Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэнтэй ярилцлаа.
-Удахгүй монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой тохиох гэж байна. Та цэргийн амьдралын гараагаа эхэлж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би 1972 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод аравдугаар ангиа төгсөөд, нийтийн жишгээр тухайн үед байсан “Цэргийн ерөнхий дээд сургууль”-д элссэн. Цэргийн ерөнхий дээд сургууль дотроо олон мэргэжлийн курстэй. Холбооны, ерөнхий цэргийн, авто, улс төр, артиллерийн курстэй. Би артиллерийн ангид ороод, 1976 онд цэргийн дээд сургуулиа төгсөөд, бас л нийтийн жишгээр Зүүн баянд очиж 10-аад жил ажилласан. Үүний дараа 1985 онд Ленинград хотын Артиллерийн академид суралцсан. Ингээд л насаараа зэвсэгт хүчинд, түүн дотроо өөрийн үндсэн мэргэжил болох Артиллерийн цэрэгтээ алба хаасан даа. Нийтдээ 37 жил зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгээд тэтгэвэртээ гарсан. Одоо бол бэлтгэл хурандаа. (Инээв).
-Артиллерийн цэрэг гэдэг их бууны анги гэсэн үг үү?
-Монголоор их бууны цэрэг. Манай зэвсэгт хүчинд 30 км бууддаг том буунууд, тийрэлтэт артиллерийн системүүд бий. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага гарахад дайсанд үзүүлэх галын цохилтын гол хэрэгсэл артиллер байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай артиллерчид бусад төрлийн цэргүүдтэй адилхан эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө сургагдсан, бэлтгэгдсэн.
-Одоогоос 36 жилийн өмнөх цэргийн амьдрал ямар байсан бэ?
-Өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчид болон миний залуу байх үеийн хугацаат цэргийн алба хаагчид нэг л зорилготой. Бид бүгд эх орондоо аюул тулгарсан үед эх орноо хамгаалах цэргийн мэргэжил эзэмшсэн, хүн бүр буудаж сурсан байх ёстой. Жишээ нь, манай артиллерийн цэрэг их буугаа чиглүүлээд, сумлаад, мэргэн бууддаг, жижигхэн гацаа, эвдрэлүүдийг засчихдаг, чадвар эзэмшсэн байх ёстой. Ер нь Монгол эр хүн бүр эх орноо хамгаалахад шаардлагатай бүхий л чадвар эзэмшсэн байх нь өнөө үед илүү их хэрэгтэй болж байгаа юм.. Хугацаат цэргийн алба хаагчдын гол зорилго ямар ч цаг үед нэг л байсан. Хэзээ ч өөрчлөгдөхгүй. Миний үед ийм байсан гэх онц гойд зүйлгүй.
-Зэвсэгт хүчин, цэрэг армигүй улс орон гэж дэлхийд байхгүй. Цэрэг гэдэг тухайн орны амьсгалах агаар уу?
-Тийм ээ. Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа зэвсэгт хүчин нь байдаг.
Зэвсэгт хүчинтэй байна гэдэг цэрэг эрстэй байна гэсэн үг. Энэ бол тухайн улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа. Цэрэг эрс, зэвсэгт хүчингүй улсад хэн дуртай нь халдана. Эзэнгүй арал мэт. Яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл би 2003 оны есдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Олон улсын эвслийн цэргийн удирдлагуудтай уулзаж, гэрээ хийгээд, 2003-2004 онд Афганистан улсад Монгол улсын Зэвсэгт хүчний Артиллерийн сургалтын багийн анхны багийн даргаар Олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол улс, Олон улсын терроризм, алан хядах ажиллагааны эсрэг эвслийн цэргийн хүчинтэй нэгдэж буйгаа илэрхийлж, 2003 оны аравдугаар сард 13 хүний бүрэлдэхүүнтэй өөрийн сургалтын багаа илгээсэн юм.
Биднийг очиход Афганистан улс өөрийн гэсэн зэвсэгт хүчингүй, цэрэггүй болсон байсан. Өөрийгөө хамгаалах армигүй бол ямар ч улс Тусгаар тогтносон эрх чөлөөт улс байх боломжгүй, Тиймээс Афганистаныг өөрөө өөрийгөө хамгаалах үндэсний арми, зэвсэгт хүчинтэй болгож өгөх үүргийг олон улсын эвслийн хүчин хүлээсэн юм. Эвслийн цэргийн хүчинд 10 орчим улс нэгдсэний нэг Монгол улс, миний удирдсан сургалтын баг Артиллерийн цэргийн мэргэжилтэн бэлтгэж, их буунуудыг нь засварлаж өгөх үүргийг хүлээсэн юм. Манайхаас нийт 13 ээлжээр өөрсдийн цэргийн мэргэжилтнүүдээ явуулсан. Өөрөөр хэлбэл манай зэвсэгт хүчин Афганистан улсын армийг артиллерийн цэрэгтэй, артиллерийн зэвсэглэлтэй болгож өгсөн түүхэн үйл явдал. Дэлхий нийтэд олон улсын алан хядагчдын эсрэг оруулсан Монгол улсын түүхэн гавьяа. Тэнд л аливаа улс оронд цэрэг, арми ямар хэрэгтэй болохыг ойлгосон. Армигүй улсад дуртай нь хоорондоо зодолдоод, эсвэл дуртай нь орж ирээд эзэлдэг болохыг харсан. Өнөөдөр Афганистан улс тусгаар тогтносон, өөрийн гэсэн армитай, дэлхийн дэвшилтэт аль ч улс оронтой бид хамтарч ажиллахад бэлэн гээд сууж байна.
-Ийм түүхэн том үйл явдлыг удирдаж ажиллахад танаас маш их чадвар, хурд хүч шаардсан байх?
-Афганистанд үүрэг гүйцэтгэж байх үедээ ч анги салбар удирдаж байхад цэргийн бүхий л үйл ажиллагаа захирагчаасаа, даргаасаа шууд шалтгаалдаг гэдгийг маш сайн ойлгосон. Мэдлэг чадвартай, аливаа цагийн байдлыг судлаад, маш шуурхай дүн шинжилгээ хийгээд, зөв шийдвэр гаргадаг эрдэмд цэргийн дарга нар суралцсан байдаг бөгөөд энэ нь аливаа цэргийн ажиллагааг үр дүнтэй явуулах үндэс болдог юм. Тухайлбал, Афганистанд үүрэг гүйцэтгэж байх үед хаа сайгүй алан хядах, амиа золиослож, эвслийн цэргийн цуваа руу халдах явдал зөндөө гарч байлаа. Манай баг 13 хүнтэй, таван машинтай Кабул хотын төвөөс 12 км явж, Афганистаны сургалтын төвд очиж, Афганын гараат цэрэг, офицер, ахлагч нарыг сургаж, их буунуудыг нь засаж өгдөг байлаа, Замд явж байх үед хаанаас ч, хэзээ ч алан хядагчид гарч ирэх эрсдэлтэй цагийн байдлын үед өөрсдөө биеэ даан хамгаалалтаа хариуцаад, таван машинтай цуваагаар явдаг байлаа. Бидэнд эвслийн цэргийн хамгаалалт гэж байхгүй. Өөрөө өөрийсдийнхөө аюулгүй байдлыг хариуцна. Миний үүрэг багийн даргын хувьд цэргийн үүргээ сайн гүйцэтгээд, 13 залуугаа эсэн мэнд эргүүлэн эх орондоо авчрах байлаа.
-Яагаад таван машинаар явсан юм бэ?
-Нэг машинд хоёр, эсвэл гурвуулаа явна. Үүнээс олуулаа, эсвэл ганцаараа явж болохгүй. Нэг машин эрсдэлд орлоо гэвэл бага хохирол амсана. Нэг машинд дөрөв, таван хүнтэй яваад асуудалд орвол хохирол ихтэй. Таван машин цуваагар давхих үед нэг нь халдлагад өртвөл бид машиныг хамгаалж зогсохгүй, шууд хаяад давхина. Өөрөө өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Хэрвээ цуваа зогсвол бүх машин эрсдэлд орох аюултай. Мөн нарийхан минагүй замаар явна, жаахан хазайхад л дэлбэрэх ийм нөхцөлд бид ажиллаж байлаа
-Одоо үед цэргүүд намар ургац хураалтад явж, эсвэл нүүрсэн дээр ажиллаж байна. Мөн ангийн захирагчийнхаа зуслангийн байшинг янзлах хүртэл ажил хийж байгаад халагддаг гэнэ. Та юу хэлэх вэ?
-Тийм зүйл байхгүй ээ. Цэргийн анги дотроо олон төрөлтэй. Химийн анги гэхэд тухайн газарт ямар хордолт үүссэн болон тархсан хэмжээ, яаж арилгах арга замыг олох үүргийг гүйцэтгэдэг. Мэдээж цэрэг хүн учраас буудаж сурна. Гэхдээ мэргэн бууддаг байх шаардлагагүй. Их буучдын хувьд том буунуудыг эзэмшээд, байлдааны зориулалтаар сумлаад, чиглүүлээд буудаж сураад ирвэл гол үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг. Ерөнхий цэргийн анги жинхэнэ мэргэн бууддаг, өөрийгөө хамгаалах чадварыг эзэмшдэг. Зарим хүмүүс хольж хутгаад байж магадгүй. Химийн цэргийн ангид яваад ирсэн цэргийг мэргэн буудаж сураагүй байна гэж болно. Цэргийн мэргэжлийн программаа бүрэн судалсны дараа нийтийг хамарсан ургац хураалт, нүүрсний ажил, төмөр зам тавихад засгийн газрын тогтоолоор ажиллуулдаг. Мөн дахин хэлэхэд дурын ангийн захирагч өөрийн хувийн газар, хоршоогоо цэргүүдээр янзлуулдаг гэх зүйл байхгүй. Тэгэх ч боломжгүй.
-Одоо улс хооронд дроны дайн бий болжээ. Магадгүй манай улсад зайлшгүй байдал тулгарвал дроны эсрэг бид буу ашиглах уу?
-Буугаар буудаж болно. Дроныг устгах маш олон техник, зэвсэг аль хэдийнэ гарчихсан. Их буу, танкаар ч дроныг устгах боломжтой. Харин одоо дроны эсрэг дроноор тэмцэх болсон
-Та ямар мөчийг цэрэг хүний жаргал гэж хэлэх вэ?
-Маш том хэмжээний хээрийн буудлагад амжилттай оролцоод, даргаасаа медаль гардаж авсан даруйдаа анги руугаа гүйх мөч цэрэг хүний нэг том жаргал. Ялангуяа 2003 онд Афганистан руу яваад 2004 онд 13 залуучуудтайгаа үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд” Буянт Ухаа”-д буухад биднийг хүлээж аваад , илтгэл өгөөд зогсож байх тэр үед жинхэнэ цэрэг хүний жаргалыг мэдэрсэн. Энэ бол цэрэг хүний бахархал. Гэхдээ цэрэг байх хэцүү. Хамгийн наад зах нь гэхэд бид энгийн хүмүүс шиг хүссэн цагтаа тайван хоол идээд суух боломж хомс.
-Та цэргийн алба хаах насанд хүрсэн залуучууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-Монгол хүн болж төрсөн, эх орондоо хайртай, эх орныхоо ирээдүйд сэтгэл санаа зовдог эр хүн бүр цэргийн албыг сайн дураараа хаах ёстой. Хүчээр биш. Энэ бол монгол эр хүн бүрийн улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг.
-Одоо ажиллаж байгаа төрийн бус байгууллагынхаа тухай ярихгүй юу?
-“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага маань сая 2024 онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн. Анх 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд анхны их хурлаа хийж, богинохон хугацаанд нийгэмд танигдсан, үндэсний хэмжээний нийгэмд үйлчилдэг, эгнээндээ 100.000 орчим гишүүн дэмжигчтэй байгууллага болон өргөжөөд үйл ажиллагаагаа явуулж байна .
Өнөөдөр манай холбоо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тэтгэвэр, чөлөөндөө гарсан ахмад дайчид, энэ байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг багтаасан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсэнд энэ хүмүүсийн төлөө ажиллаж байгаа төрийн бус байгууллага юм. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа санаачлан байгуулсан. Манай эрхэм зорилго бол ерөөсөө л эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.