Мөн өнөөдрийн хуралдаанаар “Төр, хэвийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа. “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг өнгөрсөн онд нийслэлийн ИТХ-ын 30/39 дүгээр тогтоолоор баталж, “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ыг батлах эрхийг Тэргүүлэгчдийн хуралд шилжүүлсэн байдаг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг практикт хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин хэт хязгаарлагдмал, нийслэлийн Орон сууцны корпораци, Хөгжлийн корпораци зэрэг хэд хэдэн хуулийн этгээд байгуулсан хэдий ч хөрөнгө оруулагчтай хэлцэл хийх эрх хэмжээ тодорхойгүй, хувийн хэвшлийг хэрхэн сонгон шалгаруулах нь тодорхойгүй байна. Иймд тухайн журмыг боловсруулах шаардлага тулгарсан байдаг.
Журмыг хэрэгжүүлсэнээр сонгон шалгаруулах, үнэлэх, хувийн хэвшлийн санаачилгыг хэрхэн дэмжих, ямар шалгуур, шаардлага хангасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг тодорхойлж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн эрх, үүрэг, төсөл, хөтөлбөр ангилах ангилал зэрэг тодорхой болох юм.