Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүүхдэдээ ухаалаг биш утас хэрэглүүлье

Шинэ Монгол, Мон Турк зэрэг сургуулиуд сурагчдаа ухаалаг утас барихыг хориглочихож. Мон Турк бол бүр анхнаасаа ийм утас барихыг зөвшөөрдөггүй байжээ. Шинэ Монгол харин саяхнаас хэрэгжүүлсэн аж. Гэхдээ ахлах ангийнхныг ухаалаг утас барихыг одоогоор хориогүй юм билээ.

Хамгийн гол нь ухаалаг гар утаснаас татгалзсаны үр дүн гарчээ. Хүүхдүүд хичээлдээ анхаарах, завсарлагааны цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь эрс ихэссэн байна. Зарим эцэг эх хүүхдээ ухаалаг гар утаснаасаа салахгүй болохоор сайн дураараа ухаалаг биш, одоогийн хүүхдүүдийн хэлдгээр хоцрогдсон гар утас бариулах гээд нөгөөдүүл нь “Бусдаасаа ичээд байна” гэж эсэргүүцдэг гэнэ. Бүгдээрээ адилхан болчихвол хэн нь хэнээсээ ичих билээ.

Нэгэнт гар утас бидний амьдралтай салшгүй холбоотой, өдөр тутмын хэрэглээ болчихсон болохоор түүнийг нийтээрээ хэрэглэхээ байчихна гэж байхгүй биз. Ядаж л хүүхэдтэйгээ холбоо барихад дэвшилтэт энэ холбоо тун чухал. Ухаалаг гар утас эрүүл мэндэд илүү хортой нь аль хэдийнээ нотлогдчихсон. Тэгэхээр хүүхдээ хичээлдээ анхаардаг болоход, хулгайч нарын урт гараас хол байлгахад, насанд хүрэгсдийн аялдаг сошиал ертөнцөөр хяналтгүй аялах, гар утсандаа тоглоом татаж тоглохоос эхлээд эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй энэ дэвшилтэт технологиос хамгаалъя. Сургуулиудын удирдлага, эцэг эхчүүдэд нэг зүйл уриалмаар байна. Дээрх сургуулиуд шиг ухаалаг утас хэрэглэхийг хориглочих. Сурагчдад эцэг эхтэйгээ ярихаас өөрөөр гар утас бараг хэрэг болдоггүй. Тиймээс ухаалаг утаснаас татгалзаж, ухаалаг бишийг нь хэрэглэхэд тийм хэцүү биш. Ердөө л сургуулийн дотоод журмаар зохицуулчих.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *