоо сургалтын төлбөрийг хийнэ гэж бодож байсан юм. Бодсон төлөвлөсөн минь одоо өнгөрлөө л дөө” гэж байв. Нэг килограмм байцааг 800 төгрөгөөр худалдана гэж тооцож байжээ. Өнгөрсөн жилийн ханшаар тэгж тооцоолсон гэнэ. Гэвч жилийн өмнө бөөний үнэ нь 800 төгрөг байсан ханш өнөөдөр 210 төгрөг болтлоо унасан аж. “Юмны үнэ өссөөр байхад ногооны үнэ эсрэгээрээ, унаж байна. Хятадын ногоо түрж орж ирээд манай үнийг унагаж байна. Дарханы зах дээр нэг килограмм нь 300, 500 төгрөг гээд байгаа байцаа бүгд Хятадаас оруулж ирсэн байцаа. Бидний  тарьсан байцааны дэргэд үнэхээр муу. Даанч хүмүүс тэрийг нь мэдэхгүй авах л юм даа. Хүний сонголт юм чинь, яах вэ дээ” гэж энэ эмэгтэй ярьсан. Нийслэлд ногооны үнэ өндөр байлаа ч тээврийн зардал өндөр тул Сэлэнгэ аймгаас энд авчирч худалдаалах боломжгүй гэнэ. Эднийх байцаа, манжин, шийгуагаас гадна хоёр га газарт төмс, мөн өргөст хэмх ч тарьсан байна. Төмсөө хураах цаг болоогүй, Есдүгээр сарын хорьдоор хурааж авдаг гэнэ. Чийглэг, сэрүүвтэр нутаг учир төмсний болц оройтдог гэж тайлбарлав. “Өдийд ногоо зарагддаггүй. Тийм учраас талбай дахь ногоогоо барьцаалж хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг төлчихдөг, удалгүй зээлээ ч төлчихдөг юм. Ногоочдын амьдрал үнэхээр хэцүү байна” гэж Б.Алтантуяа гуай ярилаа. “Ирэх хавар хүртэл байр түрээслэхэд наад зах нь гурван сая зургаан зуун мянган төгрөг, дээр нь сургуулийн төлбөрийг нь хоёр саяар бодоход зургаан сая төгрөг болж байна” гэсэн тооцоо бодож яваа хөдөөх энэ ээж нэгдүгээр дамжаанд элсэн орж буй оюутан охиноо нийслэлд төвхнүүлэх ажлаа төвөг чирэгдэл багатайхан амжуулаад, гэртээ сэтгэл өег хариасай даа.

Н.ПАГМА                

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *