Categories
мэдээ нийгэм

Хуучин орон сууцны үнэ буурсан нь үнийн индекс буурахад нөлөөлсөн гэв

Монголбанк үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанитай хамтран өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон гаргаж өнөөдөр танилцууллаа. Энэхүү тооцоололд аравдугаар сарын Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулсан аж. Өнгөрсөн сард орон сууцны үнийн индекс 1.01 болж 2013 онд тооцоолсон суурь үеэс 0.9 хувиар өссөн. “Их Монгол” хороололд өнгөрсөн жилийн аравдугаар сарын байдлаар орон сууцны 1мкв-ийн дундаж үнэ 1.964.247 төгрөг байсан. Харин энэ жилийн аравдугаар сарын байдлаар 1.959.589 төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Улаанбаатарын хэмжээнд “Орон сууцны үнийн индекс” өнгөрсөн оны аравдугаар сараас 0.24 хувиар буурчээ. Хуучин орон сууцны үнэ буурсан нь өнгөрсөн сарын үнийн индекс буурахад нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Өнгөрсөн сарын шинэ орон сууцны үнэ өмнөх оны аравдугаар сараас 6.86 хувиар өссөн бөгөөд есдүгээр сарын индексээс 0.92 хувиар өссөн байна. Улаанбаатарын хэмжээнд шинэ орон сууцны 1мкв-ийн дундаж үнэ 2.178.000 төгрөг гэсэн судалгаа гарсан. Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ 2.940.000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт бол Сонгино хайрхан дүүрэгт 1.530.000 төгрөг байна. Харин хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас 5.23 хувиар буурсан аж.

“Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Д.Должинсүрэн “Орон сууцны үнийн индекс”-ийг танилцуулах үеэрээ ингэж ярив.

-Орон сууцны метр квадрат аравдугаар сарын байдлаар 2,18 сая байгаа. Энэ нь зах зээлийн дундаж үнэ. Үүнээс доош 1,2 сая, 900 мянгын барилгууд ч байна. Үнэ болон барилгын хувьд сонголттой, борлуулагчдын төлбөрийн нөхцөл уян хатан болсон. Ипотекийн зээл боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тийм учир барилгын компаниуд урьдчилгаагаа багасгаж, банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан байдлаар зээл олгож эхэлсэн.

-Орон сууцны хэмжээний хувьд иргэдийн эрэлт ямар байгаа вэ?

-1, 2 өрөө байр эрэлт өндөртэй байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүмүүсийн худалдан авч буй байрны хэмжээ томорч байгаа. Өмнө нь 40-өөс доош метр квадраттай байрын эзлэх хувь өндөр байсан бол сүүлийн жилүүдэд 40-80мкв хэмжээтэй байруудын борлуулалт өсөж байгаа.

-Түрээсийн орон сууцны үнэ хэд байгаа вэ?

-Дотоодын иргэдэд нэг өрөө байр 442.000, хоёр өрөө байр 575.000, гурван өрөө байр 685.000, дөрвөн өрөө байр 860.000 төгрөгөөр тус тус түрээсэлдэг гэх судалгаа гарсан. Харин гадаадын иргэд 282-670 долларт түрээсэлж байгаа.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *