Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Гэтэл 2022 оны Цагаан сарын баярын өдрүүдэд
- Архангай аймгийн Булган, Ихтамир,
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг,
- Говьсүмбэр аймгийн Баянтал,
- Төв аймгийн Батсүмбэр, Баянжаргалан,
- Дорноговь аймгийн Даланжаргалан,
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн суманд хурдан морины бэсрэг болон бооцоот уралдаан зохион байгуулсан байна.
Мөн 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай эрэгтэй уралдаанч хүүхэд мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ.
Иймд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, өвөл хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах Зөвлөмжийг бүх аймгийн Засаг нарт ХЭҮК-оос хүргүүлсэн байна.
Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг хүүхдийн тусламжийн 108, цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд хүлээн авч байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлээд буй.